"Мөнгө хүүлэлтийн эсрэг зохицуулалт хэрэгтэй"

Хуучирсан мэдээ: 2017.09.28-нд нийтлэгдсэн

"Мөнгө хүүлэлтийн эсрэг зохицуулалт хэрэгтэй"

НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, нийслэлийн хог хаягдлыг цуглуулах, зөөвөрлөх төслийг хэрэгжүүлэх аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлах талаар ярилцлаа.

Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирал Д.Ган-Очиртой
эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-Ирэх онд Монголын эдийн засаг ямар байх төлөв гарав. Эдийн засагт хэд, хэдэн хүндрэл учирч болзошгүй гэдэг анхааруулгыг өглөө. Гол шалтгаан юунд байна вэ. Гарах арга замыг эрэлхийлбэл?

-Монголбанкны Судалгаа статистикийн газарт эдийн засгийн урт хугацаанд анхаарах асуудлууд, эдийн засгийн бүтцийн бодлогын асуудлаар тогтмол судалгаа хийдэг.

Энэ хүрээнд гадаад сектор, төсөв, валютын ханш, мөнгөний бодлого,  банк санхүүгийн салбар, нийгмийн асуудал ямар байна вэ гэдгийг судлаад үзэхээр эдийн засагт сэргэлт ажиглагдаж эхэлж байгаа. Гэхдээ эмзэг байдал нь хэвээр. Аль салбарт эмзэг байдал өндөр байна вэ гэвэл гадаад сектор буюу нүүрсний үнэ унах, гадаадын шууд хөрөнгө оруулалт татрах юм бол эдийн засагт ирэх дарамт хүндрэл маань өндөр хэвээр байна гэдэг үр дүн гарч байгаа.

Төсөв мөн уул уурхайн салбараас хэт өндөр хамааралтай хэвээр байна. Төсвийн орлогын 25 хувь уул уурхайн салбараас орж ирдэг.

Төсвийн алдагдал өндөр байгаагаас өр бас их болсон.  Төсвийн өндөр өр нь дараагийн хүүнийхээ зардлыг бий болгоод төсөвт эргэж дарамт бий болгож байна.  Энэ нь эргэж санхүүгийн сектор дээр бүх эрсдэлийг хуримтлуулдаг.

Сүүлийн нэг жил гаруйн хугацаанд нүүрсний үнэ өндөр байгаад уул уурхай сэргэхийн хэрээр худалдааны салбарын чанаргүй зээлийн хэмжээ буурсан. Гэхдээ ерөнхий төвшнөөрөө чанаргүй зээлийн хэмжээ 9-10 хувьтай өндөр хэвээр байгаа.

Тодотгоод хэлбэл бүх сектор дээр эмзэг байдал өндөр байна.

-Шалтгаан нь юу юм бол, гарах гарцын тухайд тодруулбал?

-Гурван үндсэн шалтгаан байгаа. Нэгдүгээрт, өнгөрсөн жилүүдийн бодлогын гажуудлыг богино хугацаанд шийдэх боломжгүй. Хоёр дахь нь бодлогын гажуудлыг засах оролдлого хийж байгаа ч нэг жилийн хугацаанд төсөв, мөнгөний бодлогоор дамжуулаад засах боломжгүй асуудал бий.

Гурав дахь нь, том санхүүгийнхээ сектор дээр реформ хийх зайлшгүй шаардлага байна. Энэ нь урт хугацааны бодлого гэж ойлгож болно.

Цаашдаа эдийн засгийг зөв гольдролд оруулахын тулд хэд, хэдэн асуудлыг авч үзлээ. Шийдэх л шаардлагатай.

Төсвийг эрүүлжүүлэхийн тулд ОУВС-гийн хөтөлбөрийг амжилттай үргэлжлүүлэх шаардлага байна.

Монгол Улс өртэй эдийн засагтай болсон.  Стандарт бодлого хэрэгжүүлэх боломжгүй. Тэгэхээр ДНБ-нийг өсгөх шаардлага байна.

Түүнд хүрэхийн тулд инфляцыг найман хувьд тавиад, тэнд нь тогтворжуулъя, орон зайг нь бодит секторыг дэмжихэд чиглүүлье гэдэг бодлогыг төв банк барьж байна.

Нэрлэсэн ДНБ-нийг  өсгөх замаар өрийн ДНБ-д эзэлж байгаа хувийг бууруулна. Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх нь чухал.

Монгол Улсын логистик дэд бүтцийг сайжруулахад анхаарах шаардлага байгаа. Гадаадаас авчирч байгаа бараа бүтээгдэхүүний 25 хувь нь зөвхөн логистик тээвэртэй холбоотой зардал эзэлдэг.

Нөгөө талдаа институци, авлига, засаглалын асуудал ч хөндөгдөж байгаа. Энэ гурван асуудлыг шийдвэрлэхгүйгээр, дорвитой зөв бодлого хэрэгжүүлэхгүйгээр байгалийн баялагтай улс орон хөгжиж чаддаггүй.

Байгалийн баялагтай орон байж, баян болж чаддаггүйн шалтгаан нь институци байдаг. Эдийн засгийн өсөлт нь нэг жил 17 хувиар, дараа жил -2 хувиар өсөлттэй гардаг тогтворгүй эдийн засгийн өсөлтийн шалтгаан нь институци.  Институцыг бүрдүүлэх асуудал юм. Нийтээрээ хүлээн зөвшөөрөгдсөн хууль тогтоомжийг биелүүлэх ёстой. Дараа нь компанийн засаглал. Монголын төрийн засаглалыг компанийн засаглал шиг болгох ёстой.

Хяналтын механизмтай,  гүйцэтгэх удирдлага нь ажлаа хийж чадахгүй бол дээр нь байгаа Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ нь  тэр хүнд хариуцлага тооцдог. Тусдаа аудитын компанийг ТУЗ нь хөлслөөд гүйцэтгэлийг нь хянадаг. Монголд институцыг сайжруулах, засаглалыг сайжруулах, авлигаас ангижрах гэдэг бол урт хугацаанд шаардлагатай бодлого юм.

-Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх нь чухал гэж та хэллээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргэхгүй байна гэж ойлгож болох уу?

-Монгол Улсад 2017 оны эхний найман сарын байдлаар 650 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн. Энэний 550 сая ам.доллар нь зөвхөн Оюутолгойн хоёрдугаар шатны хөрөнгө оруулалттай холбоотой.  Бусад салбарууд гэдэг юм уу, бусад компаниас орж ирсэн нь 100 сая ам.доллар. Энэ нь гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргээгүй байгаа гэсэн үг.  Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татахын тулд худалдааг сайжруулах, дипломат болон эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, бэхжүүлэх шаардлагатай.

-Гадаадын шууд хөрөнгө оруулалт өсөхгүй,  нүүрсний экспорт нэмэгдэхгүй бол эрсдэл улам нэмэгдэнэ биз. Энэ тохиолдолд валютын ханш чангарч, төгрөг сулрах эрсдэлтэй.  Үүнээс сэргийлэхийн тулд яах ёстой вэ?

-Том төслүүдээ хөдөлгөх шаардлагатай.  Валютын нөөцтэй байх шаардлагатай. Төгрөг гэдэг зүйл чанга байхын тулд Монгол Улс валютын арвин нөөцтэй байх шаардлагатай юм.

-Өнөөдрийн байдлаар төв банкны валютын нөөц хэд вэ?

-Оны эхэнд 1 тэрбум ам.долларын нөөцтэй байсан бол нэмэгдсээр 1.6 тэрбум ам.доллар болсон.

-Интервенц хэр хийж байна вэ?

-Харьцангуй багассан. Өмнө нь сард 500 сая ам. доллараар интервенц хийдэг байсан. Одоо сард 50-60 сая ам.долларын интервенц хийдэг .

-Ирэх онд валютын ханшийг өнөөгийн төвшинд  тогтвортой барих боломж байгаа юу? 

-Валютын ханшийг тогтвортой барих нь бидний зорилго биш. Нүүрсний экспортын хэмжээ багасаж байгаа. Гэхдээ Олон улсын валютын сангийн хөтөлбөр үргэлжлэх юм бол энэ оны сүүлээр 300 сая ам.доллар, дараа жил 1.3 тэрбум доллар, 2019 онд 1 тэрбум ам.доллар тус, тус орж ирэхээр урсгал хүлээгдэж байгаа. Оюутолгой төслийн хоёр дахь шатны төслийн хүрээнд энэ жил 830 сая ам.доллар, ирэх жил 1 тэрбум ам.доллар,  таван жилийн хугацаанд 5 тэрбум ам.доллар орж ирнэ. Нийлээд 10 орчим тэрбум ам.долларыг ойрын таван жилд хүлээж байна.  Шинэ Засгийн газар байгуулагдаад улс төр тогтвортой болсон нөхцөлд мөнгөн урсгал сайжраад валютын ханш тогтворжих, эдийн засгийн суурь бүтэцтэйгээ нийцтэй байх боломж бүрдэнэ гэж харж байна.

-Сүүлийн үед эдийн засагчдын зүгээс зээлийн өндөр хүүг буулгах механизм нь мөнгө хүүлэлтийн эсрэг хуультай болох шаардлага байна гэсэн санааг дэвшүүлж байна. Та энэ асуудалд ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Эдийн засгийн шалтгаанууд байгаа. Банкны өөрийнх нь үйл хөдлөлийн шалтгаан байгаа. Хууль эрх зүйн шалтгаан байгаа. Энэ асуултын хувьд банкуудын хүү гэхээс илүүтэй банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооны хүүний асуудал. Санхүүгийн системийг томоор нь аваад үзэх юм бол харьцангуй жижиг гэдэг. Хэрэглэгчдийн хандаж байгаа эрэлт талаасаа багагүй зах зээл.

Энэ зах зээлүүд дээр төв банкных нь хүү 12 хувь, банкуудын хүү 20 орчим хувьтай байхад 48 хувийн хүүтэй зээл явж байгаа бол ард нь асуудал байна гэсэн үг. Тэр асуудлыг шалгадаг, хянадаг механизм нь Монголд ажиллах ёстой. Тэрэнд шаардлагатай хууль эрх зүйн зохицуулалтыг батлах л ёстой.

Г.ДАРЬ

 

 

 

 

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж