"Бага насны хүүхдийн хөгжилд анхаарна"

Хуучирсан мэдээ: 2017.09.28-нд нийтлэгдсэн

"Бага насны хүүхдийн хөгжилд анхаарна"

Төрийн өмчийн “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-дөө хандан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөгдөх хүсэлт гаргаж байгаа талаар бид мэдээлсэн.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн шинэ суурин төлөөлөгч Алекс Хайкенс Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх тэргүүтэй албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Энэхүү уулзалтад НҮБ-ын Нийгмийн бодлогын багийн ахлагч Н.Энхнасан, НҮБ-ын Хүүхэд хамгааллын ахлах мэргэжилтэн Д.Амараа, ГБХЗХГ-ын Гадаад харилцааны албаны дарга А.Мөнхгэрэл, Хүүхэд хөгжил, хамгааллын газрын ахлах мэргэжилтэн Б.Ариунтуяа нар оролцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр ГБХЗХГ-ын дарга О.Алтансүх “НҮБ-аас Монгол Улсад 2017-2021 онд үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд олон санал, санаачилга гарган ажиллаж байна.

Энэ хүрээнд бид Хүүхдийн Эрхийн Конвенцын тайлан илтгэлийг хамгаалсан. Түүний дагуу тодорхой зөвлөмж гарсан бөгөөд дараагийн ажлын төлөвлөгөөндөө тусган ажиллаж байна. Мөн НҮБ-ын Хүүхдийн сангаас хэрэгжүүлж буй “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөр үргэлжилж байгаад баяртай байна. Бид өнгөрсөн нэг жилийн хугацаанд багагүй ажлыг хийж, хэрэгжүүллээ. Энэ хугацаанд хэд хэдэн хүндрэл бэрхшээлтэй асуудал тулгарсан.

Тухайлбал, хүүхдийн чиглэлээр үзүүлэх үйлчилгээний нэр төрлийг тодорхой болгох, албан хаагчдыг мэргэшүүлэх шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар жилд 450 тэрбум төгрөгийг 37 төрлийн халамжийн үйлчилгээнд зарцуулна гэж хуульд заасан. Уг үйлчилгээг хэрэгжүүлэх хүрээ хязгаар, үйлчилгээ авах иргэн, тавигдах шаардлага бүгд тодорхой учраас албан хаагчид нь хурдтай мэргэших нөхцөл боломж бүрдсэн.

Гэвч манай үйлчилгээний хувьд “Хүүхдийн хөгжлийн, хүүхэд хамгааллын үйлчилгээ юу болох, дээрх үйлчилгээг хэрэгжүүлэх зардал хэд байх, улсын төсвийн хэдэн хувийг эзлэх вэ” зэрэг асуултад хариулагдахаар бодитой дүр зураг харагдахгүй байна. Энэ нь манай салбарын албан хаагчдыг бэхжүүлэх, илүү ойлголттой болоход хүндрэлтэй асуудлыг үүсгэж байгаа юм.

Түүнчлэн “Хүүхэд харах үйлчилгээ” орон даяар хоёр дахь жилдээ хэрэгжиж байна. Уг үйлчилгээнд жилд улсын төсвөөс зургаан тэрбум төгрөг зарцуулдаг бөгөөд 5000 орчим хүүхэд хамрагддаг. Энэ хэр оновчтой үйлчилгээ вэ гэвэл “Гэртээ ганцаараа цоожлогдон үлддэг байсан хүүхдийг хамгаалах, сургуулийн өмнөх боловсролыг тэдэнд олгох” зорилготой учраас зөв. Нөгөөтэйгүүр зөвхөн 5000 орчим хүүхдийг хамгаалахад энэ хэмжээний мөнгө төсөвлөж чадаж байгаа бол уг зардлынхаа ядаж 4-5 хувийг хөгжлийн үйлчилгээнд зориулах, энэ төрлийн үйлчилгээ бий болоход зарцуулах зайлшгүй шаардлага тулгараад байна.

Тиймээс бид уг асуудалд анхаарч ажиллана. Энэ жил Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардалд манай салбарт өнгөрсөн оныхоос 10 дахин нэмэгдэж батлагдсан. Бид үүнийг байшин барих, машин засах, цонх шиллэх зэрэг аж ахуйн зориулалттай үйл ажиллагаанд зарцуулахгүй.

Зөвхөн үйлчилгээний нэр төрлийг тодорхой болгох, эдгээр үйлчилгээнд зориулсан тодорхой туршилт хийх, дэмжих, салбарын мэргэжилтнүүдийг мэргэшүүлэхэд зарцуулна. Цаашид энэ асуудалд хамтарч ажиллахыг хүсч байна” гэв.

Харин НҮБ-ын Хүүхдийн Сангийн шинэ суурин төлөөлөгч Алекс Хайкенс “Би болон манай гэр бүлийнхэн Монгол Улсад ирсэндээ маш их баяртай байгаа. Дөрвөн жилийн хугацаанд би их үр дүнтэй ажиллана гэж итгэж байна. Хоёр жилийн өмнөөс эхлэн би Монгол Улстай холбоотой болсон. Монголд хэд хэдэн удаа ирж, хүүхдийн асуудлаар зөвлөгөө өгч ажилласан. Би энд ирэхээсээ өмнө НҮБ-ын Хүүхдийн сангийн төв оффист Уур амьсгалын өөрчлөлт хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байлаа.

Монгол Улсын хувьд агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлт хүүхдэд нөлөөлж буйг хараад энд байх ёстой хүн гэдгээ ойлгосон. Монголд ирснээсээ хойш Монгол Улсад хүүхэдтэй холбоотой нэлээд олон асуудал байдгийг ойлголоо.

Та бүхэн хүрэлцэн ирж, өөрсдийнхөө үйл ажиллагааг танилцуулсан нь нөхцөл байдлыг сайн ойлгож, ямар байдлаар хамтарч ажиллахаа тодорхойлоход чухал зүйл болж байна. Ер нь үйл ажиллагааны хүрээ улам өргөжиж, ажил их болох тусам асуудал ихэсдэг. Хэдийгээр мөнгө их байлаа гээд мөнгөө зөв зохистой зүйлд зарцуулахгүй бол эргээд маш их асуудлыг үүсгэдэг.

Мөнгө их байх тусам түүнийг зөв зүйтэй ажилд зарцуулах нь тулгамдсан асуудал болдог. Та бүхэнтэй ярилцсанаар цаашид хэрхэн хамтарч, дэмжлэг үзүүлж ажиллах талаарх ойлголтыг авлаа.

Өчигдөр та бүхэнтэй уулзахын өмнө Хүүхэд хөгжил, хамгааллын газрын мэргэжилтнүүдтэйгээ уулзаж, тодорхой мэдээлэл авсан. Монгол Улсад хууль эрхзүйн хүрээнд маш их өөрчлөлт, шинэчлэлт орсон байна билээ. Гэхдээ цаашид хийх зүйл олон байна. Хуулиа батлуулсан ч түүнийг хэрэгжүүлэх, чанартай үйлчилгээг үзүүлэх нь маш чухал. Хүүхэдтэй холбоотой маш олон асуудал бий.

Тэр дундаа бага насны хүүхдийн хөгжил, өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд болон агаарын бохирдлын асуудлыг би чухал гэж боддог. Гэхдээ бүгд өөр хоорондоо ч, бусад асуудлуудтай ч уялдаа холбоотой. Тиймээс эдгээр чиглэлд та бүхэнтэй хамтран ажиллана гэдэгт найдаж байна” гэлээ.

Эх сурвалж: Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж