Хөнгөлөлттэй зээлийн хоёр дахь шатыг хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.22-нд нийтлэгдсэн

Хөнгөлөлттэй зээлийн хоёр дахь шатыг хэрэгжүүлнэ

Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Ч.Хүрэлбаатар “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн төсөл”-ийн хоёр дахь шатны зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өчигдөр өргөн барилаа.

     Япон улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн төсөл” нь 2006 оны арванхоёрдугаар сараас эхэлж дөрөв дэх жилдээ хэрэгжиж байгаа юм. Энэ хугацаанд нийт 2.9 тэрбум иен буюу 40 орчим тэрбум төгрөгийн зээлийг Улаанбаатар хот болон 18 аймаг, суурин газрын 125 аж ахуйн нэгжид олгосноор нийтдээ 1233 ажлын байр шинээр бий болгожээ.

    Энэхүү зээлийн төслийн хоёр дахь шатыг хэрэгжүүлэхээр ЖАЙКА-гийн төлөөлөгчидтэй хамтран ажиллаж, энэ шатанд таван тэрбум иен буюу ойролцоогоор 60 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг 40 жилийн хугацаатай, үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил, жилийн 0.6 хувийн хүүтэй байхаар яриа хэлэлцээр хийж, нийт зээлийн эх үүсвэрээс 45 сая ам.долларыг жижиг,  дунд үйлдвэрийг дэмжих зориулалтаар, 10 сая ам.долларыг байгаль орчныг хамгаалах, үүний дотор Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр санхүүжилт хийхээр төлөвлөж байгааг сайд танилцуулав.

     Зээлийг олгох нөхцөл өмнөх төсөлтэйгээ ижил буюу нэг зээлдэгчид олгох зээлийн дээд хэмжээ 60 мянган ам.доллар, үндсэн хугацаа арван жил бөгөөд  гурван жилийн хугацаанд үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөхөөр тохиролцсон  байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж