Трампын хөл хорьсон орнууд

Хуучирсан мэдээ: 2017.09.27-нд нийтлэгдсэн

Трампын хөл хорьсон орнууд

Трампын хөл хорьсон орнууд

АНУ-ын эрх ашгийг эн тэргүүнд тавих бодлоготой ерөнхийлөгч Дональд Трамп нэгдсэн улсын иргэдийн аюулгүй байдлын төлөө найман орныг хөл хорьсон хар жагсаалтад орууллаа. Хойд Солонгос, Чад, Иран, Ливи, Сомали, Сири, Венесуэл болон Йемений иргэдэд хамаатай энэхүү шинэ хориг ирэх аравдугаар сарын 18-аас эхлэн хэрэгжиж эхэлнэ. Судан, Ирак улсууд америкчуудын аялахыг хориглосон орны жагсаалтад өмнө нь байсан. Шинэ хоригт Сири зэрэг орны иргэдийг АНУ руу зорчихыг, Венесуэлийн иргэдэд цагаачлалын бус виз олгохыг хориглож,  зөвхөн газрын ажилтнууд болон тэдний гэр бүлийнхэнд виз олгохоор заажээ. Мөн исламын шашинт зургаан орны иргэдийг АНУ руу зорчихыг түр хугацаанд хориглосон Трампын хориг арга хэмжээ хэрэгжсэнээс хойш 90 дэх хоногт дахин шинэ хориг тавьж байгаа нь энэ юм.

Судан: Исламын терроризм идэвхтэй зургаан орны нэгд Судан багтдаг. Гэхдээ Суданы албаныхан өнгөрсөн долдугаар сард АНУ-тай терроризмын аюул заналхийлэлтэй холбоотой мэдээлэл солилцох тухай тохиролцсоноор хар жагсаалтаас хасагджээ. Мэдээлэл солилцох арга хэмжээний хүрээнд хувь хүний гадаадад зорчсон аяллын мэдээлэл, алдагдсан пасспорт зэргийн мэдээллийг АНУ хүлээн авах аж.

Ирак: Ойрхи Дорнодын хэд хэдэн орны газар нутагт исламын халифатыг тунхагласан Исламын улс бүлэглэлийн эсрэг АНУ Иракт дахин цэргийн ажиллагаа явуулж буй. Ардчилсан зарчмаар сонгогдсон Иракийн засгийн газар АНУ-тай хамтын ажиллагаа өндөр байдгийг Вашингтон үнэлж хоригоос хассан байна.

Чад: Африкийн Чад улс нь аль-Кайда болон Боко Харам бүлэглэлийн эсрэг дайнд АНУ-тай идэвхтэй хамтран ажилладаг боловч терроризмын аюул өндөртэй орны нэг юм. Чад улсад АНУ-ын иргэд исламын хэт даврагчдад барьцаалагдах хэрэг хэд хэд гарч байв.

Иран: Исламын шийт урсгалыг баримтлагч Ираны Засгийн газар нь АНУ-тай зөрчилтэй, сөргөлдөгч орон. Ираны Засгийн газрыг бүс нутаг дахь “болохгүй нөхөд” болох Йемен, Сири, Ирак, Ливан, Газын зурвас дахь исламын дайчид, террорист бүлэглэлийг дэмждэг хэмээн АНУ-аас буруутгадаг. Түүнчлэн АНУ-ын экс ерөнхийлөгч Барак Обаматай байгуулсан цөмийн гэрээг үл тоон Иран улс баллистик пуужингийн туршилтаа үргэлжлүүлж байгааг шүүмжилжээ.

Ливи: Хойд Африкийн Ливи улс газрын тосны нөөцөөр дэлхийд есдүгээрт ордог. Гэвч удирдагч Муаммар Каддафийг АНУ-ын оролцоотой түлхэн унагааснаас хойш Ливи улс иргэний дайны хөлд нэрвэгдэж, сүйрсэн юм. Ливийн иргэний дайныг далимдуулан аль-Каида, Исламын улс зэрэг зэвсэгт бүлэглэлүүд түшиц газраа байгуулж, идэвхтэй үйл ажиллагаа явуулах болжээ.

Хойд Солонгос: Зүүн Азийн хойдууд гэх хаагдмал энэ улс 1950-1953 онд хойгийг хоёр хуваасан дайнаас хойш АНУ-ын “шүдний өвчин” байсаар ирсэн. Зургаа дахь удаагаа цөмийн туршилт хийж, Японы дээгүүр баллистик пуужин харваснаар олон улсыг сандаргасан Хойд Солонгост АНУ-ын иргэд төрийн эсрэг гэмт хэрэгт буруутгагдан хөдөлмөрийн лагерьт хоригдох нь олон. Тухайлбал, АНУ-ын коллежийн оюутан зурагт хуудас хулгайлсныхаа төлөө Хойд Солонгост хоригдож байгаад эх орондоо ухаангүй хүргэгдэн ирж, учир битүүлгээр нас барсан билээ. АНУ нь өнгөрсөн онд Хойд Солонгосын 100 иргэнд виз олгосны 52 нь бизнес эсвэл аяллын, үлдсэн нь дипломат албаных байжээ.

Сомали: Зүүн Африкийн Сомали улсад олон жилийн турш иргэний дайн үргэлжилж, аль-Каидатай холбоотой аль-Шабаб террорист хөдөлгөөн нийслэл Могадишу хотноо хяналтаа өргөжүүлсээр байна. Хэдийгээр Сомалийн Засгийн газар АНУ-тай терроризмын эсрэг багахан хэмжээнд хамтран ажиллаж байгаа ч тус улсад аюул заналхийлэл өндөр байгаа аж. 

Сири: НАТО-гийн гишүүн Турк болон Леван, Израиль, Йордан, Ирак улстай хиллэдэг Сири улсад ерөнхийлөгч Башар аль-Ассадыг суудлаас буулгахын төлөөх иргэний дайн зургаан жил үргэлжилж байна. Иргэний дайны хажуугаар “Исламын улс” бүлэглэлд “эзлэгдсэн” Сирийг “чөлөөлөхөөр” АНУ-тай тэргүүтэй олон улс агаараас цохилт өгч буй. Цагаан ордноос Сирийн засгийн газрыг терроризмыг санхүүжүүлэгч, хамтран ажиллах бүх оролдлогыг няцаадаг хэмээн буруутгаж байна.

Венесуэл: Өмнөд Америкийн Венесуэл улсад АНУ-ыг эсэргүүцэх социалист засгийн газар эрх барьж байна. АНУ-ын эсэргүүцэх үзлээс шалтгаалан газрын тосны нөөцөөр баялаг Венесуэл улсад эдийн засгийн хямрал ард түмнийг туйлдуулж байна. Ерөнхийлөгч Николас Мадуро эрх мэдлээ хамгаалахын тулд сөрөг хүчин, ард түмний эсэргүүцлийг хүчээр дарснаас олон хүн амь үрэгдсэн үймээн дэгдэх нь нэмэгджээ.

Йемен: Арабын хойгийн Йемен улс олон жил аль-Каида бүлэглэлтэй тэмцэж байна. Үүний зэрэгцээ Ираны дэмжлэгтэй хоутис босогчдын эсрэг иргэний дайнд Саудын Араб тэргүүтэй орнууд хөндлөнгөөс оролцож эхлээд буй. Йемений цэргийнхэн АНУ-тай тагнуулын мэдээллийг солилцох тал дээр идэвхтэй хамтран ажилладаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж