Хэн, хэн сайд болохгүй гэсэн бэ?

Хуучирсан мэдээ: 2017.09.27-нд нийтлэгдсэн

Хэн, хэн сайд болохгүй гэсэн бэ?

Хэн, хэн сайд болохгүй гэсэн бэ?

Ирэх долоо хоногт нээлтээ хийх намрын чуулганаар эрх баригч нам засгаа төвхнүүлнэ. Мэргэжлийн засгийг огцруулахад  гарын үсэг зурсан гишүүд тухайн үед сайд болохгүй гэдгээ амлаж байв. Ам алдвал барьж болдоггүй гэдэг. Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүд сайдын суудалд санаархаагүй гэдгээ илэрхийлж байсан. Ингээд хэн, хэн сайдын суудлаас “татгалзаж” байгаагаа илэрхийлснийг эргэн сануулъя.


УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

-Ж.Энхбаяр гэдэг хүн ямар төрийн байгууллага, улс төрийн албан тушаалыг хаших чадвартай хүн гэдэгтээ итгэлтэй байна. Гэхдээ миний үүрэг бол УИХ дотроо байгаа. УИХ дотор ажил хийх, санаачлах салбарын эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх, бодлого зорилт байгаа. Өнгөрсөн нэг жилийн дотор батлан хамгаалах салбар, үндэсний аюулгүй байдалтай холбоотой 7,8 багц хуулийн ажлын хэсгийг ахалж гарлаа. Үүний дараа ч барьж хийх том ажлууд байна.

 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-Шинэ Засгийн газар хурдтай ажиллаасай, мэргэжлийн сайд нар томилогдоосой, эдийн засаг хурдан өсөөсэй, ард түмний амьдрал дээшлээсэй, цалин мөнгө нь амьдралд нь хүрдэг байгаасай гэж нийгэм хүсч байгаа. Би ч гэсэн жинхэнэ мэргэжлийн Засгийн газар байгуулагдаасай гэж бодож байна. Засгийн газрын тодотгол ямар байх нь сонин биш гол нь хурдтай ажиллах ёстой. Би энэ Засгийн газарт орж ажиллахгүй гэдгээ албан ёсоор хэлмээр байна. Энэ дөрвөн жилийг миний улстөрчийн цикл гэж харахгүй байгаа. Тийм учраас би Засгийн газарт орж ажиллахгүй гэдгээ албан ёсоор илэрхийлмээр байна.

 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

-Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан 30 гишүүн 30-уулаа сайд болно гэж байхгүй. Нөгөө талаар 65 суудалтай нам гэдэг бол уулыг өргөж, усыг ширгээх хүч. Тэр утгаараа Засгийн газрыг маш том шинэчлэл хийнэ гэж хүлээсэн. Энэ хүлээлтэд хүрч чадаагүй, тиймээс огцруулсан.

 

УИХ-ын гишүүн А.Сумьяабазар:

-Сайд болно, болохгүй гэдэг асуудлыг би мэдэхгүй. Хүмүүс нэр ус зүүгээд, янз бүрийн таамаг дэвшүүлж байна. Гэхдээ сайд болох эсэхийг би шийдэхгүй шүү дээ.

 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

Бид албан тушаалын төлөө яваагүй. Улс нь улс шиг, парламент нь парламент шиг, Засгийн газар нь Засгийн газар шиг байгаасай. Төр нийгэмд шударга ёс тогтоосой. Улс төрийн намууд, Монголын төр муу муухайгаасаа ангижрах юмсан гэсэн итгэл үнэмшлээр энэ 30 гишүүн өндөр эрсдэл гаргаж явж байгаа. Албан тушаалын төлөө яваагүй, Засгийн газарт орохгүй, сайд болохгүй.

 

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

лбан тушаал надад хэрэггүй. Ер нь хувийн эрх ашгийн үүднээс энэ асуудалд хандсан хүн эдгээр гарын үсэг зурсан хүмүүсийн дотор нэг ч байхгүй. Бүгд л улс орныхоо төлөө санаа зовсон хүмүүс. Манай намд улс орноо боддог гишүүд байгаад баяртай байна.

 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

Их хурлын гишүүд сонгогдсоныхоо дараа тангараг өргөдөг. Нийт улс эх орныхоо эрх ашгийн төлөө зүтгэнэ гэсэн агуулгатай. Тэгэхээр аль ч Засгийн газар энэ тангаргийг хэрэгжүүлэхийн төлөө явах ёстой. Жишээлбэл, миний хувьд ямар нэгэн сандал суудалд сууя, хоол идье гэсэн тохиролцоо хийгээгүй. Цаг хугацаа харуулах байлгүй дээ. Урдаас зөгнөөд яахав.

 

УИХ-ын гишүүн Н.Учрал:

-УИХ-ын гишүүний хувиар Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт хийгээд гарын үсэг зурсан. Ямар нэг ашиг сонирхол байхгүй гэдгээ хэлэх ёстой байх.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж