Алдарт Playboy сэтгүүлийг үндэслэгч Хью Хефнер өнгөрсөн лхагва гаригт /2017.09.27/ Плейбой харшдаа гэр бүл, найз нөхдийнхөө хүрээлэл дунд амар тайвнаар амьсгал хураасан юм. Тэрээр 91 насыг зоогложээ.
Амьдралынхаа сүүлийн 70 жилийг диваажинд өнгөрүүлсэн гэгддэг түүний амьдралын хэв маяг олон эрчүүдийн атаархлыг төрүүлдэг гэлцдэг. Өөрөөсөө үе мултарсан залуухан, халуухан, шаргал үст бүсгүйчүүдээр хүрээлүүлж, үргэлжид гоё сайхан бүсгүйчүүдтэй жиг ургуулж явсан түүнийг “хүүхний тэнгэртэй эр” ч гэдэг.
Хефнер 1949 оноос хойших хугацаанд гурван удаа гэрлэсэн, харин Playboy-ын ягаахан бөжингүүдтэй учир ургуулж явсан нь тоогоо алдсан. 91 жилийн амьдралдаа тэр 1000 гаруй хүүхэнтэй энгэр зөрүүлсэн тухайгаа өөрөө хэлсэн байдаг. Гэхдээ тэднээс цөөн хэд нь л Хью Хефнерийн найз бүсгүй, түүнээс ч цөөн, ердөө гурав нь л түүний эхнэр гэх статустай байсан юм.
Тэд чухам хэн байв?
Хью Хефнер анхны эхнэр Майлдред Уильямстай 1949 онд гэрлэжээ. Тэд Нортуэстерн их сургуульд танилцсан байна.
Майлдред Уильямс хуримынхаа өмнө түүнийг хуурч байсан гэнэ. Тэр үед Хью Хефнер армид алба хааж байжээ.
“Би бол эхнэртээ үнэнч явсан. Гэтэл нэг удаа тэр намайг хуурсан тухайгаа хэлсэн. Амьдралыг минь сүйрүүлсэн мөч тэр байсан юм” гэж Хефнер 2007 онд Daily Mail-д өгсөн ярилцлагадаа хэлж байв.
Тэд хамтдаа 10 жил амьдраад 1959 онд салжээ. Дундаасаа хоёр хүүхэдтэй, охин Кристи, хүү Дэвид. Кристи Хефнер Playboy Enterprises-ын захирлаар 20 жил ажиллаад, 2008 онд ажлаа хүлээлгэн өгчээ.
Хефнер 1969-1976 онд Барбара Линн Клайнтай болзож байв. Албан ёсоор гэрлээгүй, гэхдээ түүний найз бүсгүйн үүргийг олон жил гүйцэтгэсэн. Хефнерийн төлөө тэр нэрээ Барби Бентон болгож өөрчилж байв.
Бентон 1969, 1970, 1972, 1985 онд Playboy сэтгүүлийн нүүрэнд зургаа авхуулжээ. Хефнерээс харилцаагаа тасалсныхаа дараа 1979 онд үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгч Жорж Градоутай хуримласан байна.
Хефнерийн ээлжит амраг Шаннон Твид. 1982 онд Playboy сэтгүүлийн “Playmate of the Year”-ээр тодорсны дараахан түүнтэй учир ургуулжээ.
Телевизийн олон ангит “Falcon Crest” киногоор нэрд гарсан Шаннон “Kiss” хамтлагийн дуучин Жинн Симмонстой нэр холбогдож, удалгүй Хефнерээс салжээ. Шаннон, Жинн нар 2011 онд гэрлэж, өдгөө хоёр хүүхэдтэй гэнэ.
Кэрри Лей. 1980-аад онд Хефнэртэй таван жил хамт амьдарчээ. Гэхдээ албан ёсоор гэрлээгүй.
Лей Хефнэрээс салсныхаа дараа түүний эсрэг зарга үүсгэж байв. Шалтгаан нь хувийн гэрэл зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн тухай байжээ.
Кэрри Лей 1999 онд Washington Post-д өгсөн ярилцлагадаа Плейбой харшийг шүтээнтэй зүйрлэж ярьсан нь бий. “Гадаад ертөнцөөс огт өөр тийм орчинд амьдарч буй хүн өөрийнхөө хэн гэдгийг умартаж, хийж буй зүйлээ зөв гэдэгт итгэж эхэлдэг” гэж Лей ярьжээ.
“Яг л Hotel California дуу шиг. Таазан дээрх толь, ягаан өнгийн оргилуун дарс. Бид тэндээс салж хагацаж чадахгүй хоригдлууд л гэсэн үг. Хэзээ ч гараад явж болох хэдий ч явахыг хүсдэггүй, тийм л газар. Харшаас явснаас хойш хэдэн жилд ч толгойноос минь гаралгүй, намайг эзэмдсээр байсан”…
Кимберли Конрад 1989 онд 26 настайдаа Хефнерийн хоёр дахь эхнэр болсон юм.
Хосууд хамтдаа хоёр хүүхэдтэй, Марстон, Купер нар. Тэд 1998 онд салсан ч Хефнер хэзээ хойно 2009 онд гэр бүлээ цуцлуулахаар шүүхэд хандсан байдаг.
“Би түүнээс салахдаа баяртай байсан. Гэхдээ хөвгүүдийнхээ төлөө гэрлэлтээ цуцлуулахгүй байхыг хүссэн учраас би хүлээсэн” гэж Хефнер 2009 онд People сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Хефнер 1998 онд Конрадаас салсны дараа олон сайхан бүсгүйчүүдтэй учир ургуулж явсан юм. Тэдний нэг нь жүжигчин Брэнди Родерик.
Хефнер Брэндитэй нэр холбогдсон эхний хоёр жилд өөр хүүхнүүдтэй ч бас амраглаж явснаа нуудаггүй.
Хефнер Брэнди Родерикаас гадна ихрүүд болох Сэнди, Мэнди Бентли, мөн Жессика Пейсли нартай. 2002 оны дөрөвдүгээр сар.
“Тааруухан зөгнөлт зохиол шиг сонсогдож магадгүй. Гэхдээ үнэн юм шүү. Би нэгэн зэрэг Брэнди, Мэнди, Сэндитэй хамт амьдардаг байлаа” гэж Хефнер ярьсан нь бий.
2000-аад оны эхэн үед Хефнерийн нэр холбогдсон долоон бүсгүйн нэг нь Тина Мэри Жордан юм.
Хефнер, Брэнди нар салсны дараа тэр Плейбой харшид илүү олон тачаангуй бүсгүйчүүдийг авчирчээ. Тэдний нэг нь Изабелла Ст. Жеймс юм.
“Брэндитэй харилцаагаа эцэслэсний дараа би олон охидыг нэмж авчирсан. Нэгэн зэрэг долоон охинтой хамт байдаг байлаа. Изабелла тэдний нэг нь юм” гэж Хефнер 2011 онд ярьж байв.
Изабелла 2002 онд Плейбой харшид нүүж очсон бөгөөд хоёр жил тэнд зугаацжээ.
Холли Мэдисон, Брижит Маркуарт, Кендра Уилкинсон гээд жагсаалт хөвөрнө.
Хефнерийн ээлжит ихрүүд. 20 настай Карисса, Кристина нар Хефнерийн нэлээд хожуу үеийн амрагууд юм.
Тэд Хефнерээс илүү залуу эрчүүдийг хүсэмжлэх болсон тул зугаа цэнгэлийн өргөөг орхин явсан гэдэг.
Тэр үед Хефнер давхар Кристал Харрис гэх энэ бүсгүйтэй холбоотой байжээ. Хожим Кристал түүний гурав дахь эхнэр болсон юм.
Тэд 2010 оны арванхоёрдугаар сард сүй тавьжээ. Тэр үед Харрис 24-тэй, харин Хефнер хэдийн 84 насыг зооглосон байв. Хосууд 2011 оны хуримаа хийхээр төлөвлөсөн байсан ч Харрис товлосон өдрөөс өмнө сүйгээ цуцалж байжээ. Гэхдээ эцэст нь тэд 2012 оны арванхоёрдугаар сард гэрлэсэн юм.
Хефнер нас барсны дараа Харрис Инстаграм хаягаа устгаж, Твиттер дэх бүртгэлээ ч мөн идэвхгүй болгожээ. Хуримын өмнө байгуулсан гэрээ ёсоор Харрис Хефнерийн хэдэн саяар үнэлэгдэх хөрөнгөөс юу ч хүртэхгүй гэнэ.
С.ЦЭЛМЭГ