Хүчингийн хэрэгт нэр нь холбогдоод буй УИХ-ын гишүүн Д.Гантулгын асуудлаар өмгөөлөгч Б.Мэргэн УИХ-ын Ёс зүйн хороо болон Үндсэн хуулийн цэцэд ханджээ. Тодруулбал, УИХ-ын гишүүний ес зүйн дүрэм зөрчсөн үйлдэл гаргасантай нь холбогдуулан Ёс зүйн дэд хороонд хандсан байна. Мөн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхтэй холбоотой хуулийн заалт нь Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцэд гомдол гаргажээ.
ХҮЧИНГИЙН ХЭРГИЙН МӨРДӨН БАЙЦААЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбогдох хэргийг иргэн Ч.Наранзаяагийн гомдлоор Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж эхэлсэн. Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүйг албаны эх сурвалж мэдээлэв. Тодруулбал, УИХ-ын гишүүнд хүчиндүүлсэн хэмээн тэрбээр 2017 оны зургадугаар сарын 12-ны орой Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэст өргөдөл гаргаж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжилгээ өгсөн байдаг. Улмаар цагдаагийнхан хэргийг бүртгэн шалгасан боловч дүүргийн прокурорын газраас өнгөрсөн зургадугаар сарын 21-ний өдөр хэрэгсэхгүй болгожээ. Прокурорын шийдвэрийг Ч.Наранзаяа эсэргүүцэж, Улсын ерөнхий прокурорын газарт гомдол гаргасан юм. Гомдлын дагуу Улсын ерөнхий прокурорын газраас наймдугаар сарын 23-ны өдөр хяналтын прокурорын 4044 дугаартай тогтоолыг хүчингүй болгон, дахин хэрэг нээж мөрдөн байцаалтын ажиллагааг Улсын мөрдөн байцаах газрын болон Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн I хэлтсийн мөрдөгчдийн хамтарсан ажлын хэсэг байгуулан дахин эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хийж эхлээд байна. Мөн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нар худал дүгнэлт гаргасан байх магадлалтай гэж Ч.Наранзаяа үзсэн бөгөөд уг хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн I хэлтэс дээр шалгаж буй юм.
Д.ГАНТУЛГА УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ЁС ЗҮЙН ДҮРМИЙГ ЗӨРЧСӨН ГЭВ
Хэдийгээр хуулийн байгууллагууд Д.Гантулгад холбоотой хэргийг шалгаж буй ч УИХ-ын гишүүний ёс зүйн асуудал орхигдсоныг өмгөөлөгч Б.Мэргэн ярилаа. Түүний хэлснээр, Д.Гантулга нь гэмт хэрэгт холбогдсоноос гадна бусад хууль, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг зөрчсөн үйлдэл гаргасаар ирсэн гэв.
Монгол Улсын Төрийн ордны тухай хуулийн 11.1.2-т “Төрийн ордны хурал, зөвлөгөөн, уулзалтын танхим, албан тасалгаанд энэ хуульд зааснаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн 2.1.5-т “Гишүүн нь Төрийн ордон болон Улсын Их хурлын чуулганы хуралдааны танхимд биеэ зөв авч явж, холбогдох хууль тогтоомжийг сахин биелүүлнэ”, 2.1.7-д “Гишүүн нь ёс зүйн хэм хэмжээг сахих талаар олон нийтэд үлгэр жишээ үзүүлэгч байна” гэж заасан байдаг. Гэтэл УИХ-ын гишүүн Д.Гантулга нь өнгөрсөн долдугаар сарын 6-ны өдөр төрийн ажил хэргийн талаар биш өөрийн холбогдсон хүчингийн гэмт хэргийн тухай Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийж, “Би дотуур хувцсаа өмсөж гарсан…” гэснээс гадна хохирогчийн эгч Ч.Саранзаяатай эмнэлэгт уулзсан бичлэгийнхээ талаар тайлбар өгсөн нь дээрх хууль, ёс зүйн дүрмийг зөрчсөн үйлдэл болжээ.
Улсын Их хурлын тухай хуульд зааснаар гишүүний ёс зүйн асуудалд Улсын Их хурлын дэд дарга хяналт тавьж, Төрийн байгуулалтын байнгын хорооны Ёс зүйн дэд хороо хэлэлцэн шийдвэрлэж, шаардлагатай тохиолдолд Улсын Их хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцэх саналыг оруулдаг. Тиймээс гишүүн Д.Гантулгын гэмт хэрэгт холбогдсон болон бусад ёс зүйн алдаа гаргасан асуудлаар Улсын Их хурлын дэд дарга нар, Төрийн байгуулалтын байнгын хороо, Өргөдлийн байнгын хороо болон Ёс зүйн дэд хороонд хандаж, Улсын Их хурлын нэгдсэн чуулганаар оруулах тухай хүсэлтийг өгчээ.
Д.ГАНТУЛГЫГ БАРИВЧЛАН ШАЛГААГҮЙ НЬ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮҮ?
Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн НЭГД “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн бол ХОЁРТ, “Үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол‘-оор нь ялгаварлахыг хориглосон байдаг. Гэтэл хүчингийн хэрэгт нэр нь холбогдсон УИХ-ын гишүүн Д.Гантулгыг саатуулан, мэдүүлэг авахгүй байгаа нь Үндсэн хуульд заасан хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэсэн заалт зөрчигдөж байна гэж Б.Мэргэн тайлбарлав. Тэрбээр жирийн иргэн, Улсын Их хурлын гишүүн хоёрыг эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварласан хэрэг гэж үзэж буй юм. Ингэж үзэж байгаагаа Үндсэн хууль зөрчсөн Улсын Их Хурлын тухай хуулийн холбогдох заалттай холбоотойг хэллээ.
Үндсэн хуулийн 29.3-т зааснаар “Улсын Их хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ” гэж заасан. Гэтэл УИХ-ын тухай хуулийн 6.9.1-т “УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулах бөгөөд УИХ гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ” гэсэн байдаг. Тэгвэл уг хуулийн 34 дүгээр зүйлд “Энэ хуулийн 6.9.1-д зааснаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно” гэж заасан нь гишүүдийн халдашгүй байдлыг хэт өргөн хүрээнд авч үзсэн, зөвхөн Д.Гантулга гишүүнээр тогтохгүй өөр олон гишүүдийг гэмт хэрэгт холбогдуулан саатуулах, үзлэг, нэгжлэг хийх зэргээр шалгаж, улмаар гэмт хэрэг илрүүлэхэд шаардлагатай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийхээр саад учруулж байна хэмээн үзсэн учраас тэрбээр Үндсэн хуулийн Цэцэд ханджээ. Тодруулбал, өмгөөлөгч Б.Мэргэн ‘УИХ-ын гишүүн Д.Гантулга бусдыг хүчирхийлсэн гэмт хэрэгт холбогдсон атлаа гишүүний халдашгүй байдлын ард нуугдан, шалгуулахаас зайлсхийсээр байхад асуудлыг холбогдох байгууллагууд нь хөндөж тавиагүй нь Үндсэн хуулийг зөрчсөн хуулийн заалтаас болсон гэх гомдлыг Цэцэд гаргасан байна.