Бүсийн нэмэгдэл олгохоор төсөл боловсруулжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.22-нд нийтлэгдсэн

Бүсийн нэмэгдэл олгохоор төсөл боловсруулжээ

УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын  24 гишүүн Төрийн албаны тухай хууль, Боловсролын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвар, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай багц хуулийн төсөл боловсруулж, Засгийн газраас санал авахаар хүргүүлжээ.  Алслагдсан болон говийн бүсийн нэмэгдэл олгох зорилгоор 2009 онд анх санаачилсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль нь өнгөрөгч 2010 оны УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэгдсэн ч олонхийн санал авч чадалгүй унасан тул гишүүд дахин боловсруулж, багц хуулийн төсөл болгон  УИХ-д өргөн барихаар  бэлтгэсэн нь энэ аж.  Бүс нутгийн хөнгөлөлт, нэмэгдлийн тухай энэхүү багц хууль хэрэгжсэнээр алслагдсан болон говийн бүс нутагт ажиллаж, амьдарч буй иргэдийн амьжиргааг дэмжих, орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааны өртөгийг бууруулах, иргэдийн орон нутагтаа ажиллаж амьдрах нөхцөлийг сайжруулахад дэмжлэг болно гэж үзжээ. Мөн  нийслэлийг чиглэсэн шилжилт хөдөлгөөн багасч, хэт төвлөрөлийг ч сааруулна гэж үзсэн байна. Түүнчлэн Улаанбаатар хотын гэр хорооллын тэлэлт, хэт ачааллаас үүдэлтэй агаарын бохирдол, утаа, замын түгжрэл, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үйлчилгээний хүртээмжгүй байдал, ажилгүйдэл, ядуурал зэрэг олон асуудлыг шийдэх эдийн засгийн нэг хөшүүрэг болно гэж төсөл санаачлагчид тайлбарлаж байгаа юм. 

Алслагдсан болон говийн бүс нутгийн нэмэгдэл олгох, хөнгөлөлт үзүүлэх бүс нутгуудыг УИХ тогтоохоор тусгасан аж.  Ингэхдээ нийслэлээс алслагдсан байдал, амьжиргааны өртөг, гол нэрийн бараа бүтээгдэхүүний өртөг, нийгэм, эдийн засгийн үзүүлэлт болон байгаль цаг уурын онцлогийг харгалзахаар заажээ.  Тодруулбал, алслагдсан бүс нутагт Баян-Өлгий, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл, Баянхонгор, Сүхбаатар, Дорнод аймгийн алслагдсан 91 сум, говийн бүсээс Говь-Алтай, Баянхонгор, Сүхбаатар, Өвөрхангай, Увс, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь, аймгийн 87 сумыг оруулахаар  тусгаад байгаа ажээ.

Дээрх хууль батлагдсан нөхцөлд алслагдсан болон говийн бүс нутагт ажиллаж амьдарч байгаа төрийн албан хаагчдын цалин дээр 20 хувийн нэмэгдэл олгох, таван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас олгоно.  Шаардагдах зардлыг тухайн жилийн төсөвт тусгах гэнэ.
 
Хоёрдугаарт, Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Дорнод, Говь-алтай, Сүхбаатар, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр дэх боомтуудаар импортоор оруулж ирж байгаа нэгдүгээр зэргийн гурил, шар болон цагаан будаа, элсэн чихэр, шахмал ногоон цайг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас таван жилийн хугацаагаар чөлөөлөх, 90 хүртэл октантай автобензин, дизель түлшийг Онцгой албан татваргүй болгох юм байна. 

Г.Дарь 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж