“Намуун ЗЭТ” продакшны найруулагч З.Батбилэгтэй ярилцлаа. Түүнийг телевизийн урлагийн нэрт мастеруудын нэг, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Золжаргалын том хүү гэдгээр нь сайн мэдэх биз. Тэрбээр Төрийн соёрхолт, зохиолч Ч.Ойдовын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан баримтат хөрөг нэвтрүүлгийг бэлтгээд тун завгүй явсан юм. Ийн аав, хүү хоёрын хамтын “Намуун ЗЭТ” студид зочилж, түүнтэй яриа өрнүүллээ.
БАРИМТАТ КИНОГООР ДАГНАСАН СТУДИ
-Студийн маань нэр “Намуун ЗЭТ”. Харин “Zoljargal аnd son” нь бидний уран бүтээлийн нэг ёсны тамга гэсэн үг л дээ. Аав бид хоёр студиэ анх 2005 онд байгуулсан юм. Би тухайн жил дөнгөж их сургуулиа төгсөж байсан. Тэгээд л аав маань “Баримтат киноны студитэй болъё” гэдэг санааг анх гаргасан даа. Өвөө минь бас баримтат кинотой амь, амьдралаа холбосон уран бүтээлч байсан учраас энэ чиглэлээр дагнасан студитэй болж, уран бүтээл хийхээр шийдсэн. Яваандаа студи маань баримтат кино түлхүү хийж, нөгөө талаар мэргэшиж, дагнасан. Бас нэвтрүүлэг, дууны клип хийдэг. Студийн нэрний хувьд “Намуун” гэдэг нь З.Намуунбилэг дүүгийн маань нэр. Золжаргалын “З” үсэг тэгээд л өгүүлбэрээ төгсгөөд “ЗЭТ” гэж нэрлэсэн. Бид анх 10 дугаар хороололд байрлах “Тэнгэрийн хишиг” компанийн гурван давхарт нээж байлаа. Тус компанийн захирал Р.Мягмарсүрэн ах аавын багын найз учраас дэмжлэг үзүүлж, байсан юм. Бид анх студи нээчихээд, яаж хоосон орох вэ гээд хажуугийн дэлгүүрээс улбар шар өнгийн ваар худалдан авч байсан санагдана. Тэр цагаас хойш өдийг хүртэл 12 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Анх студийнхээ үйл ажиллагааг гурвуулаа эхэлж байсан. Одоо есүүлээ болж, хамт олон маань өнгөрсөн хугацаанд 300 гаруй бүтээл хийжээ.
СЭТГҮҮЛЧ, ЗУРАГЛААЧ БОЛОХОД ӨВӨӨГИЙН НӨЛӨӨ ИХ
-Би 2005 онд Кино урлагийн дээр сургуулийг сэтгүүлч, зураглаач мэргэжлээр төгссөн. Энэ мэргэжлийг сонгоход өвөө маань голлон нөлөөлсөн гэж хэлж болно. Би Америк руу эмчилгээнд явж ирчихээд, Компьютерийн техник, менежментийн сургуульд суралцах бодолтой байлаа. Гэтэл өвөө маань Кино урлагийн дээд сургуулийн анхны захирлаар ажиллаж байсан учраас хүүгээ өөрийнхөө сургуульд суралцуулах хүсэлтэй байсан юм билээ. Тэгээд л би Кино урлагийн дээд сургуульд суралцаж, сургуулиа төгсөөд аавынхаа шавь болон дүү нартайгаа хамтран студийнхээ ажлыг хийж байна.
МИНИЙ БАГА НАС МОНТАЖИЙН ӨРӨӨНД ӨНГӨРСӨН
-Миний хоёр талын өвөө хоёулаа “киноны хүмүүс”. Ээжийн маань аав Ц.Жамбал гэж хүн байсан. Нагац өвөө маань монгол киноны нэртэй найруулагч Д.Жигжид гуайн зургийн даргаар ажиллаж байсан. Харин аавын маань аав Ч.Гомбо кино найруулагч, зохиолч хүн. Мөн ээжийн маань төрсөн ах бас киноны зураглаач мэргэжилтэй хүн байсан. Тиймээс миний бага нас телевизийн монтажийн өрөө, Кино үйлдвэр дотор өнгөрсөн дөө. Би нагац ахаа дагаж, нэлээд хэдэн удаа кино зураг авалтад явж байсан. Бас өвөөгөө дагаж Кино үйлдвэрт очихдоо кино хальсны гол буюу бобиноор их тоглодог байснаа санадаг юм. Бага байхдаа аавыгаа телевиз дээр монтаж хийхэд нь хамт суугаад, хононо. Тухайн үед монтаж хийхэд шугаман монтажаар явдаг байсан. Дууг нь нааш цааш гүйлгэхээр дуу нь жингэнэж урсаж дугардаг. Тэр дууг нь одоо хааяа нэг сонсохоор их дотно сонсогддог шүү.
ХЭНТИЙ АЙМГИЙН ДУУЧИН ХҮҮГИЙН ТУХАЙ БАРИМТАТ НЭВТРҮҮЛЭГ ХИЙНЭ
-Одоо студийн хувьд төлөвлөгөөт ажлуудаа хийгээд явж байна. Уран бүтээлийн хувьд Төрийн соёрхолт, зохиолч Ч.Ойдов гуайн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан баримтат хөрөг нэвтрүүлгийг хийгээд ид дундаа явж байна. Цаашдаа манай багийнхан Хэнтий аймагт амьдардаг дуучин хүүгийн тухай баримтат нэвтрүүлэг хийхээр төлөвлөсөн байгаа. Уг баримтат нэвтрүүлгийн нэлээд хэсгийн зургийг авчихсан байгаа. Мөн төлөвлөсөн хэд хэдэн баримтат киноны ажлууд байна. Зарим нь төлөвлөгдөөд цаг үеэ хүлээж буй бол зарим нь улирал дамнаж зураг авах шаардлагатай учраас хүлээгдэж байна даа.
Ерөнхийдөө баримтат киноныхоо гол дүрийн баатруудыг янз бүрийн байдлаар л сонгодог. Зарим нэгийг нь төлөвлөөд очиж уулзаж байхад санаандгүйгээр гол дүрээ олох ч тохиолдол гардаг. Бас студийн ажлаар захиалгын кино хийж байх үеэр гол дүрээ олж хараад, дэлгэрүүлж уран бүтээл болгох тохиолдол ч бий. “Тайгын дууч” баримтат киноны гол дүр болох Н.Цогбадрах гуайн тухай анх нэвтрүүлэгч Б.Цоодол ах аавд хэлж, нэвтрүүлэг хийхээр болсон байх жишээтэй. Мөн “Тайгын жимээр цэцэрлэгтээ очно доо” хэмээх баримтат киноны тайгын багш Б.Хосчимэг багшийн талаар анх НҮБ-ын гэр цэцэрлэг төслийн хүрээнд хамтран ажиллаж байгаад зөвшөөрөл авч, гол дүрээрээ сонгосон.
ААВ МААНЬ УДАХГҮЙ УРАН БҮТЭЭЛДЭЭ ЭРГЭН ОРНО
-Аав маань бие ажлын хэт их ачааллаас болоод өвдсөн. Одоо тодорхой хугацааны эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Удахгүй уран бүтээлдээ эргэн орох байх. “Өвчин хэлж ирдэггүй, хийсэж ирдэг” гэдэг шүү дээ. Тиймээс уран бүтээлч хүн биеэ бодож байх хэрэгтэй юм шиг санагдсан. Миний хувьд тухайн цаг үед тусалсан олон хүмүүст талархсан сэтгэлээ илэрхийлмээр байна. Тэр дундаа П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасаг болон харвалтын тасгийн бүх эмч нарт талархсанаа илэрхийлье. Хүн бүр л санаа зовинож байсан. Бид эмнэлэг очихдоо цаг алдсан ч гэсэн эмч нар маань үнэхээр түргэн шуурхай арга хэмжээ авч, ажилласан. Мөн надтай телевизийн хамт олон болон захиргаа, шавь нар, найзууд нь санаа тавьж, өдөр бүр холбогдож байсан. Тэр их сайхан сэтгэлийн энерги нөлөөлсөн байх. Одоо аав маань эмнэлгээсээ түр гараад, гэртээ амарч байгаа. Цаашдаа үргэлжлүүлэн эмчилгээгээ хийлгэнэ.
ЭРСДЭЛТЭЙ СПОРТООС ТАТГАЛЗДАГ БОЛСОН
-Миний нуруу 1997 онд хүнд өвдөж эхэлсэн. Тухайн үед эмчилгээ маш хүнд 14 настай хүүхэд долоо хоногийн зайтай 12 цаг үргэлжилсэн гурван удаагийн хагалгааны ард гарна гэдэг бол бас л хүнд даваа шүү дээ. Хагалгааны дараа тэнхрэх гэж бас удсан. Ирээдүйд өвчин маань хүндрэх аюултай байсан учраас маш азтай тохиолдлоор Америк эмч нартай таарч, эмчлүүлэх болсон. “Улаанбаатар сан”-гийн шугамаар АНУ-ын Калифорни мужийн Венис дvvргийн эмч нарын баг Монголд ирэхэд нь одоогийн “Рехтус” компанийн захирал В.Ойдов, бид хоёроос гадна хоёр хүүхэд АНУ-д очиж эмчлүүлсэн юм. Саяхан өнгөрсөн дөрөвдүгээр сард В.Ойдов бид хоёр “Улаанбаатар сан”-гийн тухай кино хийхээр болж, ихэнх зураг авалтаа хийгээд байгаа. Энэ сангийн тухай баримтат кино маань ирэх онд гарах байх. Бидний зүгээс энэ киногоороо монголын ирээдүй болсон олон хүүхдэд тусалсан, сайхан сэтгэлт эмч нартаа талархлаа илэрхийлж буй юм. Одоо бол би бүрэн эдгэрсэн. Гэхдээ эрсдэлтэй спортоор хичээллэхээс бусдаар бол зүгээр л дээ /инээв/.
“ТУНГАЛАГ ТАМИР”-ЫН СОНГОМОЛ ХЭВЛЭЛИЙГ УНШААРАЙ
-Би оюутан байхдаа их ном уншдаг байсан. Сүүлийн үед ном унших нь харьцангуй багасчихаад байгаа юм. Хамгийн сүүлд Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир” романыг дөрөв дэх удаагаа уншиж дуусгалаа. Өмнө нь арван жилийн сурагч, оюутан байхдаа уншиж байсан ч энэ удаа Ч.Лодойдамба гуайн өөрийнх нь гар бичмэлээс шууд хөрвүүлж хэвлэсэн сонгомол хэвлэл учраас миний сонирхлыг илүү их татсан. Тухайн нийгмийн цаг үеэс хамаарч уг романы тодорхой хэсгийг хасаж, редакторласан байдаг. Тиймээс романы яг аль хэсэг нь хасагдсаныг мэдэх сонирхолдоо хөтлөгдөөд уншлаа. “Тунгалаг тамир” романаас хүмүүсийн мэддэггүй хасагдсан хэсэг байсан. Би 10 хоногийн өмнө уншиж дуусгасан. Залуус сонгомол хэвлэлийг нь нэг уншиж үзээрэй.
Монгол уран сайхны киноноос хамгийн сүүлд “Надаар тоглосон хайр” киног үзсэн. Би аль болох монгол уран бүтээлчдийнхээ хийсэн киног кино театрт үзэхийг хүсдэг. Уран бүтээлчдийнхээ киног үзэж, сэтгэгдлээ хуваалцан, баяр хүргэхийг боддог.
ӨВӨӨГИЙНХӨӨ АЖЛЫГ ЗАЛГАМЖИЛНА
-Энэ жил олон ажил давхцаад олон улсын кино фестивальд оролцож амжсангүй. Ирэх жил кино наадамд оролцохоор төлөвлөж л байна. Гэхдээ уран бүтээл хийж буй залуу хүнийхээ хувьд олон улсын фестивальд оролцож, заавал шагналын төлөө өрсөлдөх нь чухал биш. Тухайн кино наадамд оролцож байна гэдэг маань маш том урам зориг. Нөгөө талаар тэндээс суралцаж, цаашдаа ямар уран бүтээл хийх вэ гэдэг нь хамгийн чухал. Цаашдаа уран бүтээлч хүний хувьд олон улсад монголын киноны хөгжлийн нэрийн хуудас болсон бүтээл хийхийг хүсч явдаг. Өвөө маань баримтат кинотой амьдралаа холбосон уран бүтээлч байсан учраас энэ чиглэлээрх ажлыг нь үргэлжлүүлэх бодолтой байдаг. Мөн уран бүтээлээрээ нийгэмд өөрсдийн хувь нэмрийг оруулж, амьдралд нь урам зориг, гэрэл гэгээ, итгэл өгч байвал бид бүхний зорилго.