НИТХ-ын дарга Ц.Сандуй өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөөд буй. Түүний оронд томилогдох хүнийг сонгохоор НИТХ өнгөрсөн баасан гаригт /2017.09.22/ санал хураалт явуулсан ч нэр дэвшигчдийн санал тэнцсэн юм. Мөн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан НИТХ-ын МАН-ын бүлгээс тав хоногийн завсарлага авсан нь маргааш /2017.09.28/ дуусгавар болно гэж ойлгогдож байгаа. Гэхдээ НИТХ дахь МАН-ын завсарлага авсан цаг ажил таарч байхтай таарсан тул маргааш ажлын бус цагаар хуралдаж, шинэ дарга сонгох санал хураалт явуулахгүй гэж үзсэн байна.
НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун энэ талаар “НИТХ-ын Ажлын албанаас бидэнд танай намын бүлэг өөрсдөө дотооддоо завсарлага дууслаа гэж үзвэл маргааш /2017.09.28/ хуралдахад бэлэн гэж мэдэгдсэн. Иргэний хуулийн 72.1-т “Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараах өдөр, цагаас эхлэн тоолно” гэж заасан байдаг. Манай бүлэг өнгөрсөн баасан гаригийн 17:05 цагт завсарлага авсан. Ингээд хуулийн дагуу тооцож үзэхээр ирэх даваа гаригийн өглөө буюу аравдугаар сарын 2-нд тав хоногийн хугацаа дуусна. Манай намын хоёр төлөөлөгч чөлөөт өрсөлдөөнөөр өрсөлдөж, санал тэнцсэн болохоор нам дотроо асуудлаа хэлэлцэж, нэгдсэн байр сууринд хүрэх хэрэгтэй гэж бид үзэж байгаа’ гэж ярилаа.
Д.УУДАМ