Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих хөтөлбөрт санал авах уулзалт боллоо

Хуучирсан мэдээ: 2017.09.29-нд нийтлэгдсэн

Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих хөтөлбөрт санал авах уулзалт боллоо

Өчигдөрхөн телевиз үзэж суухдаа өөрийнхөө чихэнд итгэхгүй мэдээлэл олж сонслоо.

Үндэсний статистикийн газраас гаргасан судалгаагаар манай улсын нийт хүн амын 34.6 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна. Хүн амын ихэнх хувийг эзэлдэг залуучууд сурч, боловсорч, улсаас эрүүл мэндийн үйлчилгээ авч, ажил хөдөлмөр эрлэхэд олон асуудал тулгарсаар байгаа юм.

Үүнтэй холбогдуулан өнгөрсөн тавдугаар сард УИХ-аар Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг баталж, төрөөс залуусыг хувь хүний хөгжил, боловсрол, соёл, урлаг, спорт, шинжлэх ухаан, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, аюулгүй амьдрах, хөгжих орчин зэрэг таван чиглэлээр дэмжихээр зохицуулсан.

Тэгвэл Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль батлагдсантай холбогдуулан ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн тушаалаар Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулах ажлын хэсэг томилогдон ажлаа эхлүүлжээ.

Энэ хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийг төрийн бус болон олон улсын байгууллагын төлөөллөөр хэлэлцүүлэх, санал авах үйл ажиллагаа болж өндөрлөлөө.

Энэхүү хэлэлцүүлэгт ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын Хүүхэд, залуучууд, ахмад настан, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Баярмаа, ГБХЗХГ-ын Залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж, Үндэсний хөтөлбөр боловсруулах зөвлөх, ШУТИС-ийн БАТС-ийн дэд профессор, доктор Д.Биндиряа, Үндэсний хөтөлбөр боловсруулах зөвлөх, Соёмбо академийн захирал, доктор, профессор У.Баттулга, төрийн бус болон олон улсын байгууллагын 30 төлөөлөл оролцов. Хэлэлцүүлгийн үеэр төрийн бус болон олон улсын байгууллагын төлөөлөлтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

У.Ганбаяр: Аливаа нийгмийн тусламж, хөтөлбөрийн үр шимийг хүртдэггүй иргэдийн оролцоог нэмэгдүүлж, дэмжих санал оруулсан

/Лантуун дохио төрийн бус байгууллагын менежер/

-2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжих Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль бол маш чухал хууль. Уг хуулийн төслийг боловсруулах үйл явцад нийгмийн байгууллагын төлөөлөл болон оролцож, саналаа өгч байлаа. Үүнийг дагаад өсвөр үе залуучуудыг дэмжих үндэсний хөтөлбөрийг боловсруулах ажил явагдаж байгаа нь залуучуудын хөгжлийн асуудалд төдийлөн анхаардаггүй Монгол Улсын хувьд маш том дэвшил. Гэхдээ бид энэ хөтөлбөрийн төслийг боловсруулах ажилд хэт яарч, сэтгэл хөдлөлөөр хандах хэрэггүй. Залуучуудын хөгжлийн асуудлыг ярихад нийслэлийн захын хороолол, алслагдсан дүүрэгт амьдардаг хүүхэд, залуучууд, залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамгийн их орхигддог. Өөрөөр хэлбэл, эдгээр иргэдэд чиглэсэн тодорхой хөтөлбөр үйл ажиллагаа явагддаггүй. Хөтөлбөр байсан ч тэр бүр хамрагдаж чаддаггүй. Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр нь залуусын олон талт төлөөлөлд нөлөөлж, тэднийг дэмжээсэй гэж хүсч байна. Өнөөдөр бие даан амьдрах чадвараа алдсан маш олон залуус бий. Тухайбал, дауны хам шинжтэй, хэл яриа болон сонголын бэрхшээлтэй гэх мэтчилэн олон залуус бий. Тэднийг бүх талаас нь дэмжих олон заалт оруулж ирээсэй гэж хүсч байна. Хэлэлцүүлгийн үеэр хөтөлбөрт тусгагдсан таван зорилтыг багт хуваан хэлэлцлээ. Манай багийн хувьд залуучуудад нийгмийн дэмжлэгийн үзүүлэх зорилтыг авч, өөрсдийн санаа бодлыг тусгасан. Манай улсын нийт иргэдийн дунд нэг буруу ойлголт байдаг. Тодруулбал, нийгмийн дэмжлэгийг нийгмийн халамж, тусламж гэж ойлгодог. Бидний авсан зорилтын хүрээнд таван ажлын заалт байсан. Гэтэл түүний гурав нь орон сууцыг хямдралтай олгох, залуучуудыг байранд хамруулахтай холбоотой. Үүнийг нэг болгох хэрэгтэй гэж үзэж, санал орууллаа. Нөгөөтэйгүүр төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй болгох санал оруулсан. Тухайлбал, дүүрэг болгонд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг хариуцсан мэргэжилтэн томилж, тэднийг ажлын байранд холбон зуучлах үйлчилгээг үзүүлдэг байя гэх мэтчилэн санал гаргасан.

Д.Хишигдэлгэр:Хөдөлмөрийн салбарт ХАБ-ын асуудал орхигдсон

/Монголын олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн хөтөлбөрийн агентлагийн Ерөнхийлөгч/

-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар өнгөрсөн жил Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулах үеэс эхлэн иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж, тэдний санаа бодлыг сонсож, санал солилцсон. Харин өнөөдөр Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулиа баталсан учраас хөтөлбөрөө хуулийнхаа дагуу л ярих ёстой болов уу гэж бодож байна. Өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцсон байгууллагууд таван бүлэг сэдвээр ярилцлаа. Манай бүлгийн хувьд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн заалтыг ярилцаж, саналаа хэлсэн. Нэгдүгээрт, залуучуудад зориулсан үндэсний хэмжээний мэдээллийн төв байгуулах саналыг гаргалаа. Энэ мэдээллийн төв нь заавал бодит байх албагүй. Үүдэн технологийг ашиглан 21 аймаг% есөн дүүрэгтэй байгуулж болно. Хоёрдугаарт, сүүлийн үед хөдөлмөр эрхлэлтийн салбар ХАБ-ын асуудал орхигдсон. Манай “Монголын олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн хөтөлбөрийн агентлаг”-аас энэ чиглэлээр 21 аймагт хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ талаархи саналыг өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрт оруулсандаа баяртай байна.

Г.Доржжанцан: Залуучуудыг дэмжих үндэсний хөтөлбөр нийгмийн орхигдсон хэсэгт тэгш үйлчлэх ёстой

/ЛБГТТ-ийн Эрүүл мэндийн хөтөлбөр хариуцсан менежер/

-Залуучуудад ээлтэй эрүүл мэндийн зорилтод тусгагдсан ажлууд тийм ч муу биш байна. Гэхдээ бид өөрсдийн санаа бодлоо илэрхийлж байгаа учраас нэмэх зүйлсийг нэмсэн. Хөтөлбөрт миний болон манай багийн зүгээс залуучуудын бүх төлөөллийг хамруулахыг хүссэн. Зөвхөн эрүүл мэндийн салбарт гэлтгүй бүх салбарт аливаа хөтөлбөрийн үр шимийг хүртдэггүй орхигддог залуусыг тэгш хамруулах тухай хэд хэдэн зөвлөмжийг хэллээ. Мөн сэтгэцтэй холбоотой нэг заалтыг оруулсан. Сүүлийн үед манай улсад амиа хорлох тохиолдол ихэссэн. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас хоёр жилийн өмнө амиа хорлолтын талаархи судалгааг Ази номхон далайн улс орнуудын дунд хийсэн юм билээ. Уг судалгаагаар нэгдүгээрт БНСУ, хоёрдугаарт, Монгол Улс орсон байсан. Энэ бол анхаарлаа хандуулах маш том асуудлыг нэг. Өнөөдөр бид фэйсбүүк, твиттерээр амиа хорлож буй бичлэг үзээд байх ёстой зүйл мэт хүлээж авдаг. Өөрөөр хэлбэл, нийгэм тийм л байх ёстой мэт ойлгон дасаж эхэлж байна. Гэтэл үүний цаана манай улсын залуучуудын дунд сэтгэл гутрал, ялгаварлан гадуурхалт их байна шүү гэдгийг харуулж байгаа юм. Үүнээс болж хүүхэд, залуучууд амиа хорлох нь ихэсч байна. Энэ асуудлыг өсвөр үе, залуучуудыг дэмжих хөтөлбөрийн эрүүл мэндтэй холбоотой хэсэгт хамгийн их анхаарч, оруулах ёстой гэж үзэж байна.

Эх сурвалж: Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж