У.Хүрэлсүх: Авлига өгсөн, сэтгэлгүй нөхдийн толгойг илэхгүй

Хуучирсан мэдээ: 2017.09.29-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх: Авлига өгсөн, сэтгэлгүй нөхдийн толгойг илэхгүй

Хорвоод мэндлээд удаагүй бяцхан үрээ асарч тордох нь эцэг эхчүүдийн хувьд амаргүй ажил байдаг билээ.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад томилох асуудлыг хэлэлцэж байна. Ерөнхий сайдад нэр дэвшигчээс гишүүд асуулт асууж, хариулт авав.


УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Яамдын тоо, сайд нарын тоо хэд байх вэ. Хоёрдугаарт, “давхар дээл”-гүй байж болох уу? Гуравдугаарт, дэд сайдаа болимоор байна. Дөрөвдүгээрт, Багш, эмч нар ажил хаяад цалингаа нэмэгдүүлж болдог юм байна. Гэвч тэтгэврийг хэзээ нэмэх вэ. Тавдугаарт, уул уурхайн том төслийг хэрхэн хэрэгжүүлэх вэ. Зургадугаарт, 60 тэрбумын асуудлаа хэрхэн шийдэх вэ?

Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх:

-Өвөл хаяанд ирсэн байна. Яамдуудыг нэмж хассанаар амжилт олохоор цаг хугацаа өнгөрсөн. Засгийн газрын бүтэц цаашид хэвийн ажиллах ёстой. Өвлийн хүйтэнд сандал ширээ зөөхгүй, тамга тэмдэг солигдохгүй. Хоёрдугаарт, давхар дээлний асуудлыг бүлгийн хурал дээр ярилцана. Засгийн газрын өр 24 их наяд төгрөгт хүрсэн. Ирэх жил 661 сая ам.долларын өр төлөх ёстой. Үүнийг шийдэхээр Сангийн яам ажиллаж байна. Хамгийн сайн хариулт бол үнэнээ хэлэх, үнэнчээр ажиллах явдал юм. Хуулийн дээгүүр давж ажиллахгүй гэдгээ хэлмээр байна. Тиймээс бонд босгож өрөө төлөх асуудал яригдаж байна. Тэтгэврийг нэмэх төсвийн төсөл орж ирж байна. Энэ төслийг цааш нь явуулна. Уул уурхайд түшиглэхээс илүү хөдөө аж ахуйн салбарт түшиглэж ажиллана гэж бодож байна. 60 тэрбумын асуудал хуулийн байгууллагаар шалгагдсан тул би хариулт хэлэх зохимжгүй. Би цаашид авлигатай тэмцэж ажиллана.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат:

-Давхар дээлний асуудлыг бид олон удаа ярьсан. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын долоон сайд давхар дээлтэй байсан. Тиймээс та энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ. Энэ засгийн газар хүүхдийн мөнгө тараасны төлөө огцорсон. Бид аавын хүү, ээжийн охиныг алагчлахгүй гэж шийдвэр гаргасан. Хүүхдийн мөнгийг цаашид өгөх үү. Гуравдугаарт, багш эмч нар ажил хаяж байна. Миний харж буйгаар багш эмч нарын цалинг 50 хувь нэмж чадах уу. Засгийн газрын бүтцийг өөрчлөхгүй гэж байна. Тэгвэл төрийн албыг бужигнуулах уу?

Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх:

-Төрийн албыг бужигнуулахгүй. Гэхдээ авлига өгч орсон, сэтгэлгүй нөхдийн толгойг илээд суухгүй. Надад сэтгэлтэй, зүтгэлтэй ажилтан хэрэгтэй. Би Төрийн ордонд өөрийнхөө зургийг зүгээр нэг өлгүүлэхийг хүсэхгүй. Надаас хууль бус юм хийлгэх гэж битгий шахаж шаардаарай. Багш эмч нарын цалингийн хувьд Ж.Мөнхбат сайд та сайн мэдэж байгаа. Улс оронд боломж нөхцөл байдаг бол нэмэх юмсан. Гэвч тийм боломж алга.

Хүүхдийн мөнгийг 2018 он дуустал олгоно. Түүнээс цааш боломжгүй байна. Хэрэв боломж нөхцөл нь байгааг олж харсан бол надад хэлээрэй. Давхар дээлний тухайд бол надад ажил хийх хүн л хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-Хэдхэн долоо хоногийн өмнө өөрийгөө тагнасан, чагнасан хэргээр баригдах гэж байсан хүн өнөөдөр Ерөнхий сайдад нэр дэвшиж байна. Хэн нэгний буруутай эсэхийг хуулийн байгууллага тогтоогоогүй байхад буруутай хэмээн ярьж хэлж болохгүй. У.Хүрэлсүх та ажлаа аваад хууль хяналтын байгууллагаа цэгцлээрэй. Өмнөх Засгийн газар эргэж, хургасан олон шийдвэрээс болж ард түмний итгэлийг алдсан. Төр нэг шийдвэр гаргаад эргэж буцдаг. Төрийн хүн, төрийн шийдвэр тогтвортой байх ёстой. Засгийн газрыг огцруулсан үндэслэл бол хулгайч хэдэн сайд нараас болсон. Хүүхдийн мөнгөгүй байхад концессын гэрээ хийсэн. Дараагийн Засгийн газар авлига хулгай, луйвартай тэмцэх хэрэгтэй.

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Гишүүд асуулт асууж дууссан тул саналаа хэлж байна.

Үүний дараа Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг томилох эсэх асуудлаар санал хураах юм.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж