Дан дээл үү, давхар дээл үү?

Хуучирсан мэдээ: 2017.09.28-нд нийтлэгдсэн

Дан дээл үү, давхар дээл үү?

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар цас орно.

МАН өөрсдийн байгуулсан Засгийн газраа огцруулснаас үүдэж  яам, агентлагууд ажил цалгардуулах байдал нэмэгдлээ гэх шүүмжлэл иргэдийн зүгээс ирж байна. Төрийн алба ажил явуулахаас илүүтэй сандал суудалдаа анхаарал хандуулж байгаа нь ийн шүүмжлэхэд хүргэж байгаа нь мэдээж.

Дараагийн Засгийн газар ямар бүтцээр ажиллах вэ? Олон нийтийн сонирхож буй улс төрийн хамгийн тулгамдсан энэ асуултыг “Яам, агентлагаар сонин юутай вэ?” булан онцолж байна.
 


МАН-ын ээлжит IX бага хурлаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг тодруулсан. Ерөнхий сайдад нэр дэвшсэн У.Хүрэлсүх Бага хурлынхаа гишүүдийн өмнө өөрийн мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж, зорилтоо танилцуулахдаа өмнөх Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулахгүй гэсэн байр сууриа илэрхийлжээ. “Хатуу өвөл болох учраас сандал ширээний хэрүүл хийж, яамыг 2-3 хуваахаа болъё. Өмнө нь боловсруулсан Засгийн газрын бүтэц, хөтөлбөрийг барьж, боловсон хүчин дээрээ шинэчлэл хийх бодлого барина” гэж тэрбээр үзсэн байна. Гэхдээ шаардлагатай албан тушаалд мэргэжилдээ дөхүү хүмүүсийг томилж ажиллуулах нь зөв гэж үзжээ. Түүнчлэн 2016 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарч, шударга ёс, хариуцлагын тогтолцоог хангаж ажиллахаа мэдэгдсэн байна. Тэгэхээр шинэ Засгийн газар 13 яамтай байх нь бараг тодорхой гэж ойлгож болохоор.  

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Дан, давхар дээл бол өнөөдөртөө тулгамдсан асуудал биш. Өнөөдөр Монгол гэдэг баян орныг, энэ сайхан орныг хурдан босгоод авах сэтгэлтэй хүмүүс хэдэн ч дээлтэй байж болно. Сэтгэл байвал дээлгүй ч байсан болно” гэж хэвлэлд байр сууриа илэрхийлсэн.

Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүд мөн адил “Давхар дээл”-тэй байхыг эсэргүүцэхгүй байгаа. Өмнө нь Ардчилсан намын Засгийн газрыг “Давхар дээл”-ээр нь мөн ч их гоочилж, шүүмжилдэг байсан МАН-ынхан сонгуулийн дараа өөрсдөө тэр “дээл”-ийг нөмөрч эхэлсэн. Энэ удаад ч мөн адил УИХ-ын гишүүн байх эсэхээс үл хамаарч мэргэжлийн хүн томилох тал дээр анхаарна гэсэн байр суурь барих бололтой.

Засгийн газрын гишүүдийн хэдэн хувь дан дээлтэй, хэдэн хувь нь давхар дээлтэй байх, дэд сайд томилох эсэхийг МАН-ын Удирдах зөвлөлөөр удахгүй ярьж шийдэх ажээ.

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж