Пуэрто Рико арлыг дайрсан Мария хар салхины улмаас арал тэр чигтээ цахилгаангүй болж, их хэмжээний хохирол учирсан. Олны танил, алдартай одууд энэхүү гамшиг, хохирлыг давахад тусламжийн гар сунгаж байна.
Дуучин, жүжигчин Женнифер Лопез гэхэд Пуэрто Рико арлын иргэдэд яаралтай тусламжийн хэрэгсэл болон нэг сая ам.доллар хандивлаж байгаагаа мэдэгджээ. /2017.09.26/
Тэрбээр “Тэд Америкийн иргэд. Тэдэнд бидний тусламж хэрэгтэй. Мария хар салхи бол ойрын 90 жил тохиолдож байсан хамгийн хүчтэй салхи байлаа. Өөрийн зүгээс Лас Вегаст хийсэн шоуныхаа орлогоос нэг сая ам.доллар хандивлаж байна” гэжээ. Пуэрто Рикод хангамж зөөх хоёр нисэх онгоц хөөрөхөд бэлэн, үүргээ хүлээж байгаа аж.
Америкийн геологийн судалгааны төвийн мэдээлснээр хар салхины эрч гамшгийн гуравдугаар түвшинд хүрсэн бөгөөд Мария хар салхины улмаас амиа алдагсдын тоо 30 даваад байна.
Г.Түшиг