Хөгжлийн банкны дүрмийн сангийн хөрөнгийг төсөвт суулгажээ

Хуучирсан мэдээ: 2011.01.22-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банкны дүрмийн сангийн хөрөнгийг төсөвт суулгажээ

УИХ-аас батлан гаргасан томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд Монгол Улсын Засгийн газар Хөгжлийн банк байгуулахаар төлөвлөж, хуулийн төсөл боловсруулсныг УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар авч хэлэлцлээ. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын эдийн засагт уул уурхай тэргүүлэх нөлөө үзүүлж, эдийн засгийн тэлэлтийг бий болгох болсон. Гэвч эдийн засгийн чадавхи сул, бусад салбарын өрсөлдөх чадвар туйлын муу байгаа нь, гадаадаас орж ирж байгаа асар их мөнгөний урсгалыг шингээх боломжгүйд хүргэж буй аж. Нөгөө талдаа авто зам, төмөр зам, 100 мянган айлын орон сууц хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхгүйгээр улс орны нийгэм, эдийн засаг хөгжих бололцоо харагдахгүй байгаа. Тиймээс гадаад орнуудын туршлагад үндэслэн тэдгээр том хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн тулд гол санхүүжүүлэгч нь Хөгжлийн банк байхаар тооцож, төсөл боловсруулаад буй нь энэ юм. Мөн өнөөдөр Монгол Улсын хэмжээнд арилжааны 10 гаруй банк үйл ажиллагаа явуулж байгаа ч тэдгээрийн зээлийн хүү өндөр, хугацаа богино байгаа нь томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хүндрэл учруулах аж.

Хуулийн үзэл баримтлалд тусгаснаар Хөгжлийн банк нь статусын хувьд төрийн өмчийн банк байна. Гадаадаас зээл авахад баталгааг нь Засгийн газар гаргана. Банкны өөрийнх нь хөрөнгийг улсын төсөв болон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн өмчид ногдох хувьцааны зохих хэсгээр бүрдүүлэх бол Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдийг Засгийн газраас томилж, гүйцэтгэх удирдлагыг олон улсад нээлттэй сонгон шалгаруулж Төлөөлөн удирдах зөвлөл нь томилохоор заажээ. Харин банкны дүрмийн санг 16 тэрбум төгрөг байхаар тусгасан, энэ нь 2011 оны Монгол Улсын нэгдсэн төсөвт суулгасан мөнгөн дүн. Цаашид дүрмийн санг жил бүр өсгөж, доод хязгаарыг 100 тэрбум төгрөгт хүргэхийг зорьж байна. Хэрвээ дүрмийн санг энэ хэмжээнд хүргэхгүй бол томоохон хөрөнгө оруулалтын ажлуудыг хэрэгжүүлэх бололцоогүй болно гэж үзэж байгаа юм. Учир нь УИХ-аас баталсан “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд гэхэд л Засгийн газар 18.1 их наяд төгрөгийг 2016 он хүртэлх хугацаанд зарцуулах болж буй. Түүгээр 100 мянган айл орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ 2014 оноос эхлэн Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийг утаагүй түлш хэрэглэдэг болох, хорт утаа ялгаруулж байгаа тээврийн хэрэгслийг газад шилжүүлэх, аймгуудыг хооронд нь авто замтай холбох, зарим аймгийг хилийн боомттой холбох авто замын ажлуудыг гүйцэтгэхэд зарцуулна.  Өөрөөр хэлбэл, эдгээр ажлууд нь урт хугацааны дараа үр ашгаа өгөх учраас Хөгжлийн банкаар дамжуулан тэдгээрийг гүйцэтгэхээс аргагүй аж.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн “Хөгжлийн банкнаас санхүүжилт авах төсөл хөтөлбөрүүдийн жагсаалт гарсан эсэх, банк байгуулснаар жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж хэр бүрдэхийг лавлав.  Сангийн сайд С.Баярцогт: -Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийн жагсаалтыг Засгийн газар нарийвчлан гаргахаар хуулийн төсөлд тусгасан. Одоогоор манай улсад УИХ, Засгийн газрын түвшинд боловсруулагдаж батлагдсан 417 төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа. Эдгээрээс улс орны хөгжлийн тэргүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий, улс орны эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, нэмүү өртөг бий болгоход чиглэсэн тийм төсөл хөтөлбөрийг нэн тэргүүнд авч үзнэ. Үндсэн том төслөө хэрэгжүүлээд эхэлбэл төр засгийн оролцоогүйгээр жижиг дунд үйлдвэрүүд хөгжих боломжтой юм гэв.

УИХ-ын гишүүн Ц.Батбаяр:- Зоос банкийг хэргээр дампууруулж Төрийн банк байгуулсан. Төрийн мэдэл дэх банкаараа дамжуулан яагаад энэ томоохон төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлж болдоггүй юм бэ. Төр хэчнээн банктай болох гээд байгаа юм бэ?

Сайд С.Баярцогт:-Монголбанкнаас “Зоос” банкны үйл ажиллагааг зогсоож, Төрийн банк байгуулсан нь алдагдлын хэмжээг бууруулах зорилгоор авсан арга хэмжээ. Мөн бусад банкуудад муу нөлөө үзүүлэхээс сэргийлсэн. Тодорхой хугацааны дараа энэ банкийг хувьчилна. Харин Хөгжлийн банк нь арилжааны банкны адил хадгаламж төвлөрүүлэхгүй, арилжааны банкуудтай өрсөлдөхгүй. Тайлан мэдээллээ Монголбанкинд гаргаж өгөх үүрэгтэй, сангийн бодлогын үүднээс Монголбанк мөнгөн хөрөнгийн урсгалд нь хяналт тавих үүрэгтэйгээр ажиллана.
Ийнхүү гишүүд Хөгжлийн банк байгуулахтай холбоотой асуудлаар Сангийн сайд С.Баярцогтоос сонирхсон асуултдаа хариулт авч, дууссаны дараа саналаа хэлж, улмаар санал хураалт явуулахад, гишүүдийн олонхи нь “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төслийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж