УИХ-аас Ахмад настны тухай хуулийг энэ оны нэгдүгээр сард баталсан. Хуульд ахмадын тэтгэврийн хэмжээг хүн амын амьжиргааны доод түвшин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон инфляцын өөрчлөлтийг харгалзан нэмэгдүүлнэ гэж заажээ.
Тиймээс дээрх заалтыг үндэслэн ахмадын тэтгэврийг нэмэгдүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргасан байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн гарсан энэ шийдвэр ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих юм. Ингэхдээ өндөр тэтгэвэртэй иргэдийнхийг бага, бага тэтгэвэр авдаг бол ахиухан нэмнэ. Тэтгэврийг дунджаар 10 хүртэл хувиар нэмэх бодлого барьж байна. Улсын хэмжээнд 280 мянга орчим ахмад настан тэтгэвэр авч байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас тэтгэврийн нэмэгдэлд 162,5 тэрбум төгрөг зарцуулах саналаа Сангийн яаманд хүргүүлжээ.
Тэтгэврийн нэмэгдлийг УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалангаас тодрууллаа.
-Эдийн засаг хүнд байна. Ийм нөхцөлд тэтгэвэр нэмэх боломж байгаа юу?
-Ахмад настны тухай хуулийг үндэслэж тэтгэврийн хэмжээг 10 хүртэл хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Тиймээс 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс тэтгэвэр нэмэгдэнэ. Энэ оны эхний найман сарын байдлаар улсын төсвийн орлого 800 тэрбум төгрөгөөр давж биелсэн. Тэрхүү орлогыг хүүхдийн мөнгө, ахмадын тэтгэврийн нэмэгдэлд хуваарилах боломж бий гэж харж байна.