Засаглалд шударга ёсыг л тогтоочих

Хуучирсан мэдээ: 2017.09.28-нд нийтлэгдсэн

Засаглалд шударга ёсыг л тогтоочих

БНСУ-ын дуучин PSY-ийн “Gangnam Style” дуугаар спортын одод ч “өвчилжээ”.

Хоёр сарын өмнө Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатынхаа хөлд сөгдөж байсан нөхөд өнөөдөр У.Хүрэлсүхийг мөлчийтөл долоож явна.

Засгийн газраа огцруулсан МАН-ын 33 уржигдар У.Хүрэлсүхтэй сэм “болзож” амжжээ. Нууц уулзалтаар У.Хүрэлсүхэд хандаж фракц, бүлэглэлийн хуйвалдаанд орж, томилгоо хийхгүй байхыг хүссэн гэх.

МАН доторх фракц, бүлэглэлийн харьцааг авч үзвэл өнөөдөртөө “Хотын” фракцаас бусад нь У.Хүрэлсүхийн тэргүүлдэг Зүүний хүчний холбоог дагаж буй. “Увс” фракцаас эхлээд Сү.Батболдын бүлэглэл, Ардчилсан нам, МАХН-аас ирсэн гишүүд хүртэл дагаж намирах болсон. Гачлантай нь, тэр бүгдийг багтаах сайдын суудал байхгүй.
 

Засгийн газраа байгуулахын тулд хүссэн ч, эс хүссэн ч У.Хүрэлсүх нам доторх фракц, бүлэглэлтэйгээ л “наймаа” хийнэ. Эцсийн дүндээ энэ тохиролцоо шударга зарчимд нийцэж чадах эсэхээс ирээдүйн Засгийн газарт итгэх итгэл, үнэлэмжийг бий болгоно.

Ж.Эрдэнэбатын танхимыг огцруулсан МАН-ын 33 Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлыг Засгийн газрын эргэж буцсан шийдвэрээс болсон гэж үзсэн. Гэтэл “ял”-ыг нь үүрсэн хүн нь тойрогтоо нэр дэвшигчээ ялуулсан л байдаг. Хэрвээ Засгийн газрын ажил Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдах шалтгаан нь болсон юм бол Сэлэнгэ аймагт МАН-ын нэр дэвшигч ялах байсан уу. Сэлэнгэ аймаг бол Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбатын УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон тойрог. Үүнээс гадна Ховд, Баян-Өлгий, Увс гээд тоочвол нийт 10 гаруй аймагт МАН ялсан.

Харин ялагдсан тойргуудыг дурдвал Хөвсгөл, Хэнтий, нийслэлийн дүүргүүд тэр чигээрээ. Тодотговол, Ж.Эрдэнэбатын танхимыг өдөр, шөнөгүй балбасаар огцруулсан Ц.Даваасүрэн, Л.Оюун-Эрдэнэ, Ц.Нямдорж, Т.Аюурсайхан, Ж.Энхбаяр, Б.Батзориг нарын тойрогт МАН навс ялагдсан. Гэтэл нэр дэвшигчээ тойрогтоо ялагдуулсан гишүүд нь хариуцлага хүлээгээгүй атлаа Ж.Эрдэнэбатын танхимыг огцруулсныхаа “шанг” хүртэх гэсэн юм болов уу, У.Хүрэлсүхийн танхимд багтах чимээ дуулдаж байна. Энэ үнэн бол МАН-ын гишүүдэд ёс зүй гэж алга. Шударга ёс ч нэхээд хэрэггүй нь. Хэн том дуугарна, хэн эх орончийн дүрд тоглож чадна. Тэр хүн гол дүр бүтээдэг болжээ гэж ойлгогдох болж байна.

Уг нь МАН-ын 33 Ж.Эрдэнэбатын танхимаас шударга ёс нэхэж огцруулсан нь үнэн юм бол шинээр байгуулагдах Засгийн газарт хөл, гараа дүрэх хэрэггүй юм. Хариуцлага, шударга ёсыг нэхээд, мэргэжлийн хүмүүс томилогдож ажиллахыг шаардаад сууж байх ёстой юм. Танхимаа удирдах Ерөнхий сайд ч нөхдөөсөө энэ шалгуурыг шаардах эрхтэй. Тэр цагт У.Хүрэлсүхийн шударга ёсны лоозон ажил хэрэг болно.

Ард түмний үе, үеийн Ерөнхий сайд нараас хүсдэг, хүлээдэг, хийчих болов уу гэж итгэл тавьдаг шалгуурын нэг шударга ёс. Шинэ Ерөнхий сайдаас хүсэх зүйл танхимдаа шударга ёсыг л тогтоочих.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж