Алт тушаалт 1.5 тонноор өсөв

Хуучирсан мэдээ: 2017.09.29-нд нийтлэгдсэн

Алт тушаалт 1.5 тонноор өсөв

Алт тушаалт 1.5 тонноор өсөв

Алтны үнэ өнгөрсөн найм, есдүгээр сард  өсөлттэй байсан ч, өнгөрсөн долоо хоногоос эхлэн буурах болсныг Монголбанкнаас мэдээллээ. 


Орон нутагт ченжүүд нэг грамм алтыг иргэдээс 80 мянган төгрөгөөр худалдан авдаг бол Монголбанк нэг грамм алтыг 101 мянган төгрөгөөр үнэлж байна. Мөн иргэд, аж ахуйн нэгжээс алт худалдан авахдаа Монголбанк үнийг нь Лондонгийн металлын биржээс зарласан ханшаар тооцон авч буй юм. Нэг жилийн өмнө алтыг худалдан авахдаа тээвэрлэлт, цэвэршүүлэлтэй холбоотой зардлыг хасч үнийг нь тооцдог байжээ. Ингээд 2016 оны арваннэгдүгээр сараас эхлээд Лондонгийн Металлын биржийн зарласан үнээр шууд худалдан авдаг болсонтой холбогдуулан алтны нийлүүлэлт өсчээ.

Монголбанкны алтны худалдан авалт есдүгээр сарын  25-ны өдрийн байдлаар 14.5 тоннд хүрсэн байна. Энэ нь нэг жилийн өмнөхтэй харьцуулахад 1.5 тонноор өссөн үзүүлэлт аж.

Иргэд, компаниуд алт илүү ихээр тушаадаг болжээ. Төв банкинд алт тушаадаг  нийт 100 гаруй аж ахуйн нэгж, 230 гаруй иргэн бийг Монголбанкны Эрдэнэсийн сангийн захирал П.Эрдэнэтуяа ярив.

Тэрбээр “Говийн бүсэд ажиллахдаа Өмнөговь аймагт бичил уурхай эрхэлдэг иргэдтэй уулзахад нэг грамм алтны үнийг 80 мянган төгрөгөөр ченжүүдэд өгдөг гэдгээ хэлсэн. Хувиараа алт худалдан авдаг иргэдтэй харьцуулахад Монголбанк грамм тутмыг өндөр үнээр үнэлж байна.  Мөн гадаад валютын нөөцийг Монголбанк худалдан авсан алтаараа нэмэгдүүлдэг. Энэ нь иргэд алтаа манайд тушаавал төгрөгийн худалдан авалтын чадвар нэмэгдэж, иргэдийн цалинд авч буй мөнгөний үнэ цэнэ нэмэгдэнэ гэсэн үг юм” гэв.

Дэлхийн алтны зах зээлийн эрэлт

Дэлхийн алтны эрэлтийг үнэт эдлэл, технологи-аж үйлдвэр, хөрөнгө оруулалт, төв банкны гэсэн дөрвөн үндсэн хэсэгт ангилж болно. Эдгээрээс дийлэнх хэсгийг үнэт эдлэл болон хөрөнгө оруулалтын зориулалттай алтны эрэлт эзлэх болсныг Монголбанкны Судалгаа, статистикийн газар судалгаандаа дурджээ.

Сүүлийн долоон жилийн дэлхийн алтны эрэлтийг авч үзэхэд 2011 онд өмнөх оноос 12.4 хувиар огцом өсч 4.739.2 тоннд хүрснээс хойш 2015 он хүртэл тасралтгүй буурсан байна. Харин өнгөрсөн 2016 онд 1.62 хувиар өсч 4.315.0 тонн болжээ.

Алт нийлүүлэгч улс орнууд

Шинээр олборлогдож буй дэлхийн нийт алтны 23 хувь нь Ази тивд, 19 хувь нь Төв болон Өмнөд Америкт тивд, 16 хувь нь Хойд Америкт, 14 хувь нь Африк тивд үйлдвэрлэгдэж байна.

Алт нийлүүлэгч олон улс байдаг ч нийт нийлүүлэлтийн тал хувийг зургаан улс бүрдүүлдэг. Дэлхийн томоохон алт нийлүүлэгч гэдэгт БНХАУ, Австрали, ОХУ, АНУ болон Канад зэрэг улсуудыг нэрлэдэг аж.

Алтны үнийн түүхэн тренд

Алтны стандартын уналтаас хойш алтны үнэ хэрхэн өөрчлөгдсөн, түүнд ямар үйл явдлууд нөлөөлсөн талаарх мэдээлэл нь алтны үнийн хэлбэлзлийг тайлбарлахад чухал юм.

Алтны үнэд нөлөөлж байсан зарим гол үйл явдлыг илүү дэлгэрэнгүй байдлаар тайлбарлавал:

Монголын Улсын алтны экспорт

Алт нь Монгол Улсын экспортын орлогыг бүрдүүлэгч чухал үнэт металл юм. Энэхүү үнэт металлын экспортын орлого 2016 онд 600 сая ам.доллар давсан нь 2008 оноос хойш анх удаа бөгөөд сүүлийн есөн жилийн хугацаанд хамгийн өндөр буюу 758 сая ам.долларт хүрээд буй.

Гэрэл зургийг Э.ЭНХБАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж