Утаатай тэмцэх зардал 3.8 тэрбум

Хуучирсан мэдээ: 2017.09.28-нд нийтлэгдсэн

Утаатай тэмцэх зардал 3.8 тэрбум

Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын гадаа өчигдөр хөл хөдөлгөөн ихтэй байлаа.

“Би тэтгэвэр авдаг ахмад настан хүн. Гэрийнхээ энгийн зуухыг эко зуухаар солих санаа байв ч үнийг нь дийлэхгүй юм” хэмээн “Байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт техник технологи” үзэсгэлэнг сонирхохоор ирсэн Баянзүрх дүүргийн ахмад настан С.Ядам гуай ярив. 

Намрын сэрүүн орж, хүйтний улирал наашилж байна. Хүйтний улиралтай зэрэгцэн утааны асуудал гарч ирдэг. Тиймээс “Байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт техник технологи” үзэсгэлэнд аж ахуй нэгжүүд эко зуух, түлш, халаалтын систем, дулаалгын материалаа танилцуулахаар өнөөдөр Сүхбаатарын талбайд цуглажээ.

“Ханан хишиг” компанийн зүгээс нүүрс цэвэршүүлэгч уусмалыг иргэдэд санал болгожээ. “Манай бодис түүхий нүүрсний шаталтыг дэмждэг. Энэ бодисоор түүхий бодисоо баяжуулж, угаана гэсэн үг. Түүхий нүүрс дутуу шаталттай, 20-30 минутын хугацааны дараа асдаг. Энэ хугацааг хэмнэж, нүүрсийг хурдан шатаана. Жишээлбэл, нэг хувин нүүрс зургаан цаг асдаг байхад баяжуулсан нүүрс 8-9 цаг шатна гэж ойлгож болно. Одоо бид зуухаа солих шаардлагагүйгээр устай шингэрүүлж, найруулж хэрэглэнэ. Ингэснээр агаарын бохирдлоо багасгахаас гадна айл өрхөд 10-20 хувийн нүүрсний хэмнэлт гардаг” тухай захирал С.Чин-Аз танилцуулав.

Энэ жил Үндэсний хорооны шийдвэрээр зорилтот бүлгийн 4700 орчим айл өрхөд сайжруулсан түлшийг тараахаар төлөвлөж байгаа аж. Азийн хөгжлийн банкны судалгаагаар 40 гаруй мянган өрх амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур амьдралтай гэсэн үзүүлэлт гарсан байдаг. Тиймээс ирэх сарын 1-нээс эхлэн зорилтот бүлгийн өрхүүдэд дүүргийн Халамж, үйлчилгээний хэлтсээр дамжуулан олгох гэнэ. Мөн цэцэрлэгийн 750 ангид энэ жил агаарын чанарыг сайжруулах дотоодын төхөөрөмж суурилуулах гэнэ. 

Хотын орлогч дарга Ж.Батбаясгалан “Ерөнхийдөө өнгөрөгч нэгдүгээр сарын 10-нд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн өргөтгөсөн хурал болсон. Уг хуралтай холбогдуулаад нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хоёр удаа шуурхай төлөвлөгөө гаргасан. Мөн нэгдүгээр сарын 9-нд нийслэлийн Засаг даргын гурван шийдвэр гарсан байдаг. Нэгдүгээрт, агаарын бохирдлыг бууруулах агаарын чанарыг сайжруулах бүсийг тогтоож өгсөн. Айл өрхийн зуухны стандартыг шинэчилсэн. 2018 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл иргэдийн шилжилт, хөдөлгөөнийг түр хязгаарласан байгаа. Эдгээр захирамжийн хэрэгжилтийн хүрээнд нийслэлийн төсөвт хэд хэдэн салбарын чиглэлээр хөрөнгө оруулалт хийнэ. Үүнтэй холбоотойгоор 3.8 тэрбум төгрөг батлагдсан. Энэ төсвөөс 350 сая төгрөгийг урсгал зардалд буюу мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаанд зарцуулна. Бас хэд хэдэн барилгын халаалтын зуух буулгаж, төвийн дулааны шугамд холбох ажил үргэлжилж байна” хэмээн сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 

Азийн хөгжлийн банкны гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах төслийн хүрээнд 50 орчим халаалтын зуух байгуулахаар зураг төслийн ажлыг хийж байгаа гэнэ. Ингэснээр энэ жилийн өвөл 60 орчим мянган тонноор түүхий нүүрсний хэрэглээ буурна гэж албаныхан тооцоолжээ. 

А.Сүрэн 

Гэрэл зургийг Э.Энхбат

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж