Бизнес эрхлэгчид бараагаа хураалгажээ

Хуучирсан мэдээ: 2017.09.29-нд нийтлэгдсэн

Бизнес эрхлэгчид бараагаа хураалгажээ

Шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш халаа сэлгээг ёстой л ангаж цангасан шинжтэй хийсээр байгаа.

“Монгол-Хятадын” экспод оролцохоор БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотыг зорьсон бизнес эрхлэгчид мах, сүүгээ хил дээр хураалгажээ. Есдүгээр сарын 26-нд нээгдсэн экспо маргааш өдрөөр өндөрлөх ёстой ч Хятадын талаас шинжилгээний хариу гартал бүтээгдэхүүнийг худалдах боломжгүй гэжээ.

Энэ талаар тус экспод оролцохоор Хөх хотод очсон худалдаа эрхлэгчдийн нэг н.Болормаатай холбогдож мэдээлэл авлаа.


-Монгол, Хятадын экспод оролцохоор очсон аж ахуй нэгжүүд мах, сүүгээ хураалгасан гэж дууллаа. Юу болсон талаар мэдээлэл өгөөч?

Экспод махны 17 компани, сүүн бүтээгдэхүүний 10 гаруй компани нийлээд 30 орчим аж ахуй нэгжүүд оролцохоор Хөх хотод ирсэн. Тэгсэн өчигдөр /2017.09.28/ Эрээн хотын хил дээр мах махан бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүнийг хураан авч, Хятадын талаас шинжилгээ хийнэ гэсэн. Уг шинжилгээний хариу 10 хоногийн дараа гарна. Гэтэл Монгол, Хятадын экспо маргааш дуусах гэж байдаг.

-Бүтээгдэхүүнийг хураах болсон шалтгаан нь юу юм бол?

-Энэ асуудлаар салбар яаманд хандахаар Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим мэднэ гэх юм. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд хэлэхээр яам мэднэ гээд байх юм. Үзэсгэлэнгийн өдрүүдэд 30 орчим компанийн ажилчид яахаа мэдэхгүй сууж байхад ямар ч мэдээлэл өгөхгүй байна.  Өмнөх жилүүдэд бид энэ экспод оролцоход зохион байгуулалт сайн байдаг байсан. Энэ удаа маш замбараагүй бүртгэл явуулж, мах, сүүний компаниудаас гадна хувь хүмүүсийг бүртгэсэн гэсэн.

Эрээний хил дээр хураалгасан сүүн бүтээгдэхүүнээс самар, мах зэрэг эрүүл ахуйн шаардлага хангаагүй зөрчил илэрсэн гэсэн. Одоогоор махны худалдаа эрхлэгчдэд 78 мянган ам.долларын хохирол учраад байна. Хятадын талаас монголын худалдаа эрхлэгчид бүртгүүлэх ёстой материалаа дутуу бүрдүүлсэн гэж үзэж байгаа юм билээ.

-Одоо тус экспо дуусахад нэг хоног үлдлээ. Та бүхэнд ямар нэгэн тайлбар, мэдээлэл өгсөн үү?

-Өнөөдөр салбар яамныхан болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимийн албаны хүмүүс “Хятадын талаас үзэсгэлэнг зохион байгуулж буй ажлын хэсэгтэй уулзаж байгаа. Тэгээд бидэнд хариу хэлнэ” гэсэн. Монголын зарим худалдаа эрхлэгчид буцах зардал ч үгүй хэцүү байгаагаа хэлж байна лээ.

Энэ асуудлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлэл авахаар  холбогдоход албаны хүн “Энэ асуудлаар Хятадын талтай салбар яамнаас ярилцаад, бичиг цаасны ажил дээр л гацаад байна. Монголын худалдаа эрхлэгчдийн махыг Хөх хотод чингэлгээс буулгаж байна. Хоёр орны хамтарсан үзэсгэлэнг гурван өдрөөр сунгаж, ирэх сарын 2-нд дуусахаар болсон” гэлээ.

Гэхдээ бизнес эрхлэгчдийн зүгээс өгч байгаа мэдээллээр ирэх аравдугаар сарын 1-ээс Хятадад ургацын баяр эхэлнэ. Энэ үеэс экспог зорьж ирэх хүн буурна гэж тайлбарласан юм.

А.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж