Хуучирсан мэдээ: 2017.09.28-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС
Германы “эх”

Ангела Меркелийг багад Ангела Каснер гэж дууддаг байсан нь аав нь Польш гаралтай байсантай холбоотой.  Харин Меркел бол түүний анхны нөхрийн нэр юм.  Анхны нөхөр нь физикийн ангид хамт сурч байсан оюутан залуу байсан бөгөөд тэд 1977 онд гэрлэсэн ч дөрвөн жилийн дараа салжээ.

Хүүхэд нас

Меркелийн аав сүмийн номлогч Хорст Каснер Ангелаг төрсний дараа баруун Германаас хуучин Зөвлөлтийн харьяанд байсан зүүн Герман руу нүүсэн байна. Тухайн цаг бол зүүн Германаас хүмүүс хэдэн мянгаараа баруун Герман руу нүүж байсан цаг. Харин Каснерынхан тэр урсгалын эсрэг нүүсэн ганц айл байв. Меркелийн улс төрийн сахилга бат, болгоомжтой занг зүүн Германд өссөнтэй холбон тайлбарлах нь  бий.

Хоч

Герман дахь дэмжигчид нь Канцлер Ангела Меркелийг “Мутти” буюу “ээж” гэж хочилдог байна.

Эрсдэлийг үнэлэх чадвар

Есөн настай байхдаа Ангела Меркел биеийн тамирын хичээлийн үеэр усан сангийн тавцан дээр үсрэх үү, байх уу гэдгээ шийдэхийн тулд 45 минут зогссоны эцэст хичээл яг дуусахын өмнө усан сан руу үсэрсэн гэдэг.

Шинжлэх ухаанд дурлагч

Физикч, химийн шинжлэх ухааны доктор Ангела Меркел улс төр дэх амжилт нь аливаа нөхцөл байдалд ул суурьтай, шинжлэх ухаанч байр сууринаас хандах хандлагатай холбоотой гэдэг.  Ангела Меркел улс төрч болохоос өмнө зүүн Германы шинжлэх ухааны академийн химийн хүрээлэнд судлаач байжээ.

Ухаалаг алхам

1970 оны сүүлээр Меркел инженерийн сургуульд туслах профессороор ажиллах хүсэлт гаргахад нь түүнд Стаси буюу зүүн Германы нууц тагнуулын албанд элсэхийг санал болгосон гэдэг.  Гэвч Меркел татгалзсан бөгөөд шалтгаанаа тагнуулч болоход тохирохгүй задгай амтай хүн гэж тайлбарлажээ. Меркел тэр ажилд тэнцсэнгүй.  Хэрэв Меркел тэр саналыг хүлээж авсан бол Германы улс төрд карьер хийх боломжгүй байх байсан юм. Хожим хоёр Герман нэгдсэний дараа олон улстөрч Стаситай холбоотой байсан өмнөх амьдрал нь илчлэгдсэнээс улс төрөөс зайлуулагдсан билээ.

Дунд насны хямрал

Анхны нөхрөөсөө салсны дараа Меркел зөвшөөрөлгүй байранд харх шиг амьдарч байлаа. 30 насны төрсөн өдрөөр аав нь түүн дээр зочилж очоод “Чамд ямар ч ирээдүй алга” гэжээ.

Сахилга бат

1989 оны арваннэгдүгээр сард Берлины ханыг нураасан шөнө 35 настай Меркел саунд суухаар явжээ. Саунаас гарсны дараа тэрбээр баярлаж хөөрсөн хүмүүстэй хамт пиво уусан ч маргааш нь ажилтай байсан учраас шууд гэртээ харьсан гэдэг. Харин Германчуудын дийлэнх нь тэр шөнө Берлины хана нурсныг тэмдэглэсэн билээ.

Меркелийн нөхөр

Меркелийн нөхөр, Берлины их сургуулийн профессор Йохим Зауэр олон нийтийн анхаарлын төвд байх дургүй нэгэн. 2005 онд Меркел Канцлер болж ,тангараг өргөснөөс хойш тэрбээр олны өмнө нэг ч удаа гараагүй. Хэдийгээр Меркелийн нөхөр албаны онгоцоор нисэх эрхтэй ч тэр ердийн агаарын тээврийн онгоцоор зорчихыг илүүд үздэг. Тэд хамтдаа дуурь үзэж, ууланд аялах дуртай. Дуурьт дуртай бас олны хараанд өртөхөөс зайлсхийдгээс нь болж Германы хэвлэлүүд түүнийг “Дуурийн театрын хий үзэгдэл” гэж хочлох болсон юм.

Нууц авьяас

Меркел гэрийн сайн эзэгтэй нарын нэг бөгөөд чавганы бялууг сайхан хийдэг. Канцлер жирийн иргэдтэй адил дэлгүүрээр явж, хүнс ногоо цуглуулдаг бөгөөд өглөө болгон нөхөртөө өглөөний цайг нь бэлтгэж өгдөг байна.

Айдас

1995 онд нохойд хазуулснаас хойш Меркел нохойноос үхтлээ айдаг болжээ. Владимир Путин үүнийг нь олж мэдээд хэд хэдэн яриа хэлэлцээний үеэр нохойгоо оруулж ирж байсан удаатай.

Хөлбөмбөгийн дэмжигч

Меркел Германы хөлбөмбөгийн дэмжигч Меркел хөлбөмбөгчидтэй мэндчилж, баяр хүргэхээр  хувцас солих өрөөгөөр ороод гарахдаа нэг удаа Бастиан Швайнстайгерыг нүцгэн байхад нь таарсан гэдэг.

Орчуулсан Н.Энхтуяа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж