“Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр”-ийг тохиолдуулан ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссоос Глоб Интернэшнл төвтэй хамтран 2017 оны есдүгээр сарын 28-ны өдөр “IPDCtalks: Mongolia” чуулганыг анх удаа эх орондоо зохион байгуулах гэж байна.
“IPDCtalks: Mongolia” чуулганаар “Мэдэх эрхээ эдэлснээр тогтвортой хөгжлийг бэхжүүлнэ” сэдвийн хүрээнд сэтгүүлч, иргэний нийгмийн байгууллагын 30 эрхэм Тогтвортой хөгжлийн зорилт тус бүрийн биелэлтэд тулгамдаж буй асуудлыг олон нийтийн оролцоотойгоор даван туулахад шаардлагатай шийдлүүдийн талаар илтгэл тавина.
ЮНЕСКО 2016 оноос эхлэн жил бүрийн 9 дүгээр сарын 28-ны өдрийг “Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр” болгон зарласан юм. Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр нь 2030 он хүртэлх “Тогтвортой хөгжлийн зорилт”, түүний 16.10-д заасан олон нийтийн мэдээлэл олж авах эрхийг хангах, хүний суурь эрх, эрх чөлөөг хамгаалах зорилттой онцгой хамааралтай. Мэдээлэл олж авах түгээмэл эрх нь үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний чухал хэсэг болох мэдээлэл хайх, мэдээлэл хүлээж авах эрхтэй салшгүй холбоотой юм.
ЮНЕСКО-ийн Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн хөтөлбөрөөс санаачилсан “IPDCtalks” чуулганыг анх 2016 онд Парис хотод зохион байгуулжээ. Тус чуулган нь чөлөөт, хараат бус, олон ургальч хэвлэл мэдээллийн оролцоог хөхиүлэн дэмжих замаар 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх гол зорилготой.
Л.ХАЛИУ