Янн Мартел: Саламанкагийн дуу хоолой

Хуучирсан мэдээ: 2017.09.29-нд нийтлэгдсэн

ШИНЭ НОМ

Янн Мартел: Саламанкагийн дуу хоолой

Энэ удаагийн “Шинэ ном” булангаар “Саламанкагийн дуу хоолой” номын тухай хүргэж байна.


Уран зохиолын үнэ цэнийг хэрхэн тогтоох тухай бишгүй л олон зохиолч үгээ хэлжээ. Тэр дундаас “Уран зохиолын үнэ цэнийг боддоггүй юмаа гэхэд байгаль дэлхийгээ хайрлах ёс зүйн хэм хэмжээ зохиолч хүнд байх ёстой” гэсэн Албанийн нэрт зохиолч Исмайл Кадаригийн ёж үг хамгийн түрүүнд санаанд буудаг юм. Зохиолчид уран бүтээлийнхээ үнэ цэнийг цаг хугацаагаар дэнслүүлэхийн өмнө өөрийнхөө гараар эсвэл галаар, бүр компьютерийн “delete” гэсэн ганцхан товчоор шүүн дэнсэлдэг тохиолдол цөөнгүй. Зарим нь шуудангийн хаягаа худал бичээд, энэ дэлхий дээр хаана ч байхгүй хэн нэгэнд илгээсэн байх юм. Канадын зохиолч Янн Мартел сэтгэлд нь хүрээгүй хоёр дахь номынхоо эхийг огт байхгүй худал хаяг дугтуйн дээр нь бичээд Сибир лүү илгээж орхисон тухайгаа дурдсан байдаг. Энэ бол жинхэнэ зохиолчид л байх өөрийгөө дэнсэлж чадах уран бүтээлч чанар биз ээ.

Канадаас Энэтхэг хүрч, зохиол бичихээр сонгож авсан уулын буйдхан тосгондоо хэдэн сар нямба сахих нь холгүй сууж бичсэн зохиолынхоо ганц хувь эхийг хэний ч мэдэхгүй хаяг руу илгээж орхисон тэр үйлдэл хожмоо Янн Мартелд алдарт “Пигийн амьдрал” романаа бичих сэдэл төрүүлж, улмаар Англи хэлээр хэвлэгдсэн уран зохиолын бүтээлд олгодог томоохон шагналын нэг “Мэн Бүүкэр”-ийг мөн зохиолоороо хүртсэн билээ. Энэ бол уран бүтээл цаг хугацаагаа олж төрсөн хамгийн тодорхой жишээ байж ч мэднэ.

Испани-Канадын зохиолч Янн Мартел бол орчин үеийн уран зохиолын гол өнгө болсон, нутаг нэгт Маргерет Этвүүд, Элис Мүнро нарынхаа хойч үе болсон, өнөө цагийн содон зохиолчдын нэг. Тэрбээр эцэг эхээ Саламанка их сургуулийн оюутан байх үед буюу 1963 онд Испанийн баруун хойд эргийн Саламанка хотод мэндэлжээ. Эцэг, Франц-Канадын зохиолч, яруу найрагч, дипломатч Эмили Мартел хүүгээ төрөх үед Испанийн философич Мигуэль дэ Унамуногийн уран бүтээлээр докторын зэрэг горилж байв. Бяцхан Янныг төрсний дараахан аав нь докторын зэргээ хамгаалснаар тэдний гэр бүлийн урт удаан нүүдэл эхлэв. Тэднийх их сургуулийн багш эцгээ даган Португал, Испани, Аласкийн хэд хэдэн хот дамжин нүүжээ. Удалгүй эцэг эх нь Канадын дипломатын албанд томилогдож, Коста Рикогийн Сан Жоса, Францын Парис, Испанийн Мадрид, Канадын Онториагийн дунд хэрмэл байдалтай амьдрах болжээ. Дунд сургуулиа төгсөөд Канадын Трентийн их сургуулийг философийн чиглэлээр дүүргэсэн Янн Мартел 27 нас хүрч, зохиолч болохоор шийдэх хүртлээ зогсоолын зохицуулагч, модны үйлдвэрийн ажилчин, аяга таваг угаагч, Франц дахь Канадын элчин сайдын яаманд хамгаалагч хүртэл хийж, Иран, Турк, Энэтхэгээр аялаад амжсан байна.

Уран зохиолын карьераа богино өгүүллэгээс эхлүүлсэн Янн Мартелын анхны ном нь 1993 онд хэвлэгдсэн “Долоон өгүүллэг” өгүүллэгийн түүвэр. Өгүүллэгүүд нь өнгөрсөн зууны түүх, дайн, хөгжим гэсэн сэдвийг хамарч, шинэ эринд хөл тавьж буй залуусын шаналал, эргэлзээ, төөрөгдлийн талаар дүрсэлсэн байдаг. Харин 1996 онд хэвлэсэн анхны роман “Мөн чанар” нь олны анхааралд тийм ч сайн өртсөнгүй. Зохиолч энэ талаар “Уран зохиол шүүмжлэгчдийн нэг хэсэг нь учрыг нь олохгүй, гайхаж төөрөлдөөд, нөгөө хэсэг нь хоосон магтаал хэлсэн болоод л замхрах нь тэр. Уншигчид бүр нэг нүдээрээ ч хялайсангүй. Би өөрөө хэвлэл мэдээлэл хэмээх циркийн тайзан дээр агаарын гимнастикч, алиалагчаас дутуугүй аяглавч тусыг эс олов” гэсэн байдаг. Нэг л өглөө эмэгтэй болоод хувирчихсан гэнэтийн хувирлаас бусдаар романы үйл явдал Янн Мартелын туулсан амьдралыг хүүрнэсэн аж.

Хоёрдахь роман нь бүтэлгүйтсэний дараа Янн Энэтхэг рүү аялж, бөглүү тосгонд дараагийнхаа номыг бичихээр шийдээд мөн л амжилт олоогүй тухай дээр ярьсан. Тэрхүү гутруухан төгсгөлийн дараа Янн Энэтхэгийн өмнөд хэсэг Тамилнадын эрэг дээрх Пондичерри хэмээх жижигхэн хот руу явж, тэнд “Пигийн амьдрал” романыхаа үйл явдлын сэжүүрийг барьж авчээ. Хожим нь зохиолынхоо жинхэнэ бие баатартай уулзсанаар Янн Мартелыг уран зохиолд таниулсан “Пигийн амьдрал” роман бичигдсэн түүхтэй. Зохиолчийн хэлснээр “Угтаа уран зохиол гэдэг чинь урвуулж хөрвүүлсэн амьдралын түүх” бол энэ хамгийн гайхалтай түүхүүдийн нэг. Бодит байдалд зүй нь нийцэхгүй мэт адал явдал, аймшигт сүйрэл, сэтгэл чийглэх аврал хайр мөн хүн байгалийн харилцаа, шашин, ганцаардлын тухай философийн эргэцүүллээр шигтгэн мэтгэсэн зохиол юм.

Эх сурвалж: tagtaapublishing.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж