“Эх хэлнийхээ элдэв сониноос хуучилъя” булангаа хүргэж байна.
Мэдэхгүй болохоороо өчнөөн төчнөөн үгээр тайлбарлан нэрлэдэг үгийг халж, байгаа үгээ байранд нь тавья.
Ялаа шумуул орохоос сэргийлсэн орны дээр татдаг дөрвөн талаараа битүү хөшгийг замаа, учраа олж ядан, яах ч аргагүй байхыг зангайх, байшинд тасалгаа гаргах модон хаалгыг зашаа, тэнгэрийн байдал гэнэт хувирахыг зад урих, хоёр хөмсөгний дундах зайг гүндгэр гэнэ.
“Ямар” гэдэг асуулт нэхэх, шинж байдлыг нэрлэх тодотгол нэр ч тоймгүй их байна. Дэндүү тэнэгийг гарш тэнэг, чин үнэн сэтгэлийг гач сэтгэл, мэдрэл муутайг гирвэ, эрдмээ нууж, үл гаргах хүнийг гогогтой, башир аргатай хүнийг голби, гэдэс нь цадавч сэтгэл нь цаддаггүй нөхрийг гомис, олонтой нийцгүйг дагир, ханаж цадахгүй ховдгийг дэвцэг, төвшинг егүүн, түргэн зантайг ёвир, аминчханг мантуун, сахалгүйг мярман, нүүрэндээ их сорвитойг мааз гэж хэлж болно.
Эрт цагт бүсгүй хүн гэрлэхээрээ гэзгээ өөрөөр самнадаг байсан. Тэр үед авгай хүний хагалсан үсний хагалааг зайтмал гэдэг байжээ. Өнөө цагт ийм ёсгүй болсон тул энэ үг үгүй болсон. Гэвч үсний хагалбар гэлгүй зайтмал, үгүй бол айдмал гэж хайран сайхан үгээ хаяж гээлгүй хадгалж үлдвэл сайн байна.
Хоншоор богинотой нохойг “богсор” гэдэг нь боксиор нохойтой ойролцоо л сонсогдоод байгаа юм даа. Арай таргийг нэрлэсэн “зуурах” гэдэг үг дэвэн дэлхийгээр хэсэж “ёгурт” зүстэй болоод ирэхэд нь эх нутаг, элгэн садан нь танихгүй байгаа шиг юм болж байгаа юм биш биз!
Өнөөдөр өөрийн үгээр нэрлэж байгаа ч нөөцөлж хадгалмаар хэсэг үг байна аа. Франц хэлний “сабон” саван болж монгол хэлэнд идээшсэн ч эрт цагт из, савандахыг издэх гэдэг байжээ. Үүн шиг “цагаан ногоо” утгатай хятад хэлний “байцаа-г ногоодой, талхлах, үнгэх, элдэхийг ингэх, зугаа, цэнгэлийг гогог, шоочийг гогоч, талийгаачийг чандарлахыг мандаллах, албан баримтыг гашуг гээд эзэндээ мартагдсан эртний үгсийг ил зарлаад, хэлж хэвшиж хос үгтэй болцгооё!
Ийм сайхан үгсийг “Мон судар”-аас гаргасан “Монгол хэлний хуучин үгийн толь”-оос харж моодонд оруулцгаая, монголчууд аа!
“Егөөтэй 99 тайлбар” номын “Гээсэн, голсон үгсээ гэгэлзэн санахын учир” өгүүллийн хэсгээс