2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Гавана хотноо Монголын Интермэд эмнэлгийн гүйцэтгэх захирал Я.Нямтогтох, Кубын төрийн өмчит Эмнэлэгийн үйлчилгээний төвийн Ерөнхийлөгч хатагтай Миладис Оррака Кастияа нар байгууллага хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулав. Хэлэлцээрийн хүрээнд БНКУ-ын нарийн мэргэжлийн эмч нарыг Монголд ажиллуулж туршлага солилцох ажээ.
Хэлэлцээр байгуулах ёслолд хоёр талын төлөөлөгчдөөс гадна Монгол Улсаас БНКУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Батбаяр оролцож, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ шатанд гаргахад түлхэц үзүүлж буй хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсанд баяр хүргэж, цаашдын хамтын ажиллагаанд нь амжилт хүсэв. Уг хэлэлцээр нь хоёр орны эрүүл мэнд, анагаахын салбарт эмч мэргэжилтэн солилцох анхны хэлэлцээр гэдэг утгаар ач холбогдолтой болохыг Элчин сайд онцлон тэмдэглэв.
Эх сурвалж: ГХЯ