Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас улсын хэмжээнд өнгөрсөн онд 320 хүн нас барж, 933 хүн гэмтсэн байна. Мөн ослын улмаас хохирсон хүмүүсийн 44,6 хувь нь хамгаалах бүс хэрэглээгүй байсан бөгөөд 50.5 хувь нь урд, 39.2 хувь нь ард, 10.3 хувь нь дунд суудалд сууж явсан байжээ. Хохирсон хүмүүсийг насны байдлаар авч үзвэл 18-35 насныхан хамгийн өндөр буюу 40.7 хувийг эзэлж байгаа бол 0-17 насны хүүхэд 12.9 хувь, 55-с дээш насны хүн 10. 6 хувийг тус тус эзэлсэн байна. Харин хүйсийн хувьд 755 буюу 60.3 хувь нь эрэгтэй, 498 буюу 39.7 хувь нь эмэгтэй хүн байжээ. Зам тээврийн ослын улмаас нас барсан хүмүүсийн дийлэнх хувь нь 24 цагийн дотор юм уу газар дээрээ нас барж, дөнгөж 16.5 хувь нь эмнэлгийн анхан шатны тусламж авч чаджээ. Зам тээврийн ослын улмаас амь нас нь хохирсон, гэмтэж бэртсэн тоон үзүүлэлтээс дүгнэхэд нийслэлд замын хөдөлгөөнд оролцогч явган зорчигчдын замын хөдөлгөөний мэдлэг дутмаг, мэдсэн ч дүрмээ баримталдаггүй, хэнэггүй байдлаас үүдэлтэй ослууд зонхилж байхад ,орон нутагт жолоочийн буруугаас осол аваар гарч байна үзжээ.
С.Отгон