ДЭМБ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2017.09.26-нд нийтлэгдсэн

ДЭМБ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан өнөөдөр (2017.09.26) Монгол Улсад ажлын айлчлал хийж байгаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон Далайн Баруун бүсийн захирал, доктор Шин Ян-су тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан уулзалтын эхэнд доктор Шин Ян-суг Монгол Улсад тавтай айлчлахыг хүсээд, эртний андын ёсоор дахин уулзаж байгаадаа талархал илэрхийлэв. Мөн тэрбээр, ДЭМБ Монгол Улсын эрүүл мэндийн салбарын шинэчлэлт өөрчлөлтийг тууштай дэмжин, байнга туслалцаа дэмжлэг үзүүлдэг хамгийн чухал донор байгууллагуудын нэг. ‘Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал -2030” бодлогын баримт бичиг нь, ДЭМБ-ын “Нэг ч хүнийг орхигдуулахгүй” гэсэн зорилт, зорилготой нэг байгаа. Энэ удаагийн УИХ, Засгийн газар “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-төө эрүүл мэндийн салбарт хамгийн том зорилтуудаа тавьсан. Тухайлбал, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг батлан, амжилттай эхлүүлээд байгаа. Үүнийг 2020 он гэхэд амжилттай хэрэгжүүлж, элэгний С вирусын халдварыг зогсоож чадвал бүс нутаг дотроо сайн жишгийг тогтоох болно. Монгол Улсын Засгийн газраас халдварт болон халдварт бус өвчний эсрэг олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа. Манай улс гурван сая гаруй хүн амтай. Ийм хэмжээний хүн амд бодлого нь тодорхой, хэрэгжилт нь үр дүнтэй байвал эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүн нэг бүрт хүргэх бололцоотой гэдгийг онцлон дурдлаа. Тэрбээр цааш нь, Миний хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд парламентад сөрөг хүчний гишүүн байхдаа ч, Байнгын хорооны даргын хувьд ч эрүүл мэндийн салбарыг чухалд тооцож, бусад гишүүдийнхээ хамт энэ салбарт санаа тавьж, хувь нэмрээ оруулан ажиллаж ирсэн. Хэдийгээр Монгол Улсын Засгийн газар өөрчлөгдсөн ч МАН УИХ-д 65 суудалтай. Тиймээс өмнөх Засгийн газрын бодлого тогтвортой байж, гаргасан тогтоол, шийдвэрүүдээ амжилттай үргэлжлүүлэн хэрэгжүүлж ажиллана гэдгийг онцолж байлаа.

Монгол Улс 1962 онд ДЭМБ гишүүнээр элсэн орсноос хойш гурван удаа Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллажээ. Хамгийн сүүлд 2010-2013 онд Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр  ажилласан байна. Иймд Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан ДЭМБ-ын Номхон Далайн Баруун бүсийн хорооны чуулганы үеэр Монгол Улс Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр 2018-2021 он хүртэл ажиллах хүсэлтэй байгааг дэмжихийг доктор  Шин-Ян –сугаас хүслээ.

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал, доктор Шин Ян-су уулзалтын үеэр Байнгын хорооны даргатай дахин уулзаж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, УИХ-ын Байнгын хорооны даргаар ажиллах хугацаандаа манлайлан ажиллаж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиас эхлээд энэ салбарын томоохон хууль, тогтоомжийг эргэн харж, шинэчлэн баталсныг тэмдэглэн хэлэхэд таатай байгаагаа дурдав.

Мөн тэрбээр ‘Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал- 2030’ баримт бичгийг талархан хүлээн авснаа дурдав. Үргэлжлүүлэн, танай улс “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, 2020 он гэхэд элэгний С вирусыг устгах бүрэн бололцоотой. Энэ хөтөлбөрөө та бүхэн амжилттай хэрэгжүүлж чадвал бүс нутагтаа төдийгүй дэлхийд сайн жишгийг үзүүлсэн орон болно. Түүнчлэн Монгол Улс өмөн үү, зүрх судасны эмгэгээс болсон нас баралтын шалтгаан, үзүүлэлт өндөр байгаа. Энэ бүхэн хүн ам нь нэг газар олноор амьдардаг учир агаар, ус, хөрс зэрэг орчны бохирдолтой холбоотой. Энэ асуудал санааг минь зовоож байна. Иймд УИХ-ын гишүүд та бүхэн хүн амаа амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн шинэ бодлого, шинэ гаргалгаа, гарц гаргаж ажиллахыг хүсэж байлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж