“Цэнхэр сүлд” ТББ-ын гүйцэтгэх захирал Ж.Энхсайхантай ярилцлаа.
-Та Венад болсон Олон улсын Атомын эрчим хүчний агентлагийн /ОУАЭХА/ Ерөнхий бага хуралд оролцоод ирсэн байна. Уг хурлынхаа сониноос танилцуулна уу?
-Жил бүрийн есдүгээр сард болдог ОУАЭХА-ийн ээлжит Ерөнхий бага хуралд “Цэнхэр сүлд” ТББ-ыг ажиглагчаар урьсаны дагуу оролцож, зарим судалгаа шинжилгээний ажлуудаа амжуулаад ирлээ. Агентлагийн хуралд гишүүн орнуудаас гадна гишүүн бус улсууд, олон улсын байгууллага болон шинжилгээ-судалгааны зарим байгууллага урилгаар ажиглагчаар оролцдог. Манай байгууллага цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах чиглэлээр, нэн ялангуяа цөмийн түргэн реактор, ашигласан түлшний чиглэлээр зарим судалгаа хийж байгаа юм. Хурлын үеэр Агентлагийн судалгааны материалыг ашиглаж, нарийн мэргэжлийн зарим хүнтэй уулзаж зөвлөлдсөн.
-“Цэнхэр сүлд”-ийн хийж байгаа судалгаа манайд ямар практик ач холбогдолтой вэ. Монголд түргэн реактор байтугай энгийн реактор ч байхгүй. Ашигласан түлш бол цөмийн реактороос, өөрөөр хэлбэл, цөмийн цахилгаан станц ашигласнаас гардаг биз дээ?
-Тийм. Ураны багагүй нөөцтэй манай улс хэзээ нэгэн цагт цөмийн энергийг эрчим хүч гаргах зорилгоор ашиглах болно. Гэхдээ эхлээд судалгааны реактортой болж түүнийгээ зөв, аюулгүй ашиглах, боловсон хүчнээ бэлтгэх, дадлагажуулах хэрэгтэй. Хорт хавдрыг эртнээс илрүүлэх, эмчлэх зорилгоор изотопуудыг гаргаж авах, цаашлаад гадаадад өндөр үнээр экспортлох боломжтой болно. Харин одоогоор “Цэнхэр сүлд”-ийн хийж байгаа судалгаа нь ирээдүйд ямар төрлийн цөмийн реактор гарч ирэх, тэдгээр нь цөмийн түлшийг ямар хэмжээнд шатааж чаддаг болох, ашигласан түлшийг дахин ашиглах чиглэлд аль улсад ямар хийцийн реактор гарч ирж байгаа зэргийг судлах зорилготой. Өөрөөр хэлбэл, түргэн хөгжиж байгаа цөмийн салбарт манай хоёр хөрш энэ талаар юу хийж байгаа, ямар чиглэлээр хөгжих төлөвтэй байгааг эртнээс мэдэх нь Монгол Улс цөмийн чиглэлээр баримтлах хэтийн бодлогоо бодитой, зөв тодорхойлоход нь хэрэгтэй юм.
Мөн хуралд оролцох завшааныг ашиглаж “Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай” 1997 оны конвенцийн талаар нарийн мэргэжлийн хүмүүстэй уулзаж ярилцсан.
Конвенцийн заалтуудыг уншихад, мөн мэргэжлийн хүмүүстэй ярилцаж байхад конвенцийн гол зорилго нь цацраг идэвхт хаягдал болон ашигласан түлшийг аюулгүй хадгалах, хамгаалах талаар тодорхой норматив тогтоож хэвшүүлэх явдал юм байна. Өнөөдрийн байдлаар 74 улс түүнд нэгдэж ороод байгаа бөгөөд бараг тэн хагас нь манайтай адил цөмийн цахилгаан станцгүй улсууд байна. Тэдний гол зорилго нь анагаах ухаан, хөдөө аж ахуй, уул уурхай зэрэг салбарт ашиглаж байгаа цацраг идэвхт материалаа аюулгүй хадгалах нормативыг дагаж мөрдөх, өөр хоорондоо хамтарч ажиллах, бусдынхаа туршлагаас суралцах явдал байдаг юм байна. Өөрөөр хэлбэл, уг конвенцид манай улс нэгдэж орсноор өөрт байгаа цацраг идэвхт материалаа аюулгүй хадгалах нормативыг хэвшүүлж цацрагийн осол, аюулаас баттай хамгаалах боломжтой болно гэсэн үг. Мөн цөмийн ашигласан түлштэй улсууд ч тогтоосон нормативыг мөрдөх замаар аюулгүй байдал, аюулгүй ажиллагаагаа баталгаажуулна. Конвенцид нэгдэж орсноор бусад улсын ашигласан түлш буюу шаар хаягдлыг авна гэсэн үг биш. Уг конвенцид тийм заалт ч байдаггүй. Энэ нь улс орны өөрийнх нь бүрэн эрхийн асуудал байдаг юм байна. Монгол Улс цацраг идэвхт материалтай тодорхой хэмжээнд харилцдаг хэр нь цацраг идэвхт эх сурвалжийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын тухай журмыг албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй, мөн энэ конвенцид нэгдэж ороогүй байгааг мэргэжилтнүүд ойлгохгүй байна гэж байсан. Тиймээс манай улс асуудлыг сайтар судлаад энэ талаар нааштай шийдвэр гаргах хэрэгтэй байна.
-Умард Солонгосын цөмийн туршилтууд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн удаа дараагийн шийдвэрүүдийг зөрчсөөр байна. Түүний нь хариуд АНУ-ын Ерөнхийлөгч Умард Солонгосыг элдвээр дайрч сүрдүүлж байгаа. Умард Солонгосын тал ч мөчөөгөө өгөхгүй байгаа нь байдлыг улам хүндрүүлж дэлхийг болзошгүй дайны ирмэгт авчраад байна. Цаашид байдал яаж өрнөхийг та хэрхэн таамаглаж байна вэ. Дайн гаргуулахгүй байх хийгээд зэвсэглэлээр хөөцөлдөх явдлыг зогсоох ямар боломжууд бий вэ?
-Энэ бол тун нарийн түвэгтэй асуудал. Улс хоорондын харилцааг зохицуулсан зарчим, дагаж мөрдөх хэм хэмжээ гэж олон улсын харилцаанд байдаг. Ямар ч гэсэн Умард Солонгос болон АНУ тэдгээрийг үл тоомсорлож дагаж мөрдөхгүй байна. Хэдийгээр энэ хоёр улс дайныг хүсэхгүй байгаа ч улс төрийн тооцоо алдах, нөгөө талыгаа давах мэдэгдэл, үйлдэл хийх замаар эргэж буцах боломжгүй байдалд орох, мөн санамсаргүй техникийн алдаанаас болж зэвсэгт мөргөлдөөнд хүрч болохоос олон улсын хамтын нийгэмлэг болгоомжилж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асуудлыг эв зүйгээр, яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхээс өөр арга алга, хэрэв хоёр тал тохирвол би НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар асуудлыг зуучилж болж байна гэсэн. Гэвч одоогоор хоёр талын аль нь ч асуудлыг зуучлуулахыг хүсэхгүй байна. Өнөөдрийн энэ түгшүүрт байдал 1962 оны Карибын хямралаас хойш гарч байгаа хамгийн аюултай хямралт байдал болоод байна.
Ийм аюултай байдлыг дахин хэзээ ч гаргахгүйн тулд цөмийн зэвсгийг бүрмөсөн хориглож устгах хэрэгтэй. Энэ талаар 1946 оноос хойш тасралтгүй ярьж ирсэн боловч байдал улам ноцтой болсоор байна. Энэ хугацаанд цөмийн зэвсэгтэй улс орны тоо ганцхан байснаа одоо ес боллоо. Хэрэв Умард Солонгосын асуудлыг эв зүйгээр шийдвэрлэхгүй бол цөмийн зэвсэгтэй улс орны тоо улам нэмэгдэж магадгүй. Тэр хэрээр цөмийн мөргөлдөөн гарах, цөмийн материал алдагдаж террорист этгээдүүдийн гарт орох аюул ч нэмэгдэнэ.
Хэвлэлд энэ талаар их бичдэггүй боловч дийлэнх улс орон цөмийн зэвсгийг хориглож устгахыг шаардсаар ирсэн. Энэ оны долдугаар сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр байгуулагдсан бага хурал Цөмийн зэвсгийг хориглох тухай олон улсын гэрээний төслийг тохирч баталсан бөгөөд энэ сарын 20-нд түүнд гарын үсэг зурах ёслол нээлттэй болсон. Өнөөдрийн байдлаар 56 улс түүнд гарын үсэг зураад байна. 50 улс соёрхон баталмагц гэрээ хүчин төгөлдөр болно. Хэдийгээр энэ бүхэн нааштай алхам боловч цөмийн зэвсэгтэй есөн улс бүгд уг гэрээний төслийг хэлэлцэхийг бойкотлосон.
Энэ наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 1-нд Улаанбаатарт “Цэнхэр сүлд” болон Стратегийн судалгааны хүрээлэнгийн шугамаар хийсэн олон улсын бага хурлаар энэ асуудлын талаар ярилцаж асуудалд цөмийн зэвсэггүй улс орнууд нэгдсэн нэг байр суурьтай, тууштай дэмжих хэрэгтэй гэж үзсэн. Үүний тулд эхний ээлжинд цөмийн зэвсэгтэй улсуудыг олон улсын хэмжээнд ганцаардуулж гаднаас болон дотроос нь улс төрийн даралт шахалт үзүүлэхийн тулд цөмийн зэвсэггүй холбоотнуудтай нь нягт хамтарч ажиллах хэрэгтэй гэж үзэцгээсэн. Зүй ёсны хэргийг тууштай дэмжиж ажиллавал амжилтад хүрдгийг боолчлол, апартейд бодлогыг халсан, мөн хар тамхийг хориглож одоо хэрэгжүүлж байгаагаас харж болно. Умард Солонгосын цөмийн зэвсэгтэй холбоотой асуудал намсхийхэд түүнийг цөмийн зэвсгийг хориглох үйлст бодит жишээ болгож сайтар ашиглах хэрэгтэй гэж бага хуралд оролцогсод үзэж байсан.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралд оролцоогүй явдлыг олон нийт хийгээд дипломат албаны мэргэжилтнүүд олон янзаар тайлбарлаж байгаа. Хойд Солонгосын асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурь тодорхойгүй хэвээр байна. Энэ бүхнийг бид төвийг сахиж байна гэж ойлгож болох уу?
-Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган бүрт оролцох албагүй, хэрэг ч үгүй. Монгол Улсын хувьд нэн чухал гэж үзэх асуудлыг хэлэлцэхэд оролцож байх хэрэгтэй юм. Тэгвэл бусдын анхаарлыг татна, хэлэх үг нь илүү жинтэй бууна. Умард Солонгосын асуудлын хувьд түүнийг эв зүйгээр, хэлэлцээний ширээний ард сууж ямар нэгэн урьдчилсан болзолгүйгээр цаг алдалгүй хэлэлцэх хэрэгтэй гэдгийг жижиг Монгол заавал НҮБ-ын индэр дээрээс хэлэх албагүй. Улаанбаатараас ч энэ санаагаа илэрхийлж болох юм. Заавал төрийн тэргүүн ч илэрхийлэх албагүй. Хэрэв бодитой бөгөөд тодорхой санаа, санал байвал тэгж болох талтай. Нөгөөтэйгүүр, Гадаад хэргийн сайд, яам, яамны төлөөлөгч ч Монгол Улсын байр суурийг илэрхийлж болно. Бид Умард Солонгосын цөмийн зэвсгийн холбогдолтой, мөн АНУ-Умард Солонгосын хооронд явагдаж байгаа далд яриа хэлэлцээний талаарх нарийн ширийн зүйлийг нь сайн мэдэхгүй учраас ерөнхий зарчмын санаагаа илэрхийлэхэд болно гэж үзэж байна. Судлаачийнхаа хувьд АНУ Умард Солонгосыг де факто цөмийн зэвсэгтэй улс гэдгийг хүлээн зөвшөөрч, түүнийхээ үндсэн дээр яриа хэлэлцээ явуулбал илүү үр дүнтэй байж болох юм гэж үзэж байгаагаа саявтар бүс нутгийн судлаачдын хурал дээр мэдэгдсэн. Дайн энхийн асуудал дээр төвийг сахих асуудал гэж байх учиргүй. Тиймээс дайныг гаргуулахгүй байхыг л дэмжиж, шаардаж байх хэрэгтэй.
С.Энхцэцэг