Х.Нямбаатар: Бага хурал ардчилалтай болсон

Хуучирсан мэдээ: 2017.09.26-нд нийтлэгдсэн

Х.Нямбаатар: Бага хурал ардчилалтай болсон

Монгол Улсын филармони байгуулагдсаны 40 жилийн ойд зориулсан бас нэгэн материал бэлтгэлээ.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатараас МАН-ын Бага хурлын талаарх байр суурийг тодрууллаа.


-Бага хурлыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Бид Засгийн газрын үйл ажиллагааг болохгүй байна гэдгийг олж хараад, байр суурь нэгдсэн хүмүүс.

Өчигдрийн хурал бол ойрын үед болж байгаагүй ардчилалтай хурал болсон.

Засгийн газрын тэргүүнд гурван нэр дэвшигч өрсөлдөж байсан тохиолдол ер нь байдаггүй. Бага хурал нийт 310 гишүүнтэй, үүнээс 294 төлөөлөгч хүрэлцэн ирсэн. Энэ нь түүхэнд хамгийн өндөр ирцтэй, дотоод ардчилалтай хурал болсноороо онцлог юм. Бид өмнөх Засгийн газрын ололт амжилт, шинээр байгуулагдах Засгийн газар яаж ажиллавал 2020 онд иргэд сонгогчдын илтгэлийг олж авах вэ гэдэг шийдлийг хайсан хурал боллоо.

-Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхийг Бага хурлын гишүүдийн 60 гаруй хувь нь дэмжлээ. Гишүүд дэмжигчдийнхээ итгэлийг дааж ажиллах нь чухал байх. Тэгэхээр цаашид ямар бодлого баримталж, хэрхэн ажиллах ёстой гэж үзэж байна вэ?

-Засгийн газар хэрхэн ажиллах нь эхний 100 хоногт харагддаг. Гацаанд ороод байсан олон шийдвэрүүдийг ажил болгоосой гэж хүсч байна. Монголбанкийг 3,5 их наяд төгрөгийн алдагдалд оруулсан хүмүүс эрх чөлөөтэй явж байна. Чингис бондын олон тэрбум төгрөгийг идсэн хүмүүс чөлөөтэй явж байна. Энэ бүхэнд хариуцлага тооцож, төрийн өөрийнхөө ой санамжийг ашиглаасай. Үүнээс гадна Засгийн газрын хамгийн гол ажил бол эдийн засгаа сайжруулах шүү дээ. Тэгэхээр  эдийн засгаа эрүүл, тогтвортой өсөх боломжийг бүрдүүлээсэй. Урд, хойд хоёр хөрштэй адил түвшинд харилцаж байх нь чухал. Үүнээс гадна өрийн менежментийг дахин хийхээс өөр аргагүйд хүрсэн. Бид эдийн засгаа борц шиг хатааж байгаад өр ширнээсээ гарах юм уу, эсвэл өрийн менежментийг дахин хийж дарамтаас гарах уу гэдэг хоёр сонголтын өмнө байна. Хоёрдугаарт, төрийн урсгал зардлыг хэмнэж, орлогоо нэмэгдүүлэх бүхий л аргыг эрэлхийлэх ёстой. Мөн эдийн засгаа солонгоруулж, Тавантолгой гэдэг хэрүүлтэй газрыг нэг талд нь гаргаад төмөр замаа тавих ёстой. Зоригтой шийдэж, зөв шуурхай ажиллаасай гэж хүсч байна. 

-Засгийн газрыг огцруулах нэг үндэслэл бол концессын гэрээ болсон байх тийм үү? 

-Концесс бол хийгдэж болно. Гол нь шийдвэр гаргагчид өөрсдийн компаниудтай гэрээ хийсэн нь огцрох үндэслэл болсон. Барууны оронд бол нэг сайд албаны машинаар зусландаа хүргүүлээд, огцордог. Тэгэхээр өөрийнхөө компаниудад концессын гэрээ хийсэн гэдэг нь ёс зүйн хариуцлага хүлээх хангалттай үндэслэл болсон. Гэтэл хуучин Засгийн газрын концесс, шинэ Засгийн газрын концесс гэж матрын нулимс унагаж болохгүй. 

-Шинээр байгуулагдах Засгийн газар хэр зэрэг тогтвортой ажиллах бол?

-Засгийн газраа тогтвортой байлгах талаас бүх нөхцөлийг хангаж ажиллах ёстой. Иймд бүтэц бүрэлдэхүүнээ тогтвортой ажиллах талаас нь харж томилгоо хийгээсэй гэж хүсч байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж