Дотуур хувцасны дэлгүүрээс сонгосон хослолоо өмсөж үзэх гээд хувцас солих өрөөнд байх зуур дөрвөн настай охин маань ‘Аав заримдаа таны хөхний даруулгыг зүүдэг” гэв.
“Тийм үү? Хэзээ тэр вэ?” гэж гайхан асуувал, “Таныг унтаж байхад” гэсэн юм. Тэгснээ охин маань аав нь хэрхэн яаж хөхний даруулга зүүдэг, бямба гариг болгоны өглөө богино ханцуйтай цамцныхаа гадуур хөхний даруулга зүүгээд, гэрийн үүдэнд байрлуулсан жижиг трамполин дээр хэрхэн үсэрдэг тухай ярьж гарав. Орой болсон хойно ч охин маань ярьсан зүйлээ бат итгэлтэйгээр давтан ярьсан юм. Би ч багш нөхөртөө хэлээд, хэзээ нэгэн цагт тоглоом шоглоомоор ч атугай миний хөхний даруулгыг зүүж байсан эсэхийг нь лавлалаа. Хариулт нь мэдээж “үгүй” байв.
Бид охиноо шоолж, инээлдсэн ч сэтгэл дотор нэг тавгүй мэдрэмж төрөв. Хүүхэд зэмлэл, шийтгэлээс эмээхдээ, эсвэл ээж, аавдаа саймшрахдаа худал хэлэх үе бол байдгийг сайн ойлгож байв. Гэтэл миний охин ойр ойрхон, шалтгаангүйгээр, ор үндэсгүй зүйлийг зохиож, худал ярьдаг, хамгийн гол нь дараа нь худлаа ярьсан гэдгээ хүлээн зөвшөөрдөггүй байлаа. Ирээдүйд засаршгүй худалч, хуурмаг нэгэн болгож хүмүүжүүлж байгаа юм биш биз гэж бас шаналав. Эсвэл хүүхэд юм чинь аяндаа гайгүй болчихно, харин ч бүтээлч сэтгэхүйтэй байна гэж өөрийгөө тайвшруулах гэж ч оролдов. Үнэндээ бол би яах учраа олохгүй байсан юм.
Тэгээд сэтгэл зүйчид хандав. Охины минь худлаа ярьдаг тухай түүхийг уншаад Мэрилэнд мужийн хүүхдийн сэтгэл зүйч Майкл Броди надад тун товчхон бөгөөд тодорхой хариу илгээсэн юм. “Охинд чинь ямар ч буруу, муу зүйл байхгүй. Бага насны хүүхдүүд үнэн бодит ба зохиомол хоёрын ялгааг ойлгодоггүй” гэв.
Зарим талаараа сайны дохио ч байж бас болно. “Цэцэрлэгийн насныхан дотор сэтгэн бодох чадвартай, IQ сайтай хүүхдүүд худлаа ярих нь олонтаа байдаг” гэж Нью-Йоркийн сэтгэл зүйч Анжела Кроссман хэлсэн юм. Түүнчлэн бага насны хүүхэд оргүй зүйлийг зохиож ярих нь харилцааны өндөр чадвартайг илтгэдэг гэнэ.
Мэдээж, хүүхэд худлаа ярих нь эцэг, эхчүүдийн зүгээр нэг өхөөрдөөд, шоолоод өнгөрөх зүйл биш. Бүгд харилцан адилгүй. Аав, ээжүүд болгон хүүхдээ шулуун, шударга, зөв хүн болгож хүмүүжүүлэхийг хүсдэг. Тиймээс хүүхэд хөгжлийн ямар үедээ, хэдэн насандаа яагаад худлаа ярьдаг, энэ нь хэвийн эсэхийг мэддэг байх нь чухал.
Балчир нас /2-4 нас/: АНХНЫ ҮЛГЭР
Хоёр настай ихрүүдээс “Хэн хоолоо асгасан бэ” гэж асуухад хоёулаа хоёр бие рүүгээ заадаг. Тэд шийтгүүлэхээс зайлсхийхийн тулд худал хэлсэн байж таарна.
Бага насны хүүхэдтэй ээжүүд бүгд л хүүхэд ямар нэг хэмжээгээр худлаа ярьдаг гэдгийг баттай хэлж чадна. Тэд хийсэн зүйлээ үгүйсгэж, тарьсан хэргээ цайруулах гэж, эсвэл магтуулж, шагнуулах гэж тэгдэг.
Нэгэнт тэд өөрийнхөө буруу зүйл хийж байгааг бүрэн гүйцэт мэдэхгүй, ойлгоогүй байгаа тул худлаа ярилаа гээд загнаж, шийтгэх болохгүй. Хэрэв хоёр настай хүү тань муурын сүүлээс зулгаагаад, манай найз ч бас тэгдэг гэж хэлбэл хариуд нь “Тэр муур ч бас өвдөж байгаа” гэж хэлж, ойлгуулах хэрэгтэй.
Түүнчлэн “Энэ ваарыг чи хагалсан уу” гэхийн оронд “Энэ хар даа, ваар хагарчхаж” зэргээр яриагаа эхлүүлээрэй. Анхнаасаа ууртай, загнасан өнгөөр яривал хариуд нь худал үг сонсоно гэдэгтээ бэлтгэлтэй байгаарай.
Сургуулийн өмнөх /4-5 нас/: БИЕ ЖИЖИГ Ч, БЭЛЧЭЭР ТОМ
Аав нь хөхний даруулга зүүдэг талаар, бас хэнд ч харагддаггүй найз, эвэртэй мангас, ярьдаг солонго гээд сургуулийн өмнөх насныхны “ХУДЛАА” зүйл мундахгүй. Дөрвөн настай Люси айлын ганц охин боловч өөрийгөө найман эгчтэй, тэд нар нь бүгд нэртэй, тэдний талаар бүр түүх зохиож ярьдаг байв. Бас Люси л ганцаараа өдөр болгон ягаан даашинз өмсдөггүй, бусад эгч нар нь бүгд өдөр бүр ягаан даашинз өмсдөг гэж ярьдаг тухай аав, ээж нь хэлжээ.
Сургуулийн өмнөх насныхны зохиосон түүх нь ихэнхдээ тоглоом, эсвэл өөрийнх нь хүсэлтэй холбоотой байдаг гэнэ. Люсигийн яриагаар эгч нар нь заавал мөөг, брокколи идэх шаардлагагүй аж.
Тэд энэ мэт яриагаа баталж чадахгүй, гэхдээ өөрсдийнх нь төсөөллийн ертөнцөд бүгд үнэн байдаг. “Үүнийг яг ч худлаа зүйл гэж хэлж болохгүй” гэж хүүхдийн сэтгэл судлаач Бергер ярьжээ.
“Хэрэв таны хүүхэд аз жаргалтай, ойр дотнын хүмүүстэйгээ хэвийн харилцаатай байдаг бол түүний төсөөллийн ертөнцөд санаа зовох хэрэггүй. Телевиз бий болохоос өмнө хүүхдүүдэд ийм зүйл илүү их тохиолддог байсан” гэж Бергер эмч ярьсан байна.
Люсиг төрөхөөс өмнө өвөө нь хүнд өвчнөөр нас барсан гэдгийг олж мэдсэний дараа Люсигийн найман эгчийн зарим нь мөн нас барсан тухай ярих болсон гэнэ. Үүнийгээ яг л жинхэнэ, бодит болсон явдал мэт төсөөлөн ярьдаг байжээ.
Сургуулийн нас: ТЭДЭНД ШАЛТГААН БИЙ
5-8 насны хүүхдүүдийн хувьд гэм зэмгүй, бодлогогүй гэхээс илүүтэй ямар нэг шалтгаантайгаар худлаа ярьдаг. Шалтгаан нь ихэнхдээ ойлгож, уучилж болох зүйлс байдаг. Тухайлбал, аав, ээжийнхээ урмыг хугалахаас санаа зовохдоо, найзыгаа гомдоох вий гэхдээ, шийтгэл хүлээж загнуулахаас айсандаа худлаа ярих нь олонтаа. Математикийн хичээлдээ тааруухан бол математик дээр даалгавар өгөөгүй гэх мэт. Худлаа ярилаа гэж загнаж, түлхэхийн оронд шалтгааныг нь эхлээд сонсоорой.
Өсвөр нас: ХУДАЛ, ҮНЭНИЙ ДЭНС
Аймшгийн баярын үдэшлэгийн үеэр нөхөр маань зэргэлдээх байшин сүнстэй гэх түүх зохиож ярив. Эцэст нь, охид бүгд л тэр байшинг очиж үзэх тухай шаагилдав. Есөн настай охин маань хэдийн үнэн, худлыг ойлгодог болжээ. Гэхдээ завсарт нь бас ойлгомжгүй, “саарал” хэсэг тэдэнд байдаг аж.
Тэр саарал хэсэг өсвөр насныхны бие хүн болж төлөвшихийн эхлэл юм. Жилийн өмнөхөн л хоолны ширээний ард ээждээ нууцаа дэлгэдэг байсан охин амьдралынхаа нарийн ширийн зүйлсийг ярихаа болино. Гэтэл энэ тэдний буруу огтхон ч биш. “13, 14 настай атал аав, ээждээ бүгдийг нуулгүй ярьж байвал түүнийг өсөж торних хараахан болоогүй байна гэж үздэг” гэж хүүхдийн сэтгэл зүйч Броди ярьж байна.
Гэрийн даалгавар, шүд угаах, хувцас эвхэх зэрэг өдөр тутам давтагддаг зүйлсийн талаар худал хэлсний хариуд үглэж, янших нь ямар ч үр дүнгүй. Харин үргэлж худал ярьж, асуудлаас зайлсхийж байвал таны анхаарал зайлшгүй шаардлагатай болжээ гэсэн үг. Худал хуурмаг зүйл энгийн харилцаанаас эхлээд амьдралын хамгийн чухал зүйлсийг ч үгүй хийж мэдэх аюултай гэдгийг ярилцаж, ойлгуулаарай.
Эх сурвалж: PARENTING.COM
С.ЦЭЛМЭГ
Холбоотой мэдээ