Сүрдүүлгийн сүүдэрт зөрчигдөж буй сурах эрх

Хуучирсан мэдээ: 2017.09.28-нд нийтлэгдсэн

Сүрдүүлгийн сүүдэрт зөрчигдөж буй сурах эрх

Шинэчлэлийн Засгийн газар бүрэлдэж, шинэ яамд, агентлагууд үйл ажиллагаагаа эхэлж буй энэ цаг үед Боловсрол, шинжлэх ухааны яам иргэдийн асуултад хариулах тусгай дугаарыг өнөөдрөөс ажиллуулж эхэлжээ.

Багш нарын баяр айсуй. Жил бүрийн хоёрдугаар сард баяраа тэмдэглэдэг багш нар дэлхийн багш нарын өдөртэй давхцуулан аравдугаар сарын 5-ны өдөр баярладаг болоод удаж байна.  Багш нарын баяр дөхсөн намрын шаргал өдрүүдэд багачууд  хүүхдүүд, эцэг эхчүүд багшдаа ямар бэлэг барих вэ хэмээн сэтгэл чилээн бэлтгэж байдаг сан. Харин энэ жил байдал тэс өөр, цалингаа чамласан багш нарын царай баргар байна. Тэднийг дагаад нийгмийн уур амьсгал, багшаа гэсэн сэтгэл ч бас барайжээ.

 

Багш нар энэ жил баярлах бус тэмцэлдэхээр шийджээ. Багш нарын баярын өдөр /2017.10.05/  хот, хөдөөгийн 3000 гаруй багш Сүхбаатарын талбайд жагсахаар бэлтгэл ажилдаа оржээ. Цалингаа 1.6 сая төгрөг хүртэл нэмүүлэх хүсэлтийг нь үүрэг гүйцэтгэгч Засгийн газар хүлээн авахгүй бол аравдугаар сарын 10-наас эхлэн хугацаагүй ажил хаялт зарлахаар ярилцаж эхэлсэн гэдгийг ‘Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хороо’-ноос мэдэгдэв. Тус хорооны зохицуулагч Ц.Мөнхтуяа  “Багш нарыг өлсгөлөн зарлах хэмжээнд хүртэл явуулахгүй байх аа” гэж уриалгахан сүрдүүлээд амжив.

 

 

Хугацаагүй ажил хаялт зарлаж байсан түүх Монголд байхгүй. Урьд өмнө нь багш нараас ч хүнд байдалд орсон хүмүүс өлсгөлөн зарлаж байсан ч хугацаагүй ажил хаялтаар далайлгаж байсан нь үгүй. Харин өөрсдийнх нь тодорхойлсноор “Монгол орны түүчээ, хөдөлгөгч хүч” болсон ардын багш нар маань анхдагч болж түүхэнд үлдэхээр шийдсэн бололтой. Харамсалтай…

 

Есдүгээр сарын 21-ний өдрийн  сануулах ажил хаялтад нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн багш нарын  43 хувь, цэцэрлэгийн багш 28 хувь нь хамрагдсан бол хоёр дахь удаад  улсын хэмжээний  ерөнхий боловсролын сургуулийн 56 хувь, сургуулийн өмнөх боловсролын  23 хувьд ажиллаж буй багш нар ажил хаяжээ. Тэд энэ үйлдлээрээ төр засгийг бус өөрийг нь хүний дээд хэмээн итгэдэг шавь нараа, тэдний эцэг эхчүүдийг хашрааж орхив. Яг одоохондоо Засгийн газар кабинетаараа огцорчихоод байгааг багш нар мэдэхийн дээдээр мэдэж байгаа ч цалингаа нэмүүлэх эцсийн зорилгодоо эцэг эхчүүдээр бүл нэмүүлэх башир арга гэж харагдаад байгаа юм. Учир нь багш нар “Хүндэт эцэг, эх Та багш нар ажил хаяж буй өдрүүдэд хүүхдээ асрамжиндаа авч, анхаарал халамж тавина уу. Бидний ажил хаялтыг дэмжсэн та бүхэнд баярлалаа” гэсэн мэдэгдэлд гарын үсэг зуруулан авч байна. Гарын үсэг зурахгүй гэхээр хүүхдээ үл хайхарсан болчих гээд, гарын үсгээ зурчихаар ажил хаялтыг дэмжсэн болж буй салаа утгатай мэдэгдлийг тэд шавь нартаа санаа тавьсандаа гаргав уу, ажил хаялтыг эцэг эхчүүд дэмжиж буйн баталгаа болгов уу. Эргэлзээтэй…

 

Ажил хаясан багш нарын мянга мянган шавь нар хоёр өдрийн турш юу хийж өнжсөн бэ? Цалингаа чамласан багш нарт энэ тухай  бодох сөхөө алга. “Өнөөдөр Монгол Улсад багш нар байхгүй бол ямар байх вэ гэдгийг мэдрүүлэх гэж ажил хаяж байна” хэмээн хээв нэг хэлж зогсох багш таны ёс зүй хаачив. Цалингаа нэмүүлэх хүсэлдээ хөтлөгдсөн багш нар хүүхдүүдийн сурч боловсрох  эрхийг зөрчөөд эхэлжээ.  Монгол Улс иргэдийнхээ сурч боловсрох эрхийг Үндсэн хуулиар баталгаажуулж,  суурь боловсролыг бүх нийтэд үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр заасан байдаг. Хүүхэд бүрт адил тэгш олгогдсон сурч боловсрох эрхийг нь хязгаарлаж, өөрсдийн асуудлыг шийдүүлэхэд шавь нараа ашиглах эрх багшид бий юү.  Багш нар бага цалинтайг мэддэггүйдээ, эсвэл  албадлагаар  энэ мэргэжлийг сонгосон гэж би хувьдаа бодохгүй байна. Тиймээс цалингаа өсгөх  зорилго бүхий  багш нарын сүрдүүлгийн сүүдэрт хүүхдүүдийн сурч боловсрох эрх ноцтойгоор хөндөгдөж эхэллээ. Хүүхдийн эрхийг хамгаалах үүрэг бүхий хувь, хувьсгалын  байгууллагууд энэ талаар огтхон ч дуугарахгүй амаа үдүүлсэн мэт таг чиг байна. Хачирхалтай…

 

Нөгөөтэйгүүр Монголд багш нар л цалин багатай ажилладаг уу гэж асууя, багш нараас.  Үхэл амьдралын зурваст ажилладаг эмч, сувилагч, асрагч нарын ачаалал багшийнхаас бага, бас цалин нь илүү юү. Хаа тэртээгээс үнэртээд байгаа цэвэрлэх байгууламжийн ажилчид санасандаа хүрсэн цалинтай болоод дуугардаггүй юу. Үргэлж бусдын төлөө дуугарч, үзэг, сэтгэл хоёроо элээж явдаг сэтгүүлчид багш нараас тансаг амьдардаг уу. Үгүй гэдгийг бүгд мэднэ. Хийж буй ажлаа авч буй цалинтайгаа дүйцүүлэн хараад чамлаж яваа хүн олон бий. Тиймээс багш нарын цалин нэмэгдүүлэх хүсэлт шаардлага байж боломгүй зүйл огтоос биш. Гагцхүү цалин нэмэгдүүлэх хүсэл, засаг төрд хамааралтай улс төрийн  тэмцэлдээ хүүхдүүдийг, шавь нараа ашиглахгүй байхыг сануулах гэсэн юм.  

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж