Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ сарын 22-30-ны өдрүүдэд цагаан сарыг угтсан их цэвэрлэгээг нийслэлийн хэмжээнд зохион байгуулахыг дүүргүүдэд уриалаад байгаа юм. Уриалгын дагуу нийслэлчүүд эхнээсээ их цэвэрлэгээнд гарчээ. Тодруулбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг өчигдрөөс их цэвэрлэгээний ажлыг эхлүүлсэн байна. Ингэхдээ хороо бүрт байх хур хогийг ачих ажлыг эхлүүлж, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд хуваарийн дагуу ойр орчмынхоо хог шороо, замын халтиргаа гулгаар цэвэрлэж, ажилдаа орсон гэсэн мэдээллийг холбогдох албаны хүн өглөө. Мөн нийслэлийн Баянзүрх дүүргийн 10, 2, 8 дугаар хорооны гэр хорооллын иргэд ойр орчмын хогоо цэвэрлэж, ачиж эхэлжээ. Тухайлбал, 10 дугаар хороонд 10 машин гаргаад байгаа аж. Харин хогийн цэг үүссэн хэсгүүдийн хогийг ачихад 16-17 тоннын даацтай том оврын авто машин гурвыг гаргасан гэсэн мэдээллийг мөн холбогдох газраас өглөө.
Тэгвэл нийслэлийн Хан-Уул дүүргийн хэмжээнд их цэвэрлэгээний ажил хараахан эхлээгүй, ирэх долоо хоногийн даваа гаригаас эрчимжүүлэх бол нийслэлийн Баянгол дүүрэг маргаашнаас байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг хамруулан их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна гэдгийг дүүрэг хариуцсан мэргэжилтэн өглөө.
Г.Дарь