Шүүгчийг хэн томилох нь зөв бэ?

Хуучирсан мэдээ: 2017.09.27-нд нийтлэгдсэн

VS

Шүүгчийг хэн томилох нь зөв бэ?

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Улсын дээд шүүхийн шүүгчийг УИХ дэмжсэнээр Ерөнхийлөгч томилно” гэсэн заалт тусгасан нь шүүгч нарын эсэргүүцэлтэй тулаад байгаа.

Үндсэн хуулийн хүрээнд дээрх өөрчлөлт оруулсан нөхцөлд шүүгч нар улстөрчдийн хараат болох эрсдэл өндөр болно гэж шүүгчид тайлбарлаж буй юм.

Хууль тогтоогчдын хувьд дээрх өөрчлөлт нь шүүгч нарт шалгуур бий болгоно гэж тайлбарлаж буй бол иргэдийн хувьд “Шүүгчийг томилох бус иргэний оролцоотойгоор сонгодог болох нь хамгийн зөв гарц” гэсэн санал ч дэвшүүлж буй.

“VS” булангийнхаа энэ долоо хоногийн дугаарт энэхүү маргаантай асуудлыг хөндөж, Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, иргэн С.Сүхбаатар нарын байр суурийг онцоллоо.

 

М.Батсуурь
Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын тэргүүн

Улсын Дээд шүүхийн шүүгчийн томилгооны асуудал дээр “УИХ дэмжсэнээр Ерөнхийлөгч томилох’’ тухай нэмэлт, өөрчлөлт төсөлд орсон. Одоо байгаа зохицуулалтаар Улсын Дээд шүүхийн шүүгчийг УИХ-д танилцуулснаар Монгол Улсын Ерөнхийлөгч томилдог. Энэ заалтыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөр дордуулчихлаа.

УИХ-ын дэмжлэгээр шүүгчийн томилгоо хийлээ гэхэд шүүгчийн карьер хөөж байгаа хүн ур чадвараа нэмэгдүүлэх, шинжлэх ухаанч байдлаар хуулиа судлах, мэргэшихээс илүү аль нэг нам, улс төрийн хүчинд танигдах, тэдэнтэй ойр байх шаардлагатай болно гэсэн үг.

Тэгэхгүй бол Улсын Дээд шүүхийн шүүгч болох нь эргэлзээтэй болно. Улс төрийн соёл төлөвшөөгүй намуудтай манай улсад бол зохимжгүй заалт.

Д.Лүндээжанцан
УИХ-ын гишүүн

Бүх шатны ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгч томилж байгаа нь маш буруу гэх шүүмжлэл өнгөрсөн хугацаанд их яригдсан. Танил талаа шүүгчээр томилдог, намдаа үйлчилдэг шүүгчийг томилдог гэх мэт шүүмжлэл их олон жил яригдлаа шүү дээ. Тийм учраас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Улсын Дээд Шүүхийн ерөнхий шүүгчийг УИХ-аас дэмжсэнээр Ерөнхийлөгч томилдог болбол яасан юм бэ. УИХ бол ард түмний төлөөллийн байгууллага учраас бас ч гэж шалгууртай болох юм л” гэж үзсэн. Хэрүүл тарихын тулд ийм өөрчлөлт сэдээгүй юм шүү.

С.Сүхбаатар

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хувьд шүүх эрх мэдлийн хүрээнд шүүгчийн томилгоо чухал байгаа. Үүнд, Улсын Дээд шүүхийн шүүгчийг яаж томилох, бусад шүүхийн шүүгчийг хэрхэн томилох талаар тусгасан байна. Орж ирж байгаа саналыг харахад шүүгчийг Ерөнхийлөгч томилдог байсныг тодорхой хэмжээнд УИХ оролцдог байхаар өөрчлөх гэж байна. Иргэн хүний хувьд шүүгчдийг иргэд сонгодог байх нь зөв гэж үздэг. Олон улсад ч ийм байдаг. Ер нь бол шүүгчийг томилдог биш сонгодог байх нь зөв гэж үзэж байгаа. Томилдог байдал нь танил талаараа томилгоо явуулах нөхцөл бүрдүүлдэг.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж