АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп АНУ-Мексикийн хил дээр хана барина гэсэн сонгуулийн амлалтдаа хүрч, хилийн зурвас дээр барилгын ажлыг эхлүүлсэн талаар тус улсын засаг захиргаанаас мэдэгдсэн байна.
АНУ-ын Гааль, хилийн хамгаалалтын албанаас мэдээлснээр найман загвар хана барихаар төлөвлөж байгаагийн дөрвийг нь бетоноор үлдсэнийг нь өөр бусад материалаар барих юм байна. Эхний удаад Сан Диего хотын орчим хэд хэдэн хэсэгт хана босгохоор төлөвлөжээ.
Хоёр улсын хил дээр том, гоё хана барина гэж америкчуудад амласан Д.Трампын амлалтыг биелүүлэхээр холбооны болон орон нутгийн хууль сахиулагчид дайчлагдан Сан Диего- Тихуана метрополитан бүс дэх гурван том боомтын нэг Отай Месад хана барихаар газар ухаж эхэлсэн байна.
Загвар ханыг есөн метр өндөр байхаар тооцоолж, нэг сарын дотор барьж дуусгахаар төлөвлөжээ. Загвар ханыг барьж дуусах цагт хяналтын камер, хөдөлгөөн илрүүлэгч төхөөрөмжүүдийг мөн суурилуулах гэнэ. Хана тус бүрийн өртөг 450,000 ам.доллар болж байгаа бөгөөд зардлыг холбооны сангаас гаргах ажээ. Д.Трампын хана барихад зориулж 1.5 тэрбум ам.доллар төсөвт суулгахаар Конгресст санал оруулсан боловч зөвшөөрөөгүй байна. Д.Трамп сонгуулийн сурталчилгааны үеэр хоёр улсын хил дээр хана барих зардлыг Мексикийн талаас гаргуулна гэж хүртэл мэдэгдэж шуугиан тарьж байсан юм.
Харин Калифорнийн ерөнхий прокурор хоёр улсын хил дээр хана босгохыг эсэргүүцэж, өнгөрсөн долоо хоногт Сан Диего хотын холбооны шүүхэд гомдол гаргажээ. Тэрбээр Д.Трампын засаг захиргааг эрх мэдлээ урвуулан ашиглаж, байгаль орчны болон бусад хуулийг зөрчиж байна гэж үзжээ.
Орчуулсан Н.Энхтуяа