НҮБ-ын Хүний эрхийн шинжээч Жон Х. Нокс Монгол Улсад ажилласан тайлангаа өнөөдөр /2017.09.27/ танилцууллаа. Тэрбээр Монгол Улсад анх удаа айлчилж байгаа бөгөөд айлчлалынхаа явцад зарим яам, тамгын газрын ажилтнууд, сайд дарга нар, УИХ-ын гишүүн, олон улсын болон нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэн мэргэдтэй уулзахын сацуу Төв аймгийн Заамар сум, нийслэлийн Налайх дүүрэгт биечлэн ажилласан байна.
“Заамарт очоод сэтгэл өвдсөн” гэв
Монгол Улсын байгаль орчин, экологийн асуудал болоод хүний эрхийн зөрчлийн хувьд зарим улс оронтой зүйрлэхээргүй дээгүүр төвшинд байгаа ч анхаарал хандуулж, шийдэх асуудал байсаар байгааг ноён Жон Х. Нокс онцоллоо. Ялангуяа нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдол, Туул голын эрэг орчмын хог хаягдал, усны бохирдол асар ихээр санаа зовоож байгааг тодотголоо. Монголчууд байгаль орчноо хайрлан хамгаалах өвөрмөц зан үйлтэй хэдий ч голынхоо эрэг дагуу нүүрсний үнс, хог хаясан байсныг НҮБ-ын шинжээч яриандаа дурдаж байлаа.
НҮБ-ын шинжээчийн зорин очсон Заамар суманд байгаль орчны асуудал маш хурцадмал байдалд хүрснийг онцгойлон анхаарууллаа. Урьд нь хэрэгжсэн “Алт” хөтөлбөрийн үр дүнг тооцоогүй хэр нь дахин Монгол Улсын Засгийн газраас “Алт-2” хөтөлбөр хэрэгжүүлэхээр зарласныг буруушаав. Алт олборлосноор улс орны эдийн засагт эерэг нөлөөтэй байж болох ч байгаль орчинд түүнээс хэд дахин их гарз хохирол учруулдгийг нутгийн иргэд НҮБ-ын төлөөлөгчид ярьсан байна. Заамарт аварга том байшин шиг экскаваторууд, сэгсрэгдэн оргилох ус, аюул дагуулсан том том нүхнүүд, амьсгал боогдуулам шороо тоос, энэ бүхний дунд хөөцөлдөн тоглох хүүхдүүд түүнийг угтсан нь сэтгэл өвдөм байсан гэдгийг Жон Х.Нокс зураглан өгүүлсэн юм. Малчид бэлчээргүйдэн идээшиж дассан нутгаасаа шахагдаж, хэчнээн эсэргүүцээд ч тэдний дуу хоолой эрх баригчдад хүрдэггүй гэж малчид НҮБ-ын шинжээчид хэлсэн байна. Энэ бүхнийг бүгд мэддэг ч үл хайхардаг, хяналт тавих Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь хүрэлцдэггүй зэрэгт Засгийн газар буруутай гэдгийг тэрбээр тодотгов.
Нийслэлийн Налайх дүүрэгт ч ялгаагүй уул уурхайн хууль бус олборлолт газар авч, түүнээс үүдсэн хор уршиг улам бүр гүнзгийрсэн нь ажиглагджээ. Айлуудын суурьшлын бүс доогуур нүүрс олборлоод эхэлсний дээр орон сууцны байшингуудад ч цууралт хагарал үүссэнийг нүүрс олборлолттой холбохоос аргагүй гэв. Олон арван хүний амь нас эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж мэдэх энэ үйлдлийг нэн даруй таслан зогсоохыг НҮБ-ын шинжээч зөвлөмждөө тусгажээ.
Талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн хэргийг
эргэн нягтлахыг сануулав
НҮБ-ын шинжээчийн хөндөн тавьсан дараагийн асуудал нь хүний эрх, эрх чөлөөний тухайд байлаа. Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын төвшинд нэн яаралтай шийдэх хэд хэдэн асуудлыг санал болгож, зөвлөмждөө тусгажээ. Юун түрүүнд Байгаль орчны гомдол хянан шийдвэрлэх төлөөлөгч /Омбудперсон/- тэй болохыг зөвлөв. Мөн байгаль хамгаалагчид, хүний эрх, эрх чөлөөг дээдлэгчдийг хамгаалах хууль эрхзүйн орчинг бий болгоогүйгээс дэлхийн бусад улс орнуудад түгээмэл тохиолддог хүчирхийлэл, зөрчил гарч эхэлснийг талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн амь насаа алдсан хэргээр жишээ татан тайлбарлав. Ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл 2015 оны арваннэгдүгээр сард өөд болж, хууль хүчний байгууллагынхан түүнийг амиа хорлосон гэж үзсэн ч энэ бол зарим улс оронд байгалиа хамгаалж яваад цаг бусаар өөд болсон байгаль хамгаалагчдын хэрэгтэй тун төстэй байгааг НҮБ-ын шинжээч онцоллоо. Тэрбээр энэ хэргийн үнэн мөнийг яаралтай шийдэхэд Монгол Улсын Засгийн газар анхаарах ёстой гэв.