Өнөөдөр үзэгчдийн хүндэлдэг Үндэсний телевизийн төрсөн өдөр.
Энэ өдрөөс яг 50 жилийн өмнө, 1967 оны есдүгээр сарын 27-нд одоогийн Монголын үндэсний олон нийтийн телевиз эфирээ нээж, тогтмол нэвтрүүлэг явуулж эхэлжээ. Үндэсний телевизийн үүх түүх Монголын түүх юм. Тавин жил тасралтгүй телевизийн урлаг, сэтгүүлзүй, соён гэгээрлийн түүчээ болж ирсэн ууган телевизийн үе үеийн уран бүтээлчид, мэргэжил нэгт хүндэт сэтгүүлчдэдээ баярын мэнд хүргэж байна.
Телевизийн түүхийг сануулах ОН ЦАГИЙН ХУУДАС
1964.04 сар Монгол Улсад телевиз байгуулах тухай анх Улсын төлөвлөгөөний хорооны хуралдаанаар яригджээ.
1965.10 сар БНМАУ-ын Засгийн Газар телевизэд ажиллах мэргэжилтнүүдийг ЗХУ-д сургах тухай тогтоол гарч, үүн дагуу телевизийн техникийн мэргэжлээр 40 хүнийг ЗХУ-д сургажээ.
1966.03.29 Телевизийн техникийн төвийн шав тавих ёслол болов.
1966.05.16 Телевизэд ажиллах залуусын хоёрдугаар ээлж ЗХУ-ыг зорьжээ.
1967.07.11 Анхны туршилтын нэвтрүүлэг цацагдаж, Ардын хувьсгалын 46 жилийн ойд зориулсан концертыг телевизээр дамжуулжээ.
1967.08.15 Хоёр дахь удаагийн туршилтын нэвтрүүлгийг хийв. Туршилт амжилттай болсны дараа тогтмол нэвтрүүлэг явуулах тухай шийдвэр гаргасан байна.
1967.08.15 Монголын зурагт, радиогийн нэвтрүүлгийн анхны томоохон хөтөлбөрийг редакциудын захиалгаар хийжээ. Түүнээс хойш 1967 оны дөрөвдүгээр улиралд хийх нэвтрүүлгийн сар бүрийн 1, 2, 3, 4 долоо хоногт мэдээллийн редакци 18 минут, суртал нэвтрүүлгийн редакци 30 минут, хүүхэд залуучуудын редакци 22 минут, хөгжмийн редакци 25 минут, урлаг соёлийн редакци 18 минут, кино программын редакци 2 цаг 10 минут гэх мэтээр зөвхөн цагийг нь өгч, уул цаг дээр редакциуд өөрсдөө материал олж, нэвтрүүлэг хийж байхаар тогтоосон байна.
1967.08.15 Монголын уран сайхны киноноос хамгийн анх телевизийн дэлгэцээр гарсан кино болох “Ардын элч”-ийг энэ өдөр үзэгчид хүлээн авч үзжээ.
1967.08.15 Монголын телевизийн дэлгэцнээ гарсан анхны гадаад кино “Кавказад болсон явдал” Зөвлөлтийн уран сайхны кино байжээ. Энэ өдөр уг киног эфирт гаргав.
1967.08.17 Телевизийн уран бүтээлчдийн анхны томилолт. Сэтгүүлч М.Буяндэлгэр, найруулагч Б.Санжмятав, кино зураглаач Д.Чулуун нар анхны томилолт өвөртлөн, Өвөрхангай, Баяхонгор аймагт 15 хоногийн хугацаатай ажиллажээ.
1967.08.30 Монголын зурагт, радиогийн төвийг цэрэгжүүлсэн харуултай болгох тухай Сайд нарын Зөвлөлийн 263 дугаар тогтоол гарав.
1967.09.16 Улс төрийн товчооны 193 дугаар тогтоолоор Сайд нарын Зөвлөлийн Мэдээлэл радиогийн улсын хорооны бүрэлдэхүүнд Монголын зурагт радиогийн захиргааг байгуулж, өөртөө коллеги, уран сайхны зөвлөлтэй, (Улс төр, эдийн засгийн суртал нэвтрүүлгийн, мэдээллийн, хүүхэд залуучуудын, соёл урлагийн, хөгжмийн, киноны, программын) 7 редакцитай байхаар тогтоожээ.
1967.09.27
нэвтрүүлэг эхэлсэн өдөр
Энэ өдрийн 16 цаг 20 минутаас зурагт радиогийн төвөөс анхны шууд сурвалжлагыг үзүүлжээ. Хариуцлагатай редактор П.Банзрагч зохиолыг бичиж, МЗРЗ-ны ерөнхий дарга Г.Сумъяа, программ эрхэлсэн орлогч дарга Ч.Очирбал нар уншиж баталсан байна.
Шууд нэвтрүүлгийн дараа түр завсарлаж, 17 цаг 50 минутаас тогтмол нэвтрүүлэг эхэлжээ.
Нэвтрүүлэгч Б.Хишгээ 17:50 цагт “Монголын зурагт, радиогийн тогтмол нэвтрүүлэг эхэлж байгаатай холбогдуулан БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн МРЗРУХ-ны 1 дүгээр орлогч дарга, МЗРЗ-ны ерөнхий дарга Г.Сумъяа үг хэлнэ” гэж зарласнаар Монголын зурагт, радиогийн тогтмол нэвтрүүлэг эхэлсэн түүхтэй.
Тогтмол нэвтрүүлгийн нээлтийг “ПТС-3” гэсэн хар цагаан дүрсийн явуулын станц дамжуулжээ.
Анхны эфирээ цацсанаас хойш даваа пүрэв, бямба, ням гаригт нэвтрүүлэг дамжуулдаг байв.
Телевиз байгуулагдахад босгосон теле цамхаг 193 метр өндөртэй.
1967.10.07 Хүүхдэд зориулсан анхны нэвтрүүлэг цацагдав. Нэвтрүүлэг “Бидний шинэ танил” нэртэй байлаа.
1967.10.07 Монголын дэлгэцнээ анх удаа дуулсан гадаадын дуучин Дин Рид байжээ.
1967.10.14 Анх удаа явуулын станцаар үйлдвэрийн газраас шууд сурвалжлага хийв.
196.01.01 Үзэгчдийн хүсэн хүлээдэг “Цэнхэр дэлгэц” нэвтрүүлгийн анхны дугаар энэ өдөр “Цэнхэр дэлгэцийн цэнгээ” хөгжөөнт үдэшлэг нэртэйгээр эфирт гарчээ.