“Анатом”-ийн Тойвгоо

Хуучирсан мэдээ: 2017.09.26-нд нийтлэгдсэн

“Анатом”-ийн Тойвгоо

Ямар ч хяналт, шалгалтгүй, бодсоноос чинь хурдан бүтээсэн барилгын зөвшөөрлөөр бүтсэн барилгууд аюул дагуулж эхлэв.

Монгол улсын төдийгүй дэлхийн шинжлэх ухааны хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан, гаргасан онол нээлтээрээ олон улсын хэмжээнд үнэлэгдсэн Монголын нэгэн том эрдэмтний мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ бол Монгол улсын Төрийн шагналт, Биологийн болон Мал эмнэлгийн шинжлэх ухааны доктор, академич Цэвэгийн Тойвгоо агсан билээ. Хөдөө аж ахуйн салбарт, тэр дундаа нүүдлийн уламжлалт мал аж ахуйг шинжлэх ухаанчаар хөгжүүлэх, тус салбарын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд нэгэн жарны турш хоёргүй сэтгэлээр хөдөлмөрлөсөн түүний бүтээл туурвил, намтар түүх давтагдашгүй бөлгөө. Өнөөдөр түүний 100 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болж байна.

Академич Ц.Тойвгоогийн шавь Мангууд овог Шо.Нэргүй багшийнхаа ойд зориулж дараах дурсамжийг бичжээ.


“Анатом”-ийн Тойвгоо

Дэлхий мэддэг дээдийн мэргэдийн нэгэн, их эрдэмтэн Цэвэгийн Тойвгоо багштан эснэн мэндэлснээс хойш нэгэн зуун болж байна. Би гэдэг өчүүхэн амьтан тэр их багштанаас номын абшиг хүртсэнээс хойш жаран алгасарсан байнам. Цаг хугацаа гэж…

Монголын их соён гэгээрүүлэгч Чой.Лувсанжав, дэлхийн нэрт биологич эрдэмтэн Ц.Тойвгоо, академич Мятавын Төмөржав, мал эмнэлгийн шинжлэх ухааны доктор, профессор Чойжавын Цэрэндаш гээд ХХ зууны Монголын суутай цуутай эрдэмтдийн унаган шавь нь гэдгээрээ их бахархдаг юм.

Дээд сургуулийн (Хөдөө аж ахуйн дээд сургууль) минь багш нар аваас 1940-1950-иад онд ЗХУ-ын дэлхийд нэртэй багш нараас эрдэм номын абшиг хүртсэн, Монгол Улсынхаа их сургуулийг дүүргэсэн “дотоодын бүтээгдэхүүнүүд” атлаа тэд хожмоо дэлхийд нэр алдраа цуурайтуулж, улс Монголынхоо нэрийг дэлхийн шинжлэх ухааны дэвжээнээ өргөсөн суу алдрын эзэд болцгоосон бөлгөө.

Дэлхийн их дайны шуурган жилүүдийн дундуур анх Монгол Улсын Их сургууль (МУИС)-ийг байгуулагдахад орж суралцсан нүүдэлчин малчдын хүүхдүүд 1940-өөд оны дундуур болоод сүүл хэрд үндэстнийхээ ууган дээд мэргэжилтнүүд болон төгсөж, гоц сайн сурлагатангууд нь Зөвлөлтийн эрдэмтэн багш нарынхаа халааг авч МУИС-д багшаар үлдсэний нэгэн хэсэг нь миний багш нар юм.

МУИС-ийн Мал эмнэлгийн ангийг 1946 онд анх 16 шижигнэсэн залуу төгсч Монгол Улсынхаа ууган малын их эмч нар болцгоосны дотор бидний багш Цэвэгийн Тойвгоо, Пунцагийн Шинжээ, Бадамын Яринпил, Намсрайн Ишээ нар байсан юм билээ. Эдний дотроос Б.Балжинням (хожмоо БНМАУ-ын Хөдөө аж ахуйн яамны сайдаар олон жил ажилласан), Ц.Тойвгоо, П.Шинжээ, Б.Яримпил нар онцсайн дүнтэйгээр төгссөн байдаг.

МУИС-ийн Мал эмнэлгийн ангид эхлээд баахан ерөнхий эрдмийн хичээлүүд хими, физик, зоологи, биологи гээд л үзэж гарна аа. Мэргэжлийн зүгээс хамгийн түрүүнд анатоми хэмээх мал амьтны бие бүтэц судалдаг хичээл орно. Энэ хичээлийг Ц.Тойвгоо гээд дөч эргэм насны, цэгц бие, дэлгэр магнай, онигордуу нүдтэй, зөөлөн намуун дуутай, цэвэрхэн цагаан эр заадаг байлаа.

Хүн мал эмнэлгийн ангийнхны зүрхэнд шар ус хуруулдаг хичээлийн нэг нь яахын аргагүй анатоми. Ерөөс ч анатоми мэдэхгүй аваас эмч болно гэж санахын ч хэрэггүй. Хэдэн арав, зуу байтугай нэр томьёог орос, монгол, латинаар ба бэ-гүй цээжлэх ёстой. Тэр хар мянган нэрийг чинь орос, латинаар байтугай монголоороо ч мэдэхгүй юм чинь! Улирлын шалгалтаар онц сайн гарч стипендээ нэмүүлье гэтэл чинь анатоми дээр үсэрчихнэ. Ц.Тойвгоо багш энэ хэцүүхэн шинжлэх ухааныг хоёр паарандаа (бидний оюутан ахуйд хоёр цагийн хичээлийг ийн нэрлэдэг байв) багтаагаад орос, монгол, латинаар нь заачихаад гурван хэл дээр бичүүлчихээд гардагсан. Энэ тань хэр баргийн багшийн хийчих ажил биш, Тойвгоо багшийн аугаа их чадлынх байхгүй юу.Багш орос, латин хэлэнд бол нэвтэрхий. Ц.Тойвгоо багш цэмцгэрхэн хувцаслаж, биеэ маш сайхан авч явна. Ер ч багш нар маань одоогийнхоор бол өөр өөрсдийнхөө имижийг гайхалтай сайхан бүрдүүлцгээдгийн дотор Ц.Тойвгоо багшийнх арай л өвөрмөц. Ер нь Ц.Тойвгоо багштан маш бага зүйлээс эхлээд аугаа том бүхэнд эмх цэгц, дэг журам, цэвэр цэмцгэрийн туйл байдаг байлаа. Багштан хэтийдсэн гэхээр мэдлэг чадвартай болохоор багштанд тоогдох чадвартай юм гэж ховор доо.

Тэрс үзэлтэн Тойвгоо

Цаг хугацаанаас өрсөж, оршин байгаа нийгмээсээ түрүүлчихсэн гоц ухаантнууд, тухайн нийгэмтэйгээ тэрсэлдэж, тэр нийгэмдээ “тэрс үзэлтэн” нь болдог шиг байгаа юм. Ц.Тойвгоо багштан тийм нэгэн байсан.

Их сэтгэгч Соломон хаан “Ухаан мэргэнээс олон гай үүддэг.Мэдлэг нэмэгдэнэ гэдэг зовлон нэмэгдэнэ” гэж цэцэлсэн лүгээ төстэй. Манай Монголын бурхны шажинтны ихэс дээдсийн хэн нэгний айлдсан “Чой савна дүд савна” (ном ихэдвэл дүд хорлол болно) нэгэн лут цэцлэл буй.

Ц.Тойвгоо багштаны үг яриа, үзэл бодол, үйл хөдлөл бүхэн нь энэ л цэцлэлтэй дүйдэг. Багштаны үзэн яддаг юм нь “Саарал байшингийнхан”-ны үхээнц дорой бодлого, хийж байгаа ямар ч явцгүй хөшүүн хойрго ажил үйл… Бидний дунд чинь НАХЯ-наас эхлээд Намын Төв Хороо хүртэл “Зэсэн хошуу” өргөчих туршуул тандуул сууж л байхад тань багштан хэнбугайгаас ч халирахгүй тэдний тань болохгүй бүтэхгүй бүхнийг “гутаан доромжилж” л байна шүү дээ.

Бидэн дунд чинь техникум төгсч, хөдөөд нэлээд хэдэн жил ажиллачихсан, аравдугаар анги төгсөөд их сургуулийн босго алхаж байгаа манийхаа дэргэд өвөө, эмээ болох нь дөхчихсөн хөгшин оюутнууд ч байдаг байлаа. Хөөрхий тэдний нэлээд нь багшийн самбарт бичсэнийг гүйцэж бичиж чадахгүй, дээш доошоо тонголзоод л нөгөө Сэрэлтийн Бумаа гуай үсэг бичиг сурч байгаа шиг байхыг багштан “Ишш, будаа тоншиж байгаа тахиа шиг” гэх буюу хүүхнүүдийг үс гэзгээ хайш яйш янзалсан бол” Сангасваа шиг” гэнэ. Энэ бүхэн нь доромж үг мэт боловч оюутан ахуйд биеэ зөв зохистой аваад явчих, эрдэм номд шамдахад минь их л санамж сэрэмж болж байжээ. Ер нь багшийн минь хатуухан үг болгон нь жаран алсарсан ч чихэнд хоногшиж сэтгэлд хадгалагдсаар байгаа нь Ц.Тойвгоо багштаныг ямархан аугаа их сурган хүмүүжүүлэгч байсныг илтгэнэ.

Би гэдэг хүн тусгай сургуулийн бэлтгэл X ангиа (гадаадад суралцах оюутны бэлтгэл) шаггүй сайн төгсчихсөн гадаадын хуваариа голруулчихаад МУИС-д шалгалтгүй орчихсондоо жаахан хөөрч хөвсөрч явсан шиг байгаа юм. Нөгөө ажиллаж байгаад орсон ах, эгч нар болохоор хичээл номоосоо сална аа гэж нэг үгүй хэрнээ тогтоож байгаа нь маруухан. Тэгэхэд чинь би Тойвгоо багшийнхаа хичээл дээр цоролзож өгнө шүү дээ. Тэгснээ хүүхэд зангаараа хөөрхөн зүггүйтнэ. Багш минь нэгэнтээ укааскаараа (Багш нар указка гээд нэг саваа мод барьж хичээлээ заадагсан) толгой дээр минь тог тогхийтэл тогшсоноо “Энэ жаалхан толгойтой, даанч сахилгагүй” гэдэгсэн.

Хожим багштайгаа хуучилж суухад багш маань “Би их хатуу дүнтэй байсан шиг байгаа юм” гэхэд нь би “Үгүй ээ, багш аа тэр тань шинжлэх ухааны (би анатомийг хэлж байгаа юм) хатуугийнх байх аа” гэхэд багштан:

-Нээрээ ч тийм юм уу гэж байсан сан. Багш намайг магтдаг хэрнээ л сайнаас өөр дүн тавьдаггүй. Дээд сургуулиа төгсөхөд минь диплом дээр бичигдсэн цөөхөн хэдэн сайн дүнгийн нэг нь Анатомийн хичээлийн дүн байж билээ.Тэглээ гээд би багшдаа юу гэж гомдохов.

Бид “Сайн” л авбал дээдийн заяа байсан юм чинь. Ер нь тэр үеийн МУИС-ийн багш нар тань манай үндэсний их сургуулийн ууган багш нар. Хичээл ном заахыг ч нэг үзүүлээд өгнө, дүгнэхээ ч бас чамбайхан дүгнээд өгнө шүү дээ. Химийн Даваасүрэн багш (Сахал Даваасүрэн гэдэг байсан) “3”-аас өөр дүн барагтайд тавихгүй дээ. Ямартаа л оюутнууд “Даян Пангийн даваанаас Даваасүрэнгийн даваа” гэсэн хэлц үг хүртэл гаргаж байхав. Иймдээ ч тэр үеийн багш нар минь хожмоо бүгд эрдэмтэд, шинжлэх ухааны доктор, профессор, алдар гавьяаны эзэд болцгоосон доо. Ер эдэн тань XX зууны Монголын сэхээтний армийг бүрдүүлсэн баатарлаг үйлстнүүд юм. Энэ олон мэргэдийн оройн дээд нь яахын аргагүй Ц.Тойвгоо багштан байлаа.

Октябрийн хувьсгалын чацуутан Тойвгоо

Хөөрхий багштан маань хар багаасаа эцэг, эхээсээ хагацсан болохоороо хаана хэзээ төрснөө ч мэддэггүй байж. Багшийн хуучилснаар нутгийн нь нэгэн эмээ “Чи чинь гал могой жилийн хүүхэд, тэр нь Октябрийн хувьсгалын жил 1917 он шүү дээ” гэж хэлснээр төрсөн оноо мэддэг болсон гэж байгаа.

Өнчин ядуу амьтан чинь тэнэж төөрч явсаар 17 нас хүрч байж бүр 1934 онд VII ангиа төгсч, тэндээсээ Улаан-Үдийн “Монгол Рабфак”-т орж нэг жил суралцаад улмаар Эрхүүгийн ХАА-н техникумын мал эмнэлгийн ангийг онц дүнтэйгээр төгссөнөөр ирээдүйн их эрдэмтний зам гэрэлтэж эхэлсэн байдаг юм.

Малын бага эмч болчихоод Сонгинын Биофабрик, Монгол эмийн сан, алс бөглүүд Дорноговь аймгийн говийн сумдад сум дундын эмчээр ажиллажээ.

1942 онд МУИС байгуулагдахад ууган оюутнаар элсэн орж суралцаад 1946 онд Монгол Улсын ууган малын их эмчээр төгсч, өөрийн саналаараа Алтанбулаг хотын мал эмнэлгийн техникумд гурван жил ажиллаад МУИС-даа аспирант багшаар татагдан ирж ажилласнаар багштаны эрдмийн их зам нь тодорсон.

Ц.Тойвгоо багш бүр МУИС-ийн Мал эмнэлгийн ангийн II курсийн оюутан байхаасаа Зөвлөлтийн багш нарын удирдлагын дор судалгаа шинжилгээний ажил хийж элээснээр бүтэн жарны туршид эрдэм судлалын ажил хийж 150 гаруй ном бүтээл туурвисан XX зууны Монголын ханьцашгүй томоохон эрдэмтэн болсон юм.

Багштан шинжлэх ухааны бартаат замаар харьцангүй ахархан хугацаанд асар хурдтайгаар дэвшсэн байдаг. Их сургуулиа төгсөөд зургаахан жил болоод 1951 онд “Үхрийн духны яс, эврийн хэвлий дэх ба эхээс төрснөөс хойшхи үеийн насны хувирал” сэдвээр Ленинград хотноо Биологийн шинжлэх ухааны дэд эрдэмтний зэрэг, 1958 онд Ленинград хотноо “Монгол үхрийн насны краниологи” сэдвээр Биологийн шинжлэх ухаан доктор, үүнээсээ хоёрхон жилийн дараа мал эмнэлгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж, 1957 онд доцент, 1961 онд профессор, мөн ондоо Монгол Улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн буюу академич хэргэм хүртжээ. Энэ бүх зэрэг хэргэм цөм XX зууны Монголын ууган нь гээд л боддоо.

1961 онд Монгол Улсын ШУА байгуулагдахад тулгын чулууг нь тулалцсан таван академичийн нэг нь Цэвэгийн Тойвгоо академич.

“Азарганы ноцолдоон” ба анатоми

XX зуунд дэлхийн шинжпэх ухаанд Монгол Улсаас зургаан томоохон нээлт хийсний дөрвийг нь мал эмнэлгийнхэн хийсний нэг нь Ц.Тойвгоо багштаны “Монгол үхрийн насны краниологийн үзэгдлүүд бүтээлийн нэг зүй тогтол, хоёр үзэгдэл” нь юм. Багштан “Бог малын төлийг хүлээн авч бойжуулах хамгийн тохиромжтой бөгөөд ашигтай хугацааг тогтоосон  нь” зэрэг  шинжилгээ,  судалгааны ажлууд нь улс ардын аж ахуйд мөнгөөр үл илэрхийлэгдэх асар их ашиг өгсөн юм. Багштан энэ бүх ажлынхаа үр дүнгээр 1992 онд Монгол Улсын Төрийн соёрхол хүртсэн. Өнөөдөр Монгол Улс 60 сая малтай гэж ханхалзаад байдаг чинь Ц.Тойвгоо багштаны дээрх ажлын үр дүн шүү дээ.

Ц.Тойвгоо багшийн тэр “краниологи” гэдэг нь гавал ясны судалгаа гэж орчуулагдах авч авч ерөөс амьтны эволюцийг судлах онцгой нэгэн салбар юм.

Анатомийн шинжлэх ухааны гайхамшгийн жишээ гэхэд О.Цэвэгжав гуайн “Азарганы ноцолдоон” гэдэг гайхамшигт зураг бий дээ.О.Цэвэгжав гуай хоёр азарга яг ингээд ноцолдоход биеийн аль хэсгийн ямар ямар булчингууд нь ямаршуухан байдалтай байх вэ гэдгийг Тойвгоо багшаар яриулж байгаад зурсан гэдэг юм шүү дээ.

Ц.Тойвгоо багштан Бүх Холбоотын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн гадаад гишүүн-академич, Монгол Улсын Байгалийн шинжлэх ухааны Хүндэт гишүүн байсан.

Ц.Тойвгоо багштаны намтар Зөвлөлтийн Их нэвтэрхий толь (БСЭ) дэлхийн “Биологич” эрдэмтдийн намтрын тэмдэглэлд орсноор дэлхий мэддэг дээдийн мэргэдийн нэгэн болсон билээ. Бас дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн том нэвтэрхий толь “Британика Консайз Энциклопедиа”-гийн монгол хэвлэлийн дотор олон улс, дэлхийд нэр цуутай 1300 орчим хүний намтар орсны нэг нь Ц.Тойвгоо багштаных байдаг. Тэнд “Монголд хоёр шинжлэх ухааны докторын зэрэг хүртсэн анхны эрдэмтэн” гэж тодотгосон байгаа. Ажил амьдралыг минь тэтгэсэн үлэмжийн ачлалт багш нарынхаа дотроос би Ц.Тойвгоо багшийгаа илүү ихээр дурсан санаж, ариун сүлдэнд нь ямагт сүслэн залбирч явдаг юм. Тэр жил (2003 он) би Улсын мал эмнэлгийн үндэсний албаны 80 жилийн ойд уригдан очихдоо үндсэндээ ойд бус багшдаа бараалхаж золгох л гэж очсон.Учир юун хэмээвээс гэхүл, багштан минь 87 сүүдэр зооглочихсон, бас лагшин нь чилээрхүү байсан юм. Наана 80 жилийн ой болж байхад багш бид хоёр өдөр тужид хуучилцгаагаад л сууцгааж байлаа.

Хэл шинжлэлд суут Ри, ХАА-д Тойвгоо

Багш минь хар багаасаа бүтэн өнчирч, орох оронгүй, оочих аягагүй олноор орогнож, түмнийг царайчилж явснаасаа эхлээд сургууль, эрдэмд шамдсан, ажил амьдралын мөр хоосон, төр түмнээ гэсэн чин зоригоор эрхтэн дархтантай эр, эмээ үзэлцэн эрсэлдэн тэмцэлдэж явснаа хүртэл сургамжтай сайхан хүүрнэж байсан.

Би дээр тухайн цаг хугацаанаасаа өрсөж, амьдарч байгаа нийгмээсээ алсарчихсан гоц хүмүүс тэр нийгэмтэйгээ тэрсэлддэгийн тухай бичсэн дээ. Багштан насан өөд болтлоо тэр нийгмийнхээ болохгүй, бүтэхгүй бүхэнтэй тэрсэлдэж ялж ялагдсаар амьдарсан. Гэхдээ тэр аугаа их эрдэмтний ялагдал гэж юу байхав.

Суут Ри багштан хэрхэн нүд үзүүрлэгдэж, хяхагдан хавчигдаж байлаа даа. Ц. Тойвгоо багштан тэр бүх гашуун нясуун бүхнийг бас амссан. Ер өнгөрсөн хэцүү хатуу нийгмийн үед тань нийгэм, хэл шинжлэл талд Ринчен Бямбаев, ХАА талд Цэвэгийн Тойвгоо гэсэн хоёр “тэрс үзэлтэн” л байв даа. Энэ хоёрыг тань Монголд болохоор нийгмийн шаар шавхруу шахам юм яриад, дэлхий болохоор дэвжээн дээрээ залчихаад байлаа.Монголын нийгэм тэр аяараа энэ хоёр сартвахид хорсоно гэж юу байхав. Цөөхөн хэдэн атаа жөтөөчин бусармаг үйлстнүүдийн буртагт үйл байсан юм аа.

Өнөөдөр энэ хоёр их хүмүүнийг муу муухайгаар нь дуудагсдаас энэ хорвоо дээр нэг нь ч байхгүйгээр л үл барам энэ хорвоо дээр амьдарч байгаагүй шигээр нэр нь ч мартагдсан байх юм. Хорвоо ийм хоржоонтой. Гэтэл тань “Алдарт хүн үхэвч нэр нь үл мартагдах, Алт хэдий хэвтэвч өнгө нь үл хувирах” гэгчээр Ри, Тойвгоо хоёр багштан мянган он улирав чиг алдар нь үл мартагдахаар замбуу тивд мөнхрөн байнам.

Багшийн минь хань нь гэж билгийн мэлмий нь гийсэн Дарь эхийн бүрэлбаа лугаа сайхан хөгшин насан туршдаа МУИС-д орос хэл заасан Г.Билэгт гээд мянга мянган шавьтай ачтай буянтай багш хүн. Билэгт багш тань домогт мэргэн гүн Гомбожав гуайн төрсөн охин нь гэсэн. Багшийнх оонын хоёр эвэр шиг охин, хүү хоёртой айл. Хүү Тамир нь эцэг, эхийнхээ шийрийг хатаах эрдэмт мэргэн нэгэн, Монгол Улсын хүний гавьяат их эмч Тойвгоогийн Тамир гэж буй. Т.Тамир дүү, миний амин хайртай зээ дүү Н.Батчулууны минь дотно журмын анд нь юм. Энэ ч бас цаана цаанаасаа сайны ерөөлөөр хэлхэлдсэн учрал тавилан юм.

Тэр нэгэн баярт учралт өдөр багшдаа золгоод л гарахад насан өндөр багш минь хөгшинтэйгөө хамт гэрээсээ үдэн гаргахдаа ахин дахин ирж байгаарай гэж хэлж байсан нь өнөөдөр ч зүрх сэтгэлд оршсоор… Харамсалтай нь тэр учрал бидний хувьд эцсийнх байсан байна билээ.

Дэлхийн шинжлэх ухаанд алдраа мөнхөлж, улс Монголынхоо нэрийг дэлхийд дуурсгаж явсан энэ их эрдэмтний үг яриа, үзэл бодол, үйл хөдлөл бүхэн нь асар үнэтэй бөгөөд үнэн байсан.

Цэвэгийн Тойвгоо багштан аваас дэлхий мэддэг дээдийн мэргэдийн нэгэн байлаа.

Өвөрхангай аймаг. Мангууд Шо.НЭРГҮЙ

2017 он

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж