Газрын тос экспортлогч орнуудын байгууллага буюу ОПЕК, ОХУ болон газрын тос үйлдвэрлэгч зарим орнууд он гарснаас хойш газрын тосны үйлдвэрлэлээ өдөрт 1.8 сая баррелиар бууруулсан нь үнэ нь уначихсан байсан газрын тосны үнийг тогтворжуулахад нөлөөлсөн байна. Газрын тосны үнэ сүүлийн гурван сард 15 хувиар өсчээ. Талууд цаашид газрын тосны үйлдвэрлэлийг бууруулах замаар үнийн уналтыг тогтворжуулах гэрээг 2018 оны гуравдугаар сар хүртэл сунгах төлөвлөгөөтэй байна.
Ираны газрын тосны сайд Бижан Зангане хэлэхдээ “ОПЕК”-ийн хэрэгжүүлж буй арга хэмжээ маш оновчтой. Гэсэн ч зарим өөрчлөлт хийх шаардлагатай. Нэгдүгээрт “ОПЕК”-ийн бүх гишүүн орнууд газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээг бууруулах тухай гэрээнд 100 хувь хамрагдах ёстой. Хоёрдугаарт Нигери, Ливи зэрэг орнуудын газрын тосны үйлдвэрлэлийн түвшинг авч хэлэлцэх нь зүйтэй“ гэжээ. Ливи, Нигери зэрэг олон жилийн дотоодын самуун, мөргөлдөөний улмаас газрын тосны үйлдвэрлэл нь дөнгөж сэргэж буй ОПЕК-ийн орнууд үйлдвэрлэлийн хэмжээг бууруулахаас татгалзсан хэвээр байгаа юм. ОПЕК мөн Иранд газрын тосны үйлдвэрлэлээ бага хэмжээгээр нэмэгдүүлэхийг зөвшөөрсөн нь барууны эдийн засгийн хоригоос болж туйлдсан зах зээлийн байр сууриа эргүүлэн олж авахад чухал нөлөөтэй.
Туркийн засгийн газар өчигдөр (2017.09.25) Курдын автономит бүс тусгаар тогтнохоор бүх нийтийн санал асуулга явуулна гэсний хариуд шахалт үзүүлэх зорилгоор Иракийн хойд нутгаас хоолойгоор дамжуулан дэлхийн зах зээлд хүргэдэг газрын тосны нийлүүлэлтийг зогсооно гэж сүрдүүлсэн юм. Иракийн засгийн газар Курдын тусгаар тогтнолын асуудлаарх бүх нийтийн санал хураалтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дэлхийн улс орнуудаас Курдын түүхий нефтийг импортлохгүй байхыг уриалжээ. “Хэрэв Курдын эсрэг ийм бойкот хийвэл газрын тосны зах зээлд нийлүүлж буй түүхий нефть өдөрт 500,000 баррелиар буурна” гэж Коммерз банк мэдэгдсэн байна.
Кувейтийн газрын тосны сайд Эссам аль-Марзук өнгөрсөн баасан гаригт Вена хотод болсон сайд нарын уулзалтын үеэр газрын тосны үйлдвэрлэлийн хэмжээг бууруулах арга хэмжээ авсан нь нийлүүлэлтийн хэмжээ ихэссэнээс үнэ унасан явдлыг зогсоож, газрын тосны нөөцийг ОПЕК-ийн хүрэхээр зорьж буй таван жилийн дундаж түвшинд аваачихад чухал үүрэг гүйцэтгэж байна гэжээ.
Хэдийгээр ОПЕК-ийн зарим гишүүд газрын тосны үйлдвэрлэлийг бууруулах замаар дэлхийн зах зээл дэх үнийг тогтворжуулах тухай гэрээг энэ оны эцэс гэхэд сунгах шийдвэрт хүрнэ гэж таамаглаж байгаа ч ОХУ-ын эрчим хүчний сайд ирэх оны гуравдугаар сараас өмнө ямар ч шийдвэр гарахгүй гэж үзжээ.
Иран улс 2017 он дуустал өдөрт 2.6 сая баррель түүхий нефтийн үйлдвэрлэж, экспортолж байхаар төлөвлөж байгааг тус улсын газрын тосны төрийн өмчит компанийн албан тушаалтан хэлжээ.
Арабын нэгдсэн Эмират улсын эрчим хүчний сайд Сухаил аль-Мазруи хэлэхдээ тус улс ОПЕК-оос хэрэгжүүлж буй газрын тосны үйлдвэрлэлийг бууруулах арга хэмжээг 100 хувь дэмжинэ гэжээ.
Нигери улс ч мөн адил үйлдвэрлэлийг бууруулахаар амласан хэмжээнээс бага газрын тос үйлдвэрлэж байгаа ажээ.
ОПЕК газрын тосны үйлдвэрлэлийг бууруулж байгаатай зэрэгцэн АНУ занарын үйлдвэрлэлээ эрчимжүүлж эхэлсэн бөгөөд эрчим хүчний компаниуд газрын тосны цооногийн тоог бууруулж байгаа ажээ.
Орчуулсан Н.Энхтуяа