ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин өчигдөр (2017.09.28) БНТУ-д айлчлахдаа тус улсын ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай уулзаж, хоёр орны худалдааны асуудлаар яриа хэлэлцээ хийснээс гадна Сири, Иракийн нөхцөл байдлын талаар санал солилцсон байна.
ОХУ, БНТУ-ын харилцаа эгзэгтэй байгаа үед харилцан ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлэхийг зорьж буй хоёр орны ерөнхийлөгчид уулзаж байгаа нь энэ юм. 2015 онд Сири-Туркийн хил дээр Турк ОХУ-ын цэргийн онгоцыг буудаж унагаснаас болж хоёр орны харилцаанд сэв суусан.
Анкарад болсон уулзалтын үеэр хоёр орны лидерүүд Сири дэх мөргөлдөөнийг зогсооход хамтарч ажиллахаар тохирчээ.
Кремль Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассадыг дэмждэг бол Анкара Сирид зургаан жилийн өмнө иргэний дайныг эхлүүлсэн босогчдыг эхнээс нь дэмжиж ирсэн юм.
Харин одоо ОХУ, БНТУ Ирантай хамтран Сирид гал зогсоох асуудлаар хамтарч ажиллаж, яриа хэлэлцээг эхлүүлсэн билээ.
Р.Эрдоган В.Путинтай уулзах үеэрээ Сирийн Турктай залгаа хойд мужид гал зогсооход анхаарлаа хандуулна гэхэд В.Путин түүнийг бидний нөхөр ерөнхийлөгч Р.Эрдоган гал зогсоох хэлэлцээг урагшлуулахад дэмжлэг үзүүлж байгаа хэмээн магтаж, энэ хэлэлцээ Сирийн засгийн газар болон босогчдын хоорондох сөргөлдөөнийг зогсоож, дүрвэгсдийг нутаг буцаахад чухал үүрэгтэйг онцолсон байна.
Сирид гал зогсоох хэлэлцээ байгуулсан нь 2015 онд онгоц унагасан хэргээс болж сэвтсэн хоёр орны харилцааг зөөлрүүлж, хоёр талын худалдааны хамтын ажиллагааг сэргээж, Туркийг зорих ОХУ-ын жуулчдын тоог нэмсэн билээ.
В.Путин, Р.Эрдоган хоёрын хэлэлцсэн бас нэг асуудал нь Курдын салан тусгаарлах тухай асуудал байв. Р.Эрдоган “Курдын тусгаар тогтнолын төлөөх бүх нийтийн санал хураалтыг бүс нутгийн тогтвортой байдлыг эвдсэн том алдаа” гэж ярьжээ.
Курдын салан тусгаарлахыг гуч гаруй жилийн турш эсэргүүцэж буй Турк бүх нийтийн санал хураалтын дүнг хүлээн зөвшөөрөхгүй гээд Курдын хагас автономийн эсрэг эдийн засгийн хориг тавихаар зэхэж байгаа юм.
ОХУ-ын Курдын тусгаар тогтнолын асуудлаар төвийг сахисан байр суурьтай байгаа ч Иракийн тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлыг хадгалж, бүс нутагт тогтворгүй байдал үүсэхээс сэргийлэхэд Иракт дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм.