С.Амарсайханы талаар мэдээлэхдээ зарим сайт ёс зүйгээ зөрчжээ

Хуучирсан мэдээ: 2017.09.26-нд нийтлэгдсэн

С.Амарсайханы талаар мэдээлэхдээ зарим сайт ёс зүйгээ зөрчжээ

Улс төрийн намууд намаржаалж, сонгуулийн дараа түр амсхийн тарга тэвээргээ аваад байна.

Moнголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн /МХМЗ/ Сонин, сэтгүүл, сайтын Ёс зүйн хорооны гомдол хэлэлцэх ээлжит хуралдаан 2017 оны есдүгээр сарын 19-ний өдөр болж, нийт 27 хэвлэл мэдээллийн байгууллага, 19 нийтлэлд хаягласан гурван иргэний гомдлыг авч хэлэлцлээ.

Нэг дэх гомдол:

Мэдээллийн erennews.mn, tug.mn, asuudal.mn, chuhal.mn, uptown.mn сайтуудад 2017 оны есдүгээр сарын 5-наас 8-ны өдрүүдэд иргэн С.Амарсайханы талаар мэдээлэл нийтлэгдсэн байна. Эдгээр нь нэр хүндэд нь халдсан, гүтгэлэг, явуулгын чанартай, үндэслэлгүй сөрөг мэдээлэл тараасан хэмээн үзэж иргэн С.Амарсайхан МХМЗ-д гомдол гаргажээ.

Энэ гомдлыг Ёс зүйн хороо авч хэлэлцээд дээрх сайтуудад нийтлэгдсэн зургаан нийтлэл нь мэдээллийг нягтлан шалгаагүй, эх сурвалжаар баталгаажуулаагүй, ам дамжсан таамаг ярианд үндэслэн бичигдсэн байна гэж дүгнэлээ. Тиймээс дээрх сайт Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.1 дэх заалтад “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ” гэснийг, 1.6 дахь заалтад “Баталгаагүй мэдээлэл, таамаглал, ам дамжсан яриаг таамаг хэмээн тодорхой дурдана” гэснийг, 1.8 дахь заалтад “Буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгоно” гэснийг тус тус зөрчсөн гэж дүгнээд еrennews.mn, tug.mn, asuudal.mn, chuhal.mn, uptown.mn нэрийг дурдаж, зөрчлийг олон нийтэд мэдээлэх шийдвэрийг гаргав.

Хоёр дахь гомдол:

Нэр бүхий 21 сайтад 2017 оны тавдугаар сарын 18-ноос 23-ны өдрүүдэд нийтлэгдсэн цуврал таван нийтлэлд хаяглан иргэн Б.А-аас ирүүлсэн гомдлыг авч үзээд дээрх нийтлэлүүдтэй холбоотой иргэний нэхэмжлэл прокурорт хянагдаж байгаатай холбогдуулан “Гомдол хүлээн авах, барагдуулах журам”-ын 3.5 дахь заалтыг үндэслэн уг гомдлыг хэлэлцэхийг түр хойшлуулах шийдвэр гаргалаа.

Гурав дахь гомдол:

Мэдээллийн ugluu.mn мэдээллийн сайтад 2017 оны дөрөвдүгээр сарын 7-ноос зургадугаар сарын 6-ны өдрүүдэд нийтлэгдсэн цуврал есөн нийтлэлд хаяглан иргэн Д.Б-аас ирүүлсэн гомдлыг нийтлэл тус бүрд нь зөрчсөн гэж үзсэн “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын заалт бүрээр иргэн Д.Б-аас тодруулж авахыг Ажлын албанд үүрэг болгож, дараачийн хуралдаанаар хэлэлцэхээр түр хойшлууллаа хэмээн МХМЗ-ийн Ажлын албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж