Огцорсон Засгийн газраас цалингаа нэмүүлэхийг удаа дараа шаардсан багш нар есдүгээр сарын 21, 26-ны өдрүүдэд ажил хаяж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Энэ үеэр сурагчид хаагуур, юу хийсэн бол? Энэ талаар асуухаар хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрөөж болох хэд, хэдэн газраар орж санал бодлыг нь сонслоо.
Багш нар хоёр дахь удаагаа ажил хаясан өдөр буюу есдүгээр сарын 26-ны өдөр Хүүхдийн төв номын санд карт нээлгэх гэсэн хүүхдийн тоо нэмэгджээ. Энгийн өдрүүдэд 30 гаруй хүүхэд карт нээлгэдэг бол мягмар гаригт 50-60 карт шинээр нээсэн талаар ажилчид ярьж байлаа.
Энэ үеэр хичээлээ давтаж буй 17 дугаар сургуулийн 9Б ангийн сурагч Ш.Ганзултай ярилцахад “Хоёр дахь өдөр номын сандаа ирж хичээлээ хийсэн. Багш нарын цалин бага, илүү цагаа сурагчидтайгаа өнгөрүүлдэг нь үнэн л дээ. Гэхдээ ажил хаяна гэдэг нь буруу гэж бодож байна” гэв. Энэ мэтчилэн олон эмэгтэй сурагчидтай уулзахад дийлэнх нь гэртээ хичээлээ давтсан гэсэн хариултыг өгсөн юм. Харин ажил хаях нь зөв, буруу гэдэг хариулт сөөлжиж байв.
Номын санд охид голдуу харагдлаа. Эрэгтэй сурагчидтай уулзахаар цахим тоглоомын газраар орлоо. Таамагласанчлан банди нар тэнд цөөнгүй байлаа. Тэд нэр ус, аль сургуулийн сурагч болохоо хэлэхийг хүссэнгүй. Харин багш нар ажил хаясанд баярлах нэг хэсэг байхад буруу гэж үзэх сурагчид ч цөөнгүй байна. “Дандаа ажил хаяад байвал гоё шүү дээ” гэж тохуурхсан сурагч “Би тэр өдөр РС тоглоогүй. Гэхдээ ангийнхан маань уулзаж байгаад тоглосон байх. Цалин бага юм чинь багш нар ажил хаях нь зөв байх аа” гэв.
Г.Түшиг