МАН-ын IX бага хурал энэ сарын 25-нд болж, Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлэх шийдвэр гаргасан. Энэ талаар болон бусад асуудлаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2017.09.27/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр “МАН-ын ээлжит IX бага хурлаар Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон үр дүн, Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг тодруулах үйл явцыг нээлттэй хэлэлцэж, шийдвэрлэлээ. Ирэх арваннэгдүгээр сарын 21, 22-нд МАН-ын Их хурлыг зарлан хуралдуулах боллоо. Нийт 1309 төлөөлөгч оролцоно.
Ерөнхий сайдад нэр дэвшсэн У.Хүрэлсүх Бага хурлынхаа гишүүдийн өмнө өөрийн мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж, зорилтоо танилцуулсан.
2016 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэдгийг нэр дэвшигч хэлсэн.
Монголын нийгэмд үгүйлэгдээд байгаа шударга ёс, хариуцлагын тогтолцоог хангаж ажиллахаа мэдэгдсэн.
Хариуцлага шударга ёсыг урьтал болгож ажиллана. Бүх төвшинд хариуцлага тогтож байж, улс төрийн нам, төрийн байгууллагадаа итгэх итгэлийг бий болгож ажиллана гэдгээ илэрхийлсэн” гэлээ.
Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв.
-МАН-ын дарга М.Энхболд Бага хуралд тавьсан илтгэлдээ “Төрийн албаны шахааг зогсоох ёстой” гэсэн байсан. Ерөнхий сайдад нэр дэвшигч Шинэ Засгийн газрыг байгуулахдаа ямар бодлого барих вэ?
-Төрийн албанд МАН-ын гишүүд, дэмжигчид нэлээд томилогдсон. Намын бодлогын хүрээнд томилогдсон, сонгогдсон албан тушаалтан хэд байна. Холбогдох албан тушаалтнуудын хүрээнд томилогдсон нь хэд вэ гэдгийг илтгэлдээ дурдсан.
Ерөнхий сайдад нэр дэвшигч Өмнөх Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулахгүй. Хатуу өвөл болох учраас сандал ширээний хэрүүл хийгээд яамыг 2-3 хуваахаа болъё. Өмнө нь боловсруулсан Засгийн газрын бүтэц, хөтөлбөрийг бариад боловсон хүчин дээрээ шинэчлэл хийх бодлого барина гэсэн. Шаардлагатай байгаа албан тушаалд мэргэжилдээ дөхүү хүмүүсийг томилж ажиллуулах нь зөв гэсэн бодлого барьж байна.
-Шинэ Засгийн газар дэд сайдтай байх уу?
-Удирдах зөвлөл дээр тохирох ёстой.
-Ерөнхий сайдад нэр дэвшигч бондын төлбөр, багш, эмч нарын цалинг нэмэх эсэх асуудалд ямар байр суурь баримталж байна вэ?
-Ерөнхий сайдад нэр дэвшсэн гурван хүн он гараад төлөх бондын 660 сая ам.долларын эргэн төлөлтийг хөндсөн. Үндсэндээ нэг зүйл ярьсан. Бондыг төлнө, богино хугацаанд төлөх 2-3 аргыг Сангийн яам боловсруулсан байгаа юм билээ. Шинээр Засгийн газар байгуулагдахаар Сангийн сайдаар шинэ хүн гарч ирнэ. Санхүүгийн бодлого чиглэлээ УИХ дээр нэр дэвшигч нь тодорхой ярих байх.
Зөвхөн багш, эмч нарын цалингийн нэмэгдэл биш төрийн албан хаагчдыг нэмэгдлийг 2018 оны төсөвтэйгээ уялдуулан нэмэх ёстой гэж ярьж байгаа. Энэ бол МАН-ын бодлого юм.
-Шинэ Засгийн газарт өмнөх Засгийн газрын сайд нар орж ажиллах боломжтой юу?
-Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд өмнөх сайд нарыг багтаах уу, шинэ сайд нарыг оруулах уу гэдэг тохиролцоо хийгээгүй, цэвэр өрсөлдөөн явсан. Дараагийн Засгийн газарт хуучин сайд ч орж болно, бүгд шинэ байсан ч болно. Мэргэжлийн хүн томилж ажиллахыг эрмэлзэнэ. Эдийн засаг, нийгмийн асуудал хүнд үед нийтлэг эрх ашиг зарчимд тулгуурлан чадалтай хүмүүсээ сайдаар томилж ажиллах бодлого барина.
-Засгийн газрын гишүүдийн хэдэн хувь дан дээлтэй, хэдэн хувь нь давхар дээлтэй байх вэ?
-Энэ асуудлыг Удирдах зөвлөл дээр ярина. Олон нийтийн өмнөөс энэ үүргийг гүйцэтгэж чадах хүн хэн байх вэ гэдгийг чухалчилна.
-Бага хурлаар МАН-ын гишүүд хагаралдаж, тэмцэлдсэн гэдэг зүйл яригдаж байна?
-Бага хурлаас болж намын нэр хүнд алдагдаад, бүлэглэл фракцад хуваагдаад байгаа зүйл байхгүй. УИХ-д МАН 65 гишүүнтэй, 64 нь санал хураалтад оролцож, 33 нь Засгийн газартаа хариуцлага тооцох ёстой гэж үзсэн нь олонх. Цаашдаа энэ асуудлаас болж, талцаж хуваагдах эрх байхгүй. Эдийн засаг, нийгмийн байдал хүнд байна.
-МАН-ын дүрэмд сонгуулийн үеэр намынхаа эсрэг ажилласан гишүүнийг намаас гарсанд тооцно гэсэн заалт бий. Гэтэл Ерөнхий сайдад нэр дэвшигч тань Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр намынхаа эсрэг ажилласан бичлэг цацагдсан. Бага хурлаар энэ асуудлыг юу гэж үзсэн бэ?
-Тэр яриа Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрсний дараа болсон гэдгийг эх сурвалжууд ярьсан. Хэд, хэдэн яриаг эвлүүлсэн. Дотор болон гадаа болсон яриа байна гэж Б.Баатар өөрөө хэлсэн. Нотлоогүй зүйлийг үндэслээд намаасаа хөөх боломжгүй.
Г.ДАРЬ