Дэлхийн толгой баян эр Билл Гейтс АНУ-ын баячуудын жагсаалтыг 23 жил дараалан тэргүүлсэн нэгэн. Түүний хөрөнгийг 81 тэрбум ам.доллар гэж Forbes дүгнэсэн. Ноён Гейтсийн найз, бизнесмэн Уоррен Баффет 65.5 тэрбумын хөрөнгөөр энэ жил жагсаалтын гуравт эрэмбэлэгджээ.
Харин хоёрт Amazon.com онлайн дэлгүүрийг үндэслэгч Жефф Безос , Facebook-ийн босс Марк Цукерберг дөрөвдүгээрт тус, тус бичигдсэн байна. Тэдний араас Oracle-ын Ларри Эллисон тавдугаарт, зургаад Нью-Йорк хотын захирагч асан Майкл Блумберг жагсчээ.
Америк тэрбумтнуудын жагсаалтын эхний зургаад эрэмбэлэгдсэн эдгээр эрхмийн хөрөнгө нийлээд 363.3 тэрбум ам.доллар. Хөрөнгийн чамгүй хувийг үл хөдлөх хөрөнгө эзэлдэг гэнэ.
Билл Гейтс л гэхэд Вашингтонд 170 сая ам.долларын үнэ бүхий тансаг харштай. Бас АНУ даяар хэд хэдэн морины жүчээ бүхий эдлэн газар, зочид буудлын сүлжээ ч түүнд бий.
Харин алийг нь тэр гэрээ гэж нэрлэдэг вэ?
Билл Гейтс
Хөрөнгө: 81 тэрбум ам.доллар
Гэр: Медина, Вашингтон
Өдгөө 60 настай Гейтс ихэнх цагаа Вашингтон мужийн Медина дахь 6100 кв.метр талбай бүхий харшдаа өнгөрүүлдэг. Нуурын эрэг дэх байшингаа тэр Xanadu 2.0 гэж нэрлэдэг гэнэ.
Билл Гейтс 1988 онд хоёр сая ам.доллараар газрыг нь худалдан авч, долоон жил байшингаа барьжээ. 63.2 саяын өртгөөр боссон байшингаа технологийн шинэ содон шийдэл бүхий зүйлсээр иж бүрэн тоноглосон гэнэ. Өдгөө түүний тансаг харшийн зах зээлийн үнэлгээ 170 сая ам.долларт хүрчээ.
Жефф Безос
Хөрөнгө: 67 тэрбум ам.доллар
Гэр: Медина, Вашингтон
Цахим ертөнцийн хамгийн том худалдааны сүлжээг бий болгохын сацуу Жефф Безос өнгөрсөн хэдэн жилд үл хөдлөх хөрөнгө нэлээдийг цуглуулж амжжээ. Хамгийн их газар эзэмшдэг америкчуудын жагсаалтад тэр 26-д бичигддэг. Түүний эзэмшилд Техас дахь 165 мянган га талбай бүхий эдлэн, Вашингтон мужид нуурын эрэг дээрх байшин, Нью-Йоркийн Манхэттэн дүүрэгт гурван ч орон сууц, Беверли Хиллст 1100 кв.метр талбайтай сууц бий.
Amazon компанийн төв байртай ойрхон орших байшиндаа ноён Безос ихэвчлэн амьдардаг гэнэ. Вашингтон мужийн Медина дахь түүний эдлэн 5.35 га талбайтай, байшингийнх нь ашигтай талбай 2700 кв.метр гэнэ.
Уоррен Баффет
Хөрөнгө: 65.5 тэрбум ам.доллар
Гэр: Омаха, Небраска
Дэлхийн хамгийн зартай хөрөнгө оруулагчдын нэг Уоррен Баффет үл хөдлөх хөрөнгийн салбараас үлэмж хөлжсөн ч өөрөө тарчигхан гэмээр амьдардаг гэнэ.
Тэрбээр 1958 онд Небраска мужийн Омахад захдуухан нэгэн байшинг 31.5 мянган ам.доллараар худалдан авчээ. Түүнээс хойш хот хүрээ бараадаж, тэнгэр баганадсан байшин руу нүүсэнгүй, өнөөх байшиндаа амьдарсаар байгаа гэнэ. 1921 онд баригдсан уг байшинг гэхдээ хэд хэдэн удаа шинэчлэн засаж, томруулсан гэнэ.
Марк Цукерберг
Хөрөнгө: 55.5 тэрбум ам.доллар
Гэр: Пало Альто, Калифорни
Дэлхийн хамгийн залуу бөгөөд хамгийн баян энтерпрьенер хөрөнгийнхөө дийлэнхийг боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн үйлст зарцуулдаг. Тэрбээр Пало Альтод, бас Сан Францискогийн Долорес паркийн орчимд 9.9 сая ам.долларын үнэтэй сууцтай.
Өдгөө 32 настай залуу тэрбумтан Пало Альто дахь 464 кв.метр талбай бүхий байшингаа 2011 онд долоон сая ам.доллараар худалдан авчээ. Хожим тэрбээр аюулгүй байдлаа хангах үүднээс гэрийнхээ эргэн тойрон дахь дөрвөн байшинг нийт 43.8 сая ам.доллараар худалдан авсан байна.
Ларри Эллисон
Хөрөнгө: 49.3 тэрбум ам.доллар
Гэр: Вудсайд, Калифорни
Oracle-ын гүйцэтгэх захирал Ларри Эллисон үл хөдлөх хөрөнгийн тал дээр арвин намтартай нэгэн. Өдгөө 72 настай түүний эзэмшилд Малибу арлын нэгээхэн хэсэг, Роуд Айланд дахь 70 саяын үнэтэй тансаг харш, Японы Киотод, Хавайн Ланай аралд гээд эдлэн газар олон бий.
Тэрбээр өөрөө Калифорнийн Вудсайд дахь тансаг харшдаа амьдардаг. 16 дугаар зууны үеийн япон маягийн засал чимэглэлтэй, хүний гараар бүтээсэн 2.3 га талбай бүхий нууртай байшингийн зах зээлийн үнэлгээ нь 110 сая ам.доллар ажээ.
Майкл Блумберг
Хөрөнгө: 45 тэрбум ам.доллар
Гэр: Манхэттэн, Нью-Йорк
Нью-Йорк хотын захирагч асан Майкл Блумберг дэлхий даяар хэд хэдэн байшин, газартай. Гэхдээ ихэнхдээ Манхэттэн дүүрэг дэх сууцандаа байдаг гэнэ. Нью-Йорк, Лондон, Бермуд, Колорадо, Флорида гээд энд тэндгүй түүний эдлэн, байшин бий.
С.ЦЭЛМЭГ