Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин геологи уул уурхайн хяналтын газар болон Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газрууд өчигдрөөс /2017.09.25/ эхлэн нэг сарын хугацаанд “Иргэн бүр эрсдэлгүй орчинд” сарын аяныг зохион байгуулан ажиллаж байна.
Сарын аяны хүрээнд мэргэжлийн хяналтын байгууллагаас иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад зориулсан сургалтуудыг зохион байгуулах, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж мэргэжил арга зүйгээр хангах, байгууллагуудын дотоод хяналтыг сайжруулах дэмжлэг туслалцаа үзүүлж, мэргэжлийн удирдлагаар хангахад чиглэгдсэн дараах томоохон ажлуудыг төлөвлөн, хэрэгжүүлж байна.
- “Зөрчлийн тухай”, “Зөрчлийг хянан шийдвэрлэх тухай”, Эрүүгийн тухай, “Эрүүгийн байцаан шийтгэх тухай” хуулиудыг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлаар мэдлэг мэдээлэл өгөх, захиргааны хэрэг бүрдэлтийг хийх арга аргачлал, анхаарах асуудлын талаар гарын авлага гаргах;
- Нийслэлийн Их дээд сургуулиудын чиглэлийн оюутнуудад “Байгаль хамгаалал-Цацрагийн аюулгүй байдал” сэдэвт үзүүлэх таниулах сургалт хийж, постер шторк хийх уралдаан зарлаж урамшуулах;
- Ерөнхий боловсролын дунд сургуулиудын физикийн багш нарт зориулан “Цөмийн технологийн хэрэглээ, дэлхийн чиг хандлага, цөмийн болон цацрагийн аюулгүй байдал” сэдэвт сургалтыг зохион байгуулах;
- Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй шүдний эмнэлгийн ажилчдад “Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал” сэдэвт сургалт зохион байгуулах;
- Ой бүхий аймгуудын мод, модон материалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдэд стандартын хэрэгжилтийг хангуулах үзүүлэх сургалтыг салбарын хэмжээнд хийх;
- Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдэд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх сургалтыг зохион байгуулах;
- Химийн хорт болон аюултай бодис ашиглах, импортлох , тээвэрлэх, худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжүүдэд хууль эрх зүйн орчныг сурталчлах үзүүлэх сургалтыг зохион байгуулах;
Мөн сарын аяныг угтаж “Байгаль орчин геологи уул уурхайн хяналтад хүний эрх, хууль дээдлэх зарчмыг хангах нь” “Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг сурталчлах”,“Байгалийн цацраг идэвхт материалд тавигдах цацрагийн хяналт” сэдэвт үндэсний сургалтуудыг тус тус зохион байгууллаа.
Эх сурвалж: МХЕГ