Сүх далайтал үхэр амгалан

Хуучирсан мэдээ: 2017.09.26-нд нийтлэгдсэн

Сүх далайтал үхэр амгалан

Төрийн ордонд өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдана.

 

УИХ-ын сонгуульд үнэмлэхүй олонх болсноосоо хойш улам бүр уруудан доройтсоор байгаа МАН-ынхан хуучин засгаа онхолдуулж, шинэ засгийнхаа тэргүүнээр Ж.Эрдэнэбатын танхимд Шадар сайдаар бүтэн жил ажилласан У.Хүрэлсүхийг сонгохыг Бага хурлын 333 гишүүний 188 нь дэмжжээ. Гэвч  түүнийг Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилж, Саарал ордны хананд зургийг нь өлгөх эсэх эцсийн шийдийг намын Бага хурал биш УИХ гаргана.

Мэргэжлийн засгийг огцруулсан МАН-ын бүлгийн 33 дээр Б.Наранхүүг /Ардчилсан намын засгийг унагаахад долоовор хуруудаж байсан тэрбээр МАН-ын засгийг унахад бараа зүсээ ч харуулаагүй юм/ эс тооцоод Ардчилсан намын бүлгийн наймыг нэмбэл 41 гишүүний кнопоор У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий сайдаар өлхөн томилогдох боломжтой.  

Гэхдээ мэдээж өөрийнх нь төлөө кноп дарах хүний, өөрийн бүлгийн гишүүдийн хүссэнийг гүйцээж чадсан тохиолдолд шүү дээ. У.Хүрэлсүхэд хайртайдаа биш эрх мэдэл, албан тушаал горилсондоо Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Ч.Улаан, Т.Аюурсайханаас эхлээд огцруулах бичигт гарын үсэг зурагсдын дунд “хуваарилалт нь шог” санагдвал ахиад л урваж, шарвахад бэлэн хүмүүс цөөнгүй бий. Овоог нь босговол шагшрах шаазгай хаанаас ч олддог гэдгийг У.Хүрэлсүх сая харсан ч биз, мэдэрсэн ч биз.

Ийнхүү МАН нэмэгдэхүүнийхээ байрлалыг ямартай ч өөрчилж байна. Харин нийлбэр дүн өөрчлөгдөх эсэх нь У.Хүрэлсүхийн сонгох баг, хэрэгжүүлэх бодлогоос шууд шалтгаална. Тэр нийгмийн захиалга байсан эсэх нь дараагийн асуудал. Үүнийг нь цаг хугацаа харуулна. Харин улс төрийн захиалга байсан уу гэвэл байсан. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулга дээр ажиллаж байсан баг энэ удаад МАН-ын Ерөнхий сайдыг сонгож өглөө гэвэл бодит байдлаас хол зөрөхгүй биз.

Засгийн газраа огцруулахын өмнө МАН-ын даргад өрсөлдөнө гэдгээ хэвлэлээр зарлаж, ярилцлага өгсөн Шадар сайд У.Хүрэлсүхийн үгийг хэзээ мөдгүй Ерөнхий сайдаар томилогдох У.Хүрэлсүхийн чихэнд хүргэе. “Нийгэмд шударга ёсыг тогтоож, хууль хяналтын байгууллагыг улс төрөөс ангид байлгаж, баялгийн оновчтой хуваарилалт, төрийн стандарт тогтоох, үндэсний хөгжлийн загвар гаргаж, эдийн засгийн тэргүүлэх салбаруудаа тодорхойлох, Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаа шийдэх гээд түүхэн цаг хугацаа тохиож байна” гэж.

Эдийн засгийн хямралыг тогтворжуулах, багш, эмч нарын цалинг нэмэх, ‘Чингис’ бондын өрийг төлөх, гаднаас хөрөнгө оруулалт татах, томоохон төслүүдээ хөдөлгөх, Үндсэн хуулийг шинэчлэх, засаглалын хямралыг тогтворжуулах, хагарсан тогоогоо наах, задарсан намаа эвлүүлэх гээд эдийн засаг, нийгмийн захиалгуудыг шийдэж ачааны хүндийг үүрэх ээлж нь энэ удаад түүнд ногдов.

УИХ-аар шинэ засгийн асуудлыг хэлэлцсэний дараа Ж.Эрдэнэбатын зовлон дуусч, У.Хүрэлсүхийн зовлон жинхнээсээ эхэлнэ. Гитар бариад дуулах, бодлого хэрэгжүүлэх хоёр тэс өөр. “Морин дэл дээр дэлхийг эзлэх амархан, харин мориноосоо буугаад улсаа төвхнүүлэх амаргүй” гэгчээр мотоцикл унаад давхих сайхан ч, мотоциклоосоо буугаад, төрөө төвхнүүлэх хэцүү л байх болов уу, түүнд.

Долдугаар сараас хойш ам.долларын ханш зогсолтгүй өсч, ялангуяа хэрэглээнийхээ барааны 80 хувийг импортоор авдаг Монголд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх нөхцөл бүрдсэн. Дээр нь ОУВС-тай хамтарч эхлүүлсэн ажлаа шинэ Засгийн газар үргэлжлүүлэх нь тодорхойгүй, сангаас хоёр удаа санхүүжүүлсэн 440 сая ам.долларыг эс тооцвол хандивлагч орнуудаас буюу Хятад, Энэтхэг, Японоос өгөхөөр тохиролцсон 2-3 тэрбум ам.доллар нь  одоо ч Монголын дансанд орж ирээгүй л байна.

Гэтэл ирэх оны нэгдүгээр сард ‘Чингис’ бондын 500 сая, тавдугаар сард ‘Дим сан’ бондын 160 сая ам.долларыг Монгол Улс төлнө. Энэ гэрийн даалгавар У.Хүрэлсүхэд оногдсон. Хэрэвзээ Монгол Улс өрөө  төлөхгүй бол дефолт зарлахад хүрнэ. Иймээс шинэ Ерөнхий сайд болон түүний багийн өмнө томоос том сорилт хүлээж байна. Дээр нь багш нарын цалинг 1.6 сая болго гэж турхирч, хөөрөгдөөд суусан улстөрчид өөрсдөө ухсан нүхэндээ унаж үхэх эсэх нь харин сонирхолтой байна. Эдийн засгийн ямар ч боломжгүй, төсөвт цалин нэмэх хөрөнгө мөнгө алга байхад У.Хүрэлсүх ямар аргаар цалин нэмэх юм бүү мэд.

  Энэ өвөл хүйтнээс хүйтэн болохыг цаг агаар дохиолж буй агаад Монгол Улс өвлийг өнтэй давах нь ч бас түүнээс шалтгаална. Нэмээд Улаанбаатарын утаа айсуйг Ерөнхийлөгч болоод шинэ Ерөнхий сайддаа сануулчихад буруудах юун. Тэд өөрсдөө л ажил хийнэ гэж амалж гарч ирсэн шүү дээ. Хүлээлтэд гацсан Тавантолгой, Гацууртыг хөдөлгөж эдийн засгаа сэргээх амлалтыг МАН өнгөрсөн УИХ-ын сонгуулиар өгсөн. Энэхүү амлалтаа биелүүлэх, эдийн засгаа сэргээх гээд У.Хүрэлсүхийн хувьд түүхэнд нэрээ үлдээх үү, зөвхөн хананд зургаа хадуулах уу гэдгийг хүлээх л үлдэж байна. Сүх далайтал үхэр амгалан гэдэг. Далайсан сүх дагзан дээр буух буухгүй бас цаг хугацаа тун удахгүй бидэнд харуулна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж