НИТХ-ын даргын суудлаа АН-д бэлэглэчихээч, МАН-ынхаан

Хуучирсан мэдээ: 2017.09.26-нд нийтлэгдсэн

НИТХ-ын даргын суудлаа АН-д бэлэглэчихээч, МАН-ынхаан

Монголын уран бүтээлчид Оросын сонгодог зохиолч Антон Павлович Чеховын мэндэлсний 152 жилийн ойд зориулан нэгэн шинэ дэлгэцийн бүтээлийг хийжээ.

-Өвөлжилтийн бэлтгэл, түлээ нүүрс, халаалт, агаарын бохирдол, утаа униар, цэвэрлэх байгууламж гээд өдөр тутмын чавганцын ажлаас гадна багш нарын ажил хаялт бас нэрмээс болж эхэллээ. Нэг хэсэг сийрэгжсэн замын түгжрэл буцаад л багширч орхисныг анзаарч байгаа төлөөлөгч байна уу-

Улс доторх улс болсон нийслэл Улаанбаатар хот удирдлагагүй болоод хэд хонолоо. МАН доторх хагарал УИХ-аас хальж, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал (НИТХ)-д халдварлав. НИТХ-ын XI хуралдаан өнгөрсөн долоо хоногийн Баасан гариг (2017.09.22)-т болж, НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн өргөдлийг хэлэлцэн, олонхын саналаар огцруулсан юм. Хэдийгээр хотын мэр, захирагч нь ажлаа хэвийн гүйцэтгэж байгаа ч Улаанбаатарын парламент болсон НИТХ удирдлагагүй болж үлдсэн нь энэ. 

НИТХ-ын 45 суудлын 34-т нь МАН-аас төлөөлөгч сонгогдсон байдаг. Үлдэж буй 11 суудал Ардчилсан намд оногдсон ч 34 суудал бол НИТХ-ын 76 хувьтай тэнцэнэ. НИТХ-ын дийлэнх олонхыг МАН дангаараа бүрдүүлж, асуудлыг олонхоороо шийдэх боломж бүрдсэн гэсэн үг. Гэтэл олуулаа болох тусмаа хүчгүйдэн тарамдах үзэгдэл НИТХ-д ч мөн халдварлажээ. Баасан гаригийн хуралдаанд НИТХ-ын 45 төлөөлөгчөөс 44 нь оролцсон бөгөөд ойрд бүрдээгүй өндөр ирцтэй хурал болсон юм. Гэвч харамсалтай нь Ц.Сандуйг огцруулахад санаа нэгдсэн МАН-ынхан орыг нь залгах хүнийг сонгохдоо тэг дундуураа хуваагдаж орхив. НИТХ-ын даргад төлөөлөгч С.Амарсайхан, Д.Баярсайхан нар нэр дэвшиж, нууц санал хураахад МАН-ын 34 төлөөлөгчийн санал хоёр нэр дэвшигчид ижил тэнцүү хуваагджээ. Харин Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгчдийн хувьд “Сандал ширээний асуудлаа олонх өөрсдөө шийдэг” гэсэн байр суурьтай байгаа юм. Тэд НИТХ-ын даргыг сонгоход оролцохгүй гэдгээ илэрхийлсээр байгаа нь МАН-ынханд хүнд цохилт болов бололтой. Өөрөөр хэлбэл, НИТХ-ын олонх МАН, цөөнх болсон АН-аас хамааралтай болж хувирч байна. 

Ц.Сандуй хос морьтой нэгэн байсан. Түүнд НИТХ-ын даргын зөөлөн сэнтийгээс гадна Нийслэлийн МАН-ын дарга гэсэн том сэтэр бий. Улсын талыг атгасан дайтай эрх мэдэл, дотоодын нийт бүтээгдэхүүний 70 хувьтай тэнцэх хэмжээний эдийн засаг түүний атганд багтаж байсан. Тийм ч болоод хуурамч гэж тогтоогоод байгаа 60 тэрбум бүрдүүлэх төлөвлөгөөнд голлох байр суурьтай оролцсон байж таарна. Хойшид НИТХ-ын дарга нь нийслэлийн МАН-аа тэргүүлэх үү, эсвэл эрх мэдлийг салгах уу гэдгийг одоогоор таашгүй. Магад талцаж буй хоёр тал харилцан тохиролцож, Ц.Сандуйн эрх хэмжээг хуваан авч ч болох билээ. Гэвч энэ бол жинхнээсээ МАН-ынхан өөрсдөө шийдэх дотоод асуудал.

Харин НИТХ-ын даргын хувьд хойшлуулшгүй шийдэхээс аргагүй чухал асуудал. Учир нь, Улаанбаатар хотын сая гаруй иргэдийн ахуй амьдралыг шийдэх НИТХ хуралдаж чадалгүй дөрвөн сар гаруй болж байна. Энэ хугацаанд хуримтлагдсан асуудлууд олон байгаагийн сацуу цаг үеийн асуудлууд ч шил даран шийдэл хүлээж байна. Намрын нар өдөр өдрөөр цаашилж, хүйтэн сэрүүний улирал хаалга тогших энэ мөчид сая гаруй нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудал олон бий. Өвөлжилтийн бэлтгэл, түлээ нүүрс, халаалт, агаарын бохирдол, утаа униар, цэвэрлэх байгууламж гээд өдөр тутмын чавганцын ажлаас гадна багш нарын ажил хаялт бас нэрмээс болж эхэллээ. Нэг хэсэг сийрэгжсэн замын түгжрэл буцаад л багширч орхисныг анзаарч байгаа төлөөлөгч байна уу. Он дуусахад тун чиг бага хугацаа үлдэж. Нийслэлийн ирэх оны төсөв, төлөвлөгөө боловсруулах, батлах гэдэг хугацаа шаардсан ажил НИТХ-ын төлөөлөгчдийг хүлээж байна. 

Сар тутам хуралдаад байхад л асуудал нь дундардаггүй НИТХ тавдугаар сараас хойш тэг зогссон. Арайхийж хуралдахаараа таг голоороо хуваагдаж, санал тэнцчихээд байгаа болохоор хайнаа хагалуулах гэж АН-ын 11 төлөөлөгчдөө сөгдөж мөргөхөд бэлэн байгаа аж. Гэвч АН-ынхан МАН-ынхны хов, хор дунд хутгалдах хүсэлгүй байгаа бололтой. Нэгэнт асуудлаа шийдэж чадахгүйд хүрсэн юм бол НИТХ-ын даргын суудлаа АН-д бэлэглэчихвэл яасан юм бэ. Сая давсан хүн амтай метролитан хотод дэглэм журам тогтоогчид дэгийнхээ дагуу хуралдаж чадахгүй, хуралдлаа ч асуудлаа шийдэхгүй хойшлуулсаар байгаа нь УИХ, НИТХ-д олонх болсон МАН-д засаглалын хямрал нүүрлэснийг гэрчилнэ бус уу. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж