Банкны салбарыг эрүүлжүүлэхэд АХБ тусална

Хуучирсан мэдээ: 2017.09.26-нд нийтлэгдсэн

Банкны салбарыг эрүүлжүүлэхэд АХБ тусална

Мальдивийн цагдаа нар улсынхаа дөрөв дэх Ерөнхийлөгч асан Мохамед Нашидийг өмнөд хэсгийн “Fares Mathoda” шүрэн арлаас баривчилсан байна.

Монгол Улсын эдийн засгийн гүйцэтгэл сайжирч, өсөлтийн хэмжээ хүлээлтээс давлаа гэж Азийн хөгжлийн банкнаас өнөөдөр /2017.09.26/ мэдээллээ. 

Монгол Улсын эдийн засаг 2016 онд 1.2 хувиар өссөн бол 2017 оны эхний хагаст 5.3 хувиар өсч, хүчтэй сэргэсэн байна. Эдийн засгийн өсөлтийг сайжруулсан үзүүлэлтийн нэг нь нүүрсний экспорт бол Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдсан нь мөн голлох нөлөө үзүүлжээ. 

Мөн энэ оны эхний хагаст төсвийн орлого 41.1 хувиар өссөнөөр төсвийн зарлага 9.6 хувиар өссөн ч алдагдал 34.1 хувиар буурч, ДНБ-ний 5.6 хувьтай тэнцжээ. 2017 оны эхний хагас жилд нүүрсний экспорт огцом нэмэгдэж, гадаад худалдааны ашиг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 69.5 хувиар өсч, урсгал дансны алдагдал 42.8 хувиар буурч, ДНБ-ний 5.6 хувьтай тэнцсэн аж.
Гадаад валютын албан нөөц зургадугаар сарын эцсийн байдлаар 2016 оны эцсийнхээс өөрчлөгдөөгүй буюу 1.6 тэрбум доллар байгаа нь 2.6 сарын импортын дүнтэй тэнцсэн. Ингэснээр оны эхнээс зургадугаар сар хүртэлх хугацаанд төгрөгийн ханш ам.долларын эсрэг 5.6 хувиар чангарчээ. 

Инфляци эхний хагас жилд дунджаар 3 хувьтай байсан нь 2016 онд төгрөг суларч импортын өндөр үнээр дамжин үнийн өсөлтөд нөлөөлж эхэлсэнтэй холбоотой гэж үзэж байна. Гэхдээ Түлшинд тавигдсан Онцгой албан татвар түлшний үнийн өсөлтөд нөлөөлөөгүй учир инфляци цаашид буурах боломжтой гэж тооцжээ. 

Мөн Азийн хөгжлийн банк Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг энэ онд 4 хувь болно гэж тооцсон бол 2018 онд 3 хувь, инфляци энэ онд 3 хувь, ирэх онд 3.4 хувь, төсвийн алдагдал энэ онд -6.4 хувь, ирэх онд -8.5 хувьтай гарах болов уу гэсэн төсөөллийг гаргажээ. 

Хэвлэлийн бага хуралд Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Еланда Фернандез Ломмен, Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Деклан Магий, эдийн засагч Л.Амар нар оролцлоо. 


Банкны салбарыг эрүүлжүүлэхэд ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ
 

Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа

 

-Азийн хөгжлийн банк 2017 онд Монголын эдийн засгийн өсөлт 4 хувьтай гарна гэж тооцжээ. Эдийн засгийн өсөлтөд аль салбар хамгийн их нөлөө үзүүлж байна вэ?

АХБ-ны суурин төлөөлөгчийн газрын эдийн засагч Л.Амар: -Барилгын салбар,  уул уурхайн салбар өөрөө уналттай байгаа. Уул уурхайн салбарын уналт нь зэсийн баяжмалын агууламж, алтны агууламж буурсантай холбоотой. Барилгын салбарын уналт нь илүүдсэн нийлүүлэлтийн улмаас буцаад зах зээлийн зохицуулалт хийгдэж байна. Хөдөө аж ахуйн салбар өсөлттэй, аж үйлдвэрийн салбар сэргэсэн, үйлчилгээний салбарын өсөлт нэмэгдэх хандлагатай байгаа зэрэг нөлөөлсөн.  Нүүрсний экспорт өссөнөөр тээвэр өссөн нь нөлөөлсөн.

-Монгол Улс Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдсанаар Азийн хөгжлийн банк мөн санхүүжилт олгож  байгаа. Энэхүү санхүүжилт юунд зарцуулагдаж байна вэ?

Еланда Фернандез Ломмен: -Азийн хөгжлийн банк нь Олон улсын валютын сангийн  хөтөлбөрийн нэг оролцогч нь. Биднээс олгох санхүүжилт нь хамтын ажиллагааны хүрээнд олгогдох санхүүжилт юм.  Монгол Улсын Засгийн газрыг дэмжих зорилгоор санхүүжилт олгож, хамтран ажилладаг. Өмнөх санхүүжилт төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зарцуулагдаж байсан бол одоо тодорхой өөрчлөлт ороод 50 хувь нь төсвийн дэмжлэг хэлбэрээр, үлдсэн 50 хувь төсөл хөтөлбөр санхүүжүүлэхэд зарцуулагдаж байна. Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд эдийн засаг бэхжих шаардлагатай учраас төсөл хөтөлбөрүүдэд зарцуулах нь ач холбогдолтой гэж харж байна. Хөтөлбөрийн хүрээнд Азийн хөгжлийн банк 100 сая ам.долларын санхүүжилт олгож байгаа. Түүнийг банкны салбарыг эрүүлжүүлэх, бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд зарцуулна. Мөн нийгмийн халамжийн тогтолцоог бэхжүүлэх, хүн амын эмзэг хэсэгт дэмжлэг туслалцаа үзүүлэхэд зарцуулна. Дараагийн удаа олгогдох санхүүжилт дээр мөн ажиллаж байна. Үүнээс гадна боловсролын салбарт, 30 бага сургуулийн цогцолбор баригдана, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжсэн томоохон төсөл хэрэгжинэ.  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ур чадвар олгох, ингэснээр нийгэмших, бусдын адил ажиллаж хөдөлмөрлөх нөхцөлийг бүрдүүлэх юм.

-Ирэх оны нэгдүгээр сараас эхлээд Монгол Улс Чингис бонд болон бусад бондын төлбөрт зориулж нийт 650 сая ам.долларыг гадаад төлбөрт хийх ёстой.  Ямар аргачлалаар энэ төлбөрийг барагдуулах нь зөв гэж харж байна вэ?

Л.Амар: -Төсвийн зардлаа бууруулж,  төсвийг ашигтай баталж, нөөц бүрдүүлж байж эргэн төлөлт хийх бололцоо бүрдэх ёстой. Харамсалтай нь,  одоогоор нөөц бүрдүүлэхэд хүндрэлтэй учраас өндөр хүүтэй зээлээ бага хүүтэй санхүүжилтээр санхүүжүүлэх боломжийг хангахаас аргагүй байна. Ойрын хугацаанд нөөц бүрдүүлээгүй учраас дахин санхүүжилт хийгдэх байх. Өрийн дарамт үүсээд байгаа нөхцөлд энэ нь хүчтэй дарамт өгнө.  Аль болох нөөц бүрдүүлж, төлбөрийг хийх боломж бүрдүүлэх ёстой.

-2018 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргэх хандлага байна уу. Энэ оны найман сарын байдлаар Монгол Улсад 650 сая ам.доллар гадаадын шууд хөрөнгө оруулалтаар дамжиж орж ирсэн ч зөвхөн 500 сая ам.доллар нь Оюутолгойтой холбоотой. Асар их өртэй, төсөв өндөр алдагдалтай байгаа үед гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргэхгүйгээр дарамт буурахгүй гэж эдийн засагчид хэлж байна?

Деклан Магий: –Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдалд гадаадын хөрөнгө оруулалт чухал үүрэг гүйцэтгэнэ. 2017 онд орж ирж байгаа хөрөнгө оруулалт гол төлөв уул уурхайн салбарт байна. Төлөвлөгдсөн хөрөнгө оруулалт орж ирж байгаа нь сайн хэрэг. Жишээ нь Оюутолгойн хөрөнгө оруулалт орж ирлээ. Ирэх жил 1 тэрбум орчим ам.доллар орж ирэх байх. Эдийн засгийн өсөлт 4-3 хувь байна гэж таамаглаж байгаа нөхцөлд гадаадын шууд хөрөнгө оруулалтын үзүүлэх нөлөө асар их байх нь чухал.

-Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкуудад активын үнэлгээ хийж эхэлсэн. Зөв ажил уу?

Еланда Фернандез Ломмен: -Банкны салбарт санаа зовохуйц асуудлууд харагдаж байгаа учраас үнэлгээ хийгдэж байна. Чанаргүй зээлийн хэмжээ өссөн. Банкны салбарыг эрүүлжүүлэх шийдлийг олж харахын тулд суурь нөхцөлөө олж харсан байх ёстой. Тийм учраас үнэлгээ хийгдэж байна. Шаардлагатай гэж үзвэл шийдлийг хэрэгжүүлэх ёстой юм.

Г.ДАРЬ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж