Мьянмар улсын уул уурхай, байгалийн хий, газрын тосны салбарыг гадаадын хөрөнгө оруулагчид ихээр сонирхож байгаа аж. Тэр дундаа байгалийн хий, газрын тосны салбар хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байгаа тухай тус улсын Уул уурхай, байгалийн баялаг байгаль орчин хамгаалах яамны зөвлөх ноён Вин Хтен ярилаа.
Тэрбээр өнөөдөр /2017.09.26/ Туушин зочид буудлын “Сүлд” танхимд болж буй Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгаас хэрэгжүүлж буй Монгол, Мьянмар улсын туршлага солилцох хуралд оролцохоор ирсэн 10 төлөөлөгчийн нэг юм.
Ноён Вин Хтен ярихдаа “Манай улсын уул уурхай, байгалийн хий, газрын тосны салбарыг гадаадын хөрөнгө оруулагчид ихээр сонирхож байна. Тодруулбал уул уурхайн салбар харьцангуй бага буюу 20 лицензтэй. Үүний таван ашиглалтынх, 15 нь олборлолтын шатандаа явж байгаа. Монголын олборлох үйлдвэрлэлийн салбар Мьянмяр улсаас хамаагүй олон жил хөгжсөн. Харин манай улсад энэ салбар хөгжөөд хоёр, гуравхан жил болж байна. Тиймээс Монголын олборлох салбарын 10-аад жилийн туршлагаас туршлага судлах зүйл их бий” гэв.
Өмнө нь Монголд 2014 онд Мяньмар, Бьетнам, Лаос, Камбожи зэрэг Зүүн өмнөд Азийн төлөөлөгчид ирж, олборлох үйлдвэрлэлийн ил тод байдал гэж юу вэ, ямар ач холбогдолтой юм бэ гэдгийг судалж байжээ.
Мьянмяр улс 2014 онд олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагад нэгдэн орсон байна.
Хурлын үеэр Монголын мэргэжилтнүүд салбарынхаа хөгжлийн үр дүн, цаашид тавих бодлого, зорилтоосоо хуваалцаж байсан юм. Мөн өнгөрсөн 10-аад жилийн хугацаанд олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын гурван талт том ажлын хэсэг ажиллаж, цахимаар тайлан хүлээн авч, тусгай лиценз эзэмшигчдийн 90-ээс дээш хувь нь хамрагддаг, олон нутгийн салбар зөвлөлтэй болсон, аудитыг гадны компанитай хамтарч хийдэг болсон гээд ахицтай ажилласнаа танилцуулж байв.
Энэ талаар Уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа “Манай улс олон жил хэлбэрийн хувьд том үр дүнд хүрсэн. Харин Мьянмяр улс цэргийн дэглэмээс нээлттэй нийгэм руу шилжсэн улс. Одоогоор тус улсын газрын тос, уул уурхайн чиглэлийн төслүүд илүү хөгжиж байгаа юм билээ. Энэхүү хөгжлөө анхнаас нь зөв авч явахаар манай улстай туршлага солилцохоор ирээд байна. Манайд олборлох үйлдвэрлэлийн салбарын ил тод байдлын санаачлагын үндэсний хэмжээний тогтолцоо бүрдэж эхэлж байна. Энэ тогтолцоог хөгжүүлэх хоёр дахь шатны зорилтыг бодлоготойгоор хэрэгжүүлэх шаардлагатай байна” гэдгийг онцоллоо.
Монголын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын тайлангаас харахад 2015 онд 747 компани тайлангаа гаргаж байсан бол 2016 онд 1200 компани тайлангаа гаргасан байна. Харин Засгийн газар 2015 оны тайлангаа 1920 компаниас хүлээж авсан орлогоор гаргаж байсан бол 2016 оны тайлангаа 2087 компаниас хүлээж авсан орлогоор гаргасан байна.
Мэргэжилтнүүд энэ үзүүлэлтийг хэлбэрийн хувьд үр дүн гэдгийг хэлсэн юм. Тийм учраас дүр эсгэсэн хэрэгжилтээс татгалзаж, олон шалгуураар шигшигдсэн олборлолтын компанийн тайланг хүлээн авах шаардлага тулгарч байгааг хэллээ.
А.Сүрэн