Хуучирсан мэдээ: 2017.09.26-нд нийтлэгдсэн

Уртаас урт "Намар"

Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ромео Жульетта” хотхоны орчим хүмүүс бөөгнөрч барилга руу дайрах гэж байна гэсэн мэдээллийн дагуу тус газарт очлоо.

Ачаа тэгнэсэн тэмээн жингийн цуваа, зэллэн нисэх тогоруудтай намар. Тээр тэнд тогорууд ганганаж, тэрүүхэнд морьд үүрсэнэ. Үл мэдэх гунигтай найгах зэгс, үлгэр мэт дурсамж, найр хайрын дуутай хүний орчлон, намар өөрөө тэр чигээрээ аялгуу ажгуу. Намрын налгар урт өдрүүд дунд намар цагийн тухай уртаас урт дурсамж хөөрөх уран зураг. Энэ зургийн нэр ‘Урт намар’. Зураач нь Т.Нурмаажав.

Тэрбээр Монголын уртаас урт намрыг, урт намар дундах хүмүүний амьдралыг шувуудтай нь, голтой нь, зэгстэй нь, хүлэг морьдтой нь, хөөрөх өвгөдтэй нь бүтээлдээ тэр чигээр нь багтаасан нь өөрийн эрхгүй сонирхол татлаа.

Цаашлаад гол мөрөн намуухан урсана. Орхон, Сэлэнгийн намар. Цэнхэртэн дуниартах, хадаг мэт сунан урсах Орхон, Сэлэнгэ мөрөн минь. Шав шар талыг, цэв цэнхэр өнгөөр чимэглэн урсах Орхон голын эрэг дээр ‘суугаад’ чиний тухай бодмоор, чив чимээгүй анир гүмхэн амьдармаар. Харах тусам бодол хязгааргүй алсыг зорино. Энэ зургийг Л.Оргилболд урлажээ.

 “Нартай бороо”, “Тэмцэл”, “Тэнгэрийн шүүдэр”, “Урин зүгт”. Та тэндээс салхийг, голыг, шүүдрийг цэцэгсийг, амар амгаланг мэдэрнэ. Монголын урчуудын эвлэлийн уран бүтээлчдийн дэлгэсэн уран зураг, уран баримал, керамик, монгол зураг, мастер хүүхэлдэй болон инстоляц бүтээлүүд олны нүдийг хужирлаж байна.

Мөн “Цагийн урсгал”, “Гийнгоо”, “Оршихуй” зэрэг зэс, гууль, эсгийгээр урласан уран баримал үзэсгэлэнг улам чимж байв. Намрын намарт дэлгэгддэг “Намар” үзэсгэлэнг та зориорой. Энэ удаагийн үзэсгэлэнд Монголын дүрслэх урлагийн ахмад болон залуу үеийн 74 уран бүтээлчийн 80 гаруй бүтээл  дэлгэгджээ.

Навчис хөглөрч, салхи сэрчигнэсэн намар, нартай бороо, урин салхи, ус мөрөн, тэнгэрийн шүүдэр дунд та алхмаар байна уу. Тэгвэл яг одоо Монголын урчуудын эвлэлийн уран бүтээлчдийн дэлгэсэн үзэсгэлэнг зорь.

А.Сүрэн

Гэрэл зургийг Э.Энхбат

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж