Зургаан жилийн дараа Хятад улс “Фүшин хао”-даа тулгуурлан дэлхийн хамгийн хурдан галт тэргийг ашиглалтад орууллаа. Тодруулбал, энэ сарын 21-ний өдрөөс эхлэн Бээжин-Шанхайн хооронд 350 км цагийн хурдтай галт тэрэг хоёр талаасаа өдөрт долоон удаагийн давтамжтай явах болжээ. Ингэснээр галт тэрэг 1300 км газрыг ердөө дөрвөн цаг гаруйн хугацаанд туулж, БНХАУ галт тэрэгний хурдаараа дэлхийд тэргүүлэх болов. Тус галт тэрэг нь интернеттэй төдийгүй утас гэх мэт цахилгаан хэрэгслээ цэнэглэх боломжтой. Мөн хөдөлгөөн бага мэдрүүлдэг, тав тухтай, иргэдийн аюулгүй байдлыг сайтар хангажээ. Үүнийгээ баталгаажуулахын тулд бөмбөг болон усны савыг цонхон дээр тавьж, зоосон мөнгийг босоогоор нь байршуулан туршилт хийсэн аж.
Хятадын төмөр замын корпорацийн нөлөө бүхий эрхэм энэ талаар “Хятад дэлхийн өндөр хурдны галт тэрэгний бизнест шинэ жишиг тогтоолоо” хэмээн өгүүлжээ. Үүнээс өмнө Японы “Шинкансэн”, Францын TGV хурдны галт тэрэг нь цагт 320 км хурдалдаг байсан нь дэлхийн хамгийн хурдан газраар явдаг тээврийн хэрэгсэлд тооцогдож байв.
2016 оны жилийн эцсийн байдлаар Хятадын өндөр хурдны галт тэрэгний зам нь 22000 км-т хүрч, дэлхийд нэгт бичигдэх болжээ. Түүнчлэн 2030 он гэхэд замын уртыг 45000 км болгохоор төлөвлөж байгаа гэнэ.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ